“Усгал” орчин үеийн бүжгэн жүжиг тайзнаа амилна

2015-12-21 15:03:16

 

Монголын Урлагийн зөвлөлөөс санаачлан энэ сарын 24-нд “Corporate Hotel & Convention Center”-д 19.00 цагт “Усгал” орчин үеийн бүжгэн жүжгийг толилуулах гэж байна.

 

Монголын Урлагийн Зөвлөл дэлхийд данстай Монгол авьяасыг дэмжих, бидний оюун санаа, итгэл үнэмшлийг шингээсэн, өрсөлдөх чадвартай бүтээлийг үндэсний болон дэлхийн үзэгчдэд хүргэх зорилгоор “Усгал” орчин үеийн бүжгэн жүжгийн төслийг санаачлан Швейцарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол, Швейцарь, Америкийн уран бүтээлчидтэй хамтран толилуулахаар ийнхүү зэхжээ.

 

Орчин үеийн бүжгийн урлагийн хэлээр хүн төрөлхтөний мөнхийн асуулт эрэгтэй эмэгтэй хоёрыг гал ус мэт хоёр өөр оршихуйн мөн чанраар төлөөлүүлэн тэдний харилцан шүтэлцэл ба баяр гунигийн түүхийг энэхүү бүтээлдээ өгүүлжээ. Түүгээр ч үл барам, орчин үеийн нийгмийн хөгжлөөс улбаатай эрэгтэй эмэгтэй хүний тухай бидний хэвшмэл ойлголт хэрхэн хувьсан өөрчлөгдөж, энэ өөрчлөлт бидэнд шинэ сорилт, үл ойлголцолыг авчирахын сацуу ус, гал хэмээх амаргүй тэнцвэр байх эсэх тухай чин сэтгэлийн хүүрнэлийг бүжгээр дамжуулан өгүүлэх юм байна.

 

Тус уран бүтээлд АНУ-ын Хэдвиг орчин үеийн бүжгийн компанийн залуу бүжиг дэглээч, бүжигчин Б.Одбаяр, хөгжмийн зохиолч Т.Пүрэвсүх, Америкийн тайзны гэрлийн найруулагч Барри Стийл болон Швейцарийн хөгжимчин Маттю Мишель, гоцлол бүжигчнээр Б.Одбаяр, ДБЭТ-ын гоцлол бүжигчин, Гавьяат жүжигчин Ч.Ганчимэг зэрэг олон улсын болон үндэсний авьяаслаг уран бүтээлчдийн баг бүжгийн дэглэлт, хөгжмийн болон гэрлийн найруулга, тайз засал, маркетингийн олон улсын шаардлагад нийцсэн, онцлог, шинэлэг, чанартай бүтээл байхаар хамтран ажиллажээ.  

 

Бүжгэн жүжиг “Гал Усыг мөрөөдөв”, “Ус Галд дурлав”, “Усгал” гэсэн гурван бүлэгтэй бөгөөд бүлэг тус бүрийн өмнө амьд хөгжмийн гоцлол болон ижил сэдэвтэй видео бүтээлийг толилуулах аж.

 

Энэхүү  бүжгэн жүжгийг тайзнаа тавихаар Монголын Урлагийн Зөвлөл санаачлан, ивээн тэтгэгчээр Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Петро Матад, Монголын Эдийн Засгийн Чуулган, хамтран зохион байгуулагчаар “Corporate Hotel & Convention Center”, дэмжигчээр нийслэлийн Улаанбаатар чуулга, Занаду Вайнс хамтран ажиллажээ.

 

Тоглолтын тасалбар 30-50 төгрөг бөгөөд Монголын Урлагийн зөвлөлийн оффис,  “Corporate Hotel & Convention Center”-ийн бүх салбар болон www.ticket.mn худалдан авч болох нь ээ.

 

Г.Даша

 


Нүүр хуудас