Сайдаа ч томилох “зориггүй” Ерөнхий сайд уу

2015-12-18 15:37:37

 

УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд хэвлэлд ярилцлага өглөө. Ярилцлагадаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн талаар “Би Ерөнхий сайдад үргэлж хэлдэг. Чи нүд дүүрэн сайхан залуу юм. Даанч зориггүй гэж” хэмээжээ. Мөн шийдлийн Засгийн газрын тэргүүнийг хүссэн хүсээгүй “миний үгээр явах ёстой” хэмээн хатуухан мэдэгдсэн байна. Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үнэхээр АН-ын даргын хэлж байгаагаар "зориг" муутай хүн гэж үү. 

 

Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн томоохон ажлуудын нэг нь яах аргагүй Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын түгжээг тайлсан явдал. Тавантолгой дээр тодорхой шийдэл хийх гэж зүтгэсэн ч маш олон хууль, тогтоомж зөрчсөн “хэргээр” буцаагдсан билээ. Анх Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа танхимдаа МАН болон МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүдийг багтаасан. Гэсэн ч удалгүй намын шахалтаар МАН-ын нөхдөө засгаасаа “жийсэн”.

 

Энэ өдрүүдэд Ч.Сайханбилэгийн танхимд бас нэг сайдын суудал хоосон байна. Тэр нь Эрүүл мэнд, спортын сайд. Салбарын сайд асан Г.Шийлэгдамба баривчлагдсанаар түүний орыг Шадар сайд Ц.Оюунбаатар залгамжилж буй. Гэхдээ цаашдаа Ц.Оюунбаатар ЭМС-ын сайд болж, Шадар сайдаар Н.Энхбаярыг томилно гэх мэдээлэл гарах болсон. Эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ энэ талаарх албан бичгийг Ерөнхий сайдад илгээсэн. Түүнчлэн МАХН-ын гишүүд хэвлэлийн хурал хийж, Ерөнхий сайд өөрөө Н.Энхбаярыг Шадар сайд болгох талаар хүсэлт тавьсан гэж мэдэгдсэн юм.

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАХН-ын гишүүдийн эл мэдэгдлийг үгүйсгэсэн. Гэхдээ АН-ын дарга З.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ерөнхий сайд бүлгийн хурал дээр эхлээд Н.Энхбаярыг Шадар сайдаар томилуулах асуудлыг оруулж ирсэн. Бид яагаад болохгүй гэж, өөрөө мэд гэж хэлсэн. Дараа нь дахиад өөр хүний нэр барьчихсан орж ирсэн. Бид бас л өөрөө мэд гэж хэлсэн байгаа” гэжээ. Ер нь бол Үндсэн хуулийн дагуу Засгийн газрын танхимыг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Гэвч гүйцэтгэх засаглалын тэргүүн эл эрх мэдлээ эдэлж чадахгүй, бүлгээсээ зөвшөөрөл авах маягтай. Нөгөөтэйгүүр хэн гэдэг хүнийг томилох вэ гэдэг дээр МАХН-ын саналыг сонсохоос өөр аргагүй байгаа юм.

 

Гэхдээ л Ерөнхий сайд хэнийг ямар сайдаар томилох вэ гэдгээ өөрөө мэдэх бүрэн эрхтэй. Намууд саналаа өгдөг ч, эцсийн шийдвэрийг зөвхөн Ерөнхий сайд өөрөө л гаргана. МАХН-ын зүгээс ч бас сайдын томилгооны талаар хоёр хувилбарыг санал болгож, “Ерөнхий сайдын хувьд өөрөө шийдвэр гаргана уу” гэсэн байдаг. Энэ талаар Ч.Сайханбилэг Ерөнхий сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдаж “Би Ерөнхий сайдын хувьд н.Лхагвасүрэнг Эрүүл мэнд, спортын сайдаар томилохыг дэмжиж байгаа. Энэ дагуу ирэх долоо хоногт тодорхой хууль, дүрмийн дагуу процедураар явж, УИХ-д өргөн мэдүүлнэ” гэсэн юм.

 

Өнгөрсөн бямба гарагт хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө ийн дурьдсан. Гэсэн ч нэг долоо хоног өнгөрөхөд ямар ч байсан Шадар сайд, эсвэл Эрүүл мэнд, спортын сайдын томилгоотой асуудал УИХ-д орж ирээгүй байна.

 

Л.Энхдэлгэр


Нүүр хуудас