Иргэд сар бүр 20 мянгаас 100 сая төгрөгийн хонжвортой сугалаанд оролцох эрхтэй

2015-12-21 09:39:00

 

НӨАТ-ын буцаан олголтын талаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдөд үйлчлэх газрын дарга С.Орхон дараах мэдээллийг өглөө.

 

-Он гараад иргэд худалдан авсан бараа, үйлчилгээнд төлсөн НӨАТ-ын 20 хүртэлх хувиа буцаан авдаг болно. Иргэд үүнд ямар бэлтгэлтэй байх хэрэгтэй вэ?

 

-Иргэд хуулийн өөрт хамаатай зүйл, заалтыг уншаад судалчих хэрэгтэй.  Тухайлбал НӨАТ-ын тухай хуулийн 15 дугаар зүйлд буцаан олголтын тухай байгаа. Үүнд жилд нэг удаа НӨАТ-т төлсөн нийт мөнгөнийхөө 20 хүртэлх хувийг буцааж авна. Мөн цуглуулсан баримтаараа сар бүр сугалаанд оролцох боломжтой гэж заасан. Тиймээс иргэд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахдаа албан ёсоор татварын системд холбосон кассын машин, ebarimt.mn сайтыг ашиглан гаргаж байгаа буцаан олголт болон сугалаанд оролцох эрх бүхий баримтаа шаардаж авах хэрэгтэй. 

 

-Ганц талх авсан ч буцаан олголт авах уу?

 

-Тийм, үнийн дүн ерөөсөө заагаагүй. Тиймээс 100 төгрөгийн чүдэнз авсан ч, баримтаараа буцаан олголтоо авна. Сугалаанд ч оролцоно.

 

-Сугалааны талаар тодруулж өгнө үү?

 

-НӨАТ төлөгч, төлөгч бишээс үл хамааран баримт хэвлэж өгөх ёстой. Тэр нь найман оронтой сугалааны дугаартай. Энэ баримтаа татварын албаны ebarimt.mn вэб сайтад өөрийн нэр дээрээ бүртгүүлнэ. Сугалааг сар бүр тохируулах бөгөөд 20 мянгаас 100 сая төгрөгийн хонжвортой. 


-Кассын машингүй хүнсний дэлгүүр, зах, ТҮЦ-нээс бараа худалдан авах тохиолдолд яах вэ?

 

-НӨАТ төлөгч биш, бага хэмжээний орлоготой дэлгүүрээс бараа худалдан авбал та татварын буцаан олголтоо авч чадахгүй гэсэн үг. Харин баримтаараа зөвхөн сугалаанд л оролцох эрхтэй. Томоохон дэлгүүр, супермаркетаас худалдан авалт хийсэн бол аль алинд нь хамрагдана. Алийг нь сонгож үйлчлүүлэх нь хэрэглэгчийн сонголт.

 

-Кассын машингүй ч гэсэн баримт хэвлэж өгөх ёстой юм байна, тийм үү?

 

-Кассын машингүй нь гар утас, компьютер, таблет дээрээ ebarimt.mn вэбийг татаж авч бүртгүүлээд баримт хэвлээд байхад болно. Томоохон супермаркетууд бүгд холбогдсон одоо туршилт хийж байна. Эмийн сан, шатахуун түгээх станцууд ч бэлтгэл ажлаа хангаад явж байна. Тиймээс кассын машинтай нь татварын нэгдсэн системд яаралтай холбуулаарай. Энэ хууль хэрэгжсэнээр бизнес эрхлэгчид шударгаар өрсөлдөх боломж үүсэх ач холбогдолтой. Худалдан авагч нар ч кассын машинтай, НӨАТ төлөгч байгууллагаар үйлчлүүлэхийг эрмэлзэж эхлэх учраас он гарахаас өмнө бэлтгэл ажлаа хангаарай гэж хэлмээр байна.

 

-2016 оны турш худалдан авсан бүх талоноо цуглуулах уу?

 

-Баримтаа ebarimt.mn сайтад бүртгүүлээд л явчихна. Гэхдээ цуглуулахад илүүдэхгүй. Их хэмжээний хонжвор таарвал магадгүй баримт шаардах нөхцөл үүсч болзошгүй. Ирэх жилийн татварын буцаан олголтыг 2017 оны хоёрдугаар сард олгоно. Харин сугалааг хоёрдугаар сараас эхлээд сар бүр явуулна. 

 

-Яагаад хоёрдугаар сараас гэж?

 

-Нэгдүгээр сарын сугалааг дараа сард нь явуулна гэсэн үг. 

 

М.Алтанцэцэг

Эх сурвалж:


Нүүр хуудас