Намуудын сонгуулийн хуулийн “тохироо”

2015-12-22 08:31:56

 

Өргөн баригдсанаасаа хойш “гацалтын” байдалд байсан Сонгуулийн хууль “амь” орлоо. Энэ долоо хоногт хуваарийн дагуу парламент сонгуулийн хуулийг яаравчилж батлахаар байна. Тиймээс долоо хоногийн эхэнд намын бүлгүүд сонгуулийн хуулийг хэлэлцлээ. Гэхдээ ямар шийдэлд хүрсэн талаараа АН, МАН болон МАХН, МҮАН-ынхан аль аль нь мэдээлэл хийсэнгүй. Үдээс хойш олон намын хамтарсан Сонгуулийн хуулийг батлах ажлын хэсгийнхэн завгүй хуралдлаа. Маргааш хуралдах Төрийн байгуулалтын байнгын хороогоор Сонгуулийн хуулийг хэлэлцэх учиртай. Эл хэлэлцүүлгээс өмнө Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн төвшинд бэлэн болгож, саналуудыг томъёолж нэгтгэх ёстой

 

УИХ дахь намын бүлгүүдээс Сонгуулийн хуулийг зохицуулсан гурван хуулийн төслийг өргөн барьсан. Эдгээр хуулиудыг нэгтгэж, нэгдсэн нэг сонгуулийн хуулийг батлах юм. Гэхдээ намын бүлгүүдээс өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд зарчмын олон том ялгаатай.

 

Тухайлбал, Р.Бурмаа нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулиар гурван өөр сонгуулийн хуулиудыг нэгтгэж, Сонгуулийн нэгдсэн хууль болгож буй. Түүнчлэн сонгуулийн саналыг автомат машинаар тоолох, хяналтын тооллогыг тодорхой хувиар нэмэгдүүлэх зэрэг тодорхойлолт бий. Харин МАН-ын гишүүн Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр автомат тооллогоос гадна гар тооллогыг заавал хийх ёстой гэж байгаа юм. Тогтолцооны хувьд хоёр том намын өргөн мэдүүлсэн төсөл зарчмын ялгаа байхгүй, өмнөх сонгуулийн адилаар 48:28-ын харьцаатай холимог пропорцианаль хувилбараар явна

 

Харин МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн тогтолцоог 38:38 болгож өөрчилье, үлдсэн 38 хүнийг тойргоос сонгохдоо өмнөх сонгуулийн адилаар томсгосон 26 тойргоос сонгоё гэж байгаа юм. Сонгуулийн хуулиудад аль аль намын бүлгүүд өөр өөрсдийн эрх, ашгаа хангахыг зорьсон зохицуулалт тусгасан. Эдгээрээс голыг нь олж, олон намууд зөвшилцсөнөөр Сонгуулийн хууль хуулийн хугацаандаа “мэндлэх” юм. Тэгвэл олон намуудын ашиг сонирхлын огтлолцол юу вэ. 

 

Өнгөрсөн хугацаанд МАН-ынхан автомат тооллогоос гадна заавал гар тооллого хийх ёстой гэж байлаа. Харин АН-ынхан гар тооллого шаардлагагүй гэж байсан. Хоёр зөрүүтэй саналыг тэнцүүлж, 30 хувьд нь санамсаргүй байдлаар хяналтын тооллого хийхээр тохиролцсон гэнэ. Мөн гар тооллого болон автомат машины тооллого зөрсөн тохиолдолд автомат тооллогын дүнг баримтална гэж байгаа аж. МАХН, МҮАН-аас пропорцианаль хувийг 38:38 болгох санал гаргаж байгаа ч урьдчилсан байдлаар пропорцианаль хувийг өөрчлөхгүй гэж үзэж байгаа юм байна.

 

Тодруулбал, 28-ыг жагсаалтаар, 48-ыг тойрогт сонгох хувилбар хэвээр хадгалагдана. Гэхдээ 28-ын жагсаалтыг бүсчилсэн байдлаар, дөрвөн хэсэгт хуваахаар тохирсон гэнэ. Өмнө нь Ховд аймагт нэг гишүүн тойрогт нэр дэвшээд яллаа гэхэд жагсаалтаас автоматаар 1-2 гишүүн орж ирэхээр зохицуулалттай байсан. Үүнийг бүсчилснээр тухайн бүсэд авсан нийт саналын тоо 20 хувиас дээш гарвал жагсаалтаар гишүүн сонгогдох “хайрцаг”-нд оруулж байгаа юм байна.

 

Шинээр мэндлэх сонгуулийн хуулийн дүр төрх нэг иймэрхүү байна. Гэхдээ сонгуулийн хуулийг батлахад парламентад ердөө хоёр долоо хоногийн хугацаа үлдлээ. Хэрэв тохиролцож чадалгүйгээр, аль нэг бүлэг нь завсарлага авчихвал хуулийг батлахад улам л хэцүү болно. Ядахад гурван хуулийг нэгтгэх ажлын хэсэг дөнгөж өчигдрөөс л хуралдаж эхэллээ. Ажлын хэсгийн төвшинд хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол энэ долоо хоногийн хэлэлцэх асуудалдаа ч багтаж чадахгүй.

 

Ер нь бол АН-ынхан өнгөрсөн хугацаанд “Сонгуулийн хуулийг өөрчилж, батлах шаардлагагүй” гэх байр сууриа илэрхийлээд амжсан. Тэгэхээр хэлэлцүүлгийн явцад завсарлага авахгүй гэх газаргүй. Харин дараа нь АН-аас гадна “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авчихвал сонгуулийн хуулийг хугацаанд нь багтаж өөрчлөх боломжгүй болно. 

 

Л.Энхдэлгэр 


Нүүр хуудас