Айлчлалаар ямар асуудал шийдэв

2015-12-21 09:50:13

 

Манай улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоогоод 25 жил болж буй. Энэ хугацаанд Солонгосын талаас манай оронд төрийн дээд хэмжээний айлчлал хийж байсан нь ховор. Тус улсын Ерөнхий сайд энэ сарын 15-17-нд манай улсад айлчилсан нь 14 жилийн дараах үйл явдал боллоо. Өөрөөр хэлбэл, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хан Дон 2001 онд манай улсад айлчилснаас хойш хийгдэж буй хоёр дахь удаагийн айлчлал юм.

 

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой болж буй ч өнгөрсөн хугацаанд Солонгосын талаас хоёр орны харилцаа хөндийрсөн гэж үзэх болсон гэнэ.

 

Юун түрүүнд манай талаас өнгөрсөн жилүүдэд тус улсад томоохон хэмжээний айлчлал хийсэнгүй. Хамгийн сүүлд 2001 онд Ким Дэ Жүн Ерөнхийлөгчийн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди тус улсад айлчилж байжээ. Харин одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсад айлчлах гэхээр улс төрийн шалтгааны улмаас цааргалдаг гэх мэдээлэл бий. Энэ нь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ц.Элбэгдоржийн БНСУ-д ажиллаж байсан үеийн бичлэгийг мушгин гуйвуулж, цацсантай холбоотой гэх. Айлчлалын давтамж холдоно гэдэг харилцаа хөндийрч буйн томоохон илрэл гэдгийг судлаачид хэлдэг.

 

Хоёр орны харилцааг хөндийрүүлэх бас нэгэн шалтгаан байгааг судлаачид онцолж байна. Тэр нь визний асуудал. Манай улс өнгөрсөн онд Зүүн Европ болон Азийн хэд хэдэн орны иргэдэд визээ чөлөөлсөн. Харин зөвхөн БНСУ-ыг л визтэй байхаар үлдээсэн юм. Солонгосын талаас харилцан визгүй байхад асуудалгүй гэдэг ч манай тал өнгөрсөн хугацаанд “цааргалсаар” иржээ.  

 

БНСУ-аас Монголд автомашин, барилгын тоног төхөөрөмж, газрын тосны бүтээгдэхvvн, шар айраг, гоо сайхны бараа, тамхи зэргийг экспортолдог. 2000-2003 онд Монголын зах зээлийг БНСУ-ын “Касс” шар айраг “эзэлж” чадсан. Харин энэ үед Засгийн газраас үндэсний бүтээгдэхүүнээ хамгаалах зорилгоор импортын татварыг нь нэмэгдүүлсэн. Тиймээс 2004 оноос солонгос шар айрагны импорт буурчээ. Харин Монголоос Солонгос руу гол төлөв металл бус ашигт малтмал, зэс, нэхмэл бүтээгдэхүүн экспортолдог байна.

 

Хоёр улсын дипломат харилцааг эдийн засгийн талаас нь харвал, 1990 онд хоёр сая 710 мянган ам.долларт байсан гадаад худалдааны нийт эргэлтийн хэмжээ 2011 онд 410 сая ам.долларт хүрч 20 жилийн дотор 200 дахин өсөж, БНСУ нь Монгол Улсын худалдааны тав дахь түнш орон болсон гэх мэдээлэл байна.   

 

14 жилийн дараа хийсэн Өмнөд Солонгосын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд ямар асуудлууд шийдэв.  

 

Өнгөрсөн гуравдугаар сард анх удаа зохион байгуулсан Монгол-Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хороогоор дамжуулан ашигт малтмал, эрчим хүч, зам тээвэр, барилга зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхээр болсон. Мөн Монгол Улсын Зам тээврийн яам, БНСУ-ын Далайн хэрэг, загас агнуурын яам хоорондын далайн тээвэр, тээврийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Түүнчлэн Монгол Улсын Эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний хөгжлийн төв болон БНСУ-ын Нийслэлийн лаборатори хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. 

 

Хоёр улсын Ерөнхий сайд нар авто болон төмөр зам, нисэх онгоцны буудал, цахилгаан станцын бүтээн байгуулалт зэрэг зам тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, ашигт малтмалын салбарт хоёр орны хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг сайшаасан. Түүнчлэн, Ерөнхий сайд нар хоёр орны хоорондын агаарын нислэгийн тоог нэмэгдүүлэх шаардлагын талаар санал нэгдэж, нэн түрүүнд ирэх оны гуравдугаар сараас Улаанбаатар-Пусаны хооронд нислэг үйлдэхээр боллоо.

 

С.Аз


Нүүр хуудас