“Мартагдашгүй” тоглолтод 7 хамтлаг нэгджээ

2015-12-18 15:29:21

 

Нэгэн үе Монголын залуучуудыг доргиож байсан "Сүнс", "Камертон", "Номин талст", "Салхи", "Guys" хамтлагууд хамтран "Мартагдашгүй" нэртэй тоглолтоо өнгөрсөн аравдугаар сард хийн залуусыг доргион дурсамж хөглөсөн билээ.  Энэхүү тоглолтыг санаачилсан продюсер Л.Тайванбат "Сүүлийн хэдэн жил энэхүү тоглолтыг хийе гэж удаан бодож ярилцсан. Тоглолтын нэрний тухайд олуулаа ярилцсаны эцэст эдгээр таван хамтлаг нэгэн үе залуучуудыг байлдан дагуулж байсан, поп урлагийн ертөнцөд өөр өөрийн гэсэн орон зайгаа эзэлсэн "Мартагдашгүй" хамтлагууд учир ийнхүү нэрлэсэн" хэмээн ярьж байсан юм.

 

Тэгвэл “Мартагдашгүй” тоглолт өнөөдөр "Castle" клубт дахин нэг удаа тайзнаа эгшиглэхээр товоо зарлаад байгаа юм. Гэхдээ энэ удаад “Мартагдашгүй” тоглолтод долоон хамтлаг нэгдэж байгаа юм. Анх таван хамтлаг нэгдэн тоглолтоо хийхээр товоо зарласан ч “Номин талст” хамтлаг гишүүн Дэлгэрмөнрөнгийн гэргий тоглолтын өмнөхөн хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн учраас тус хамтлагийнхан оролцож чадалгүй тайзнаа “Камертон”, "Сүнс", "Салхи", "Guys" хамтлагийнхан гарсан. Тэгвэл энэ удаад анхны бүрэлдэхүүнээс “Камертон” хамтлаг хасагдан “Хар сарнай”, "Freezone", “Нисванис” хамтлагууд нэмэгджээ. Тэгэхээр поп, рок, хип хоп хөгжмийн нэг дор мэдрэх боломж тохиох нь ээ.

 

“Мартагдашгүй” тоглолт болох "Castle" клуб нь дэлхийн дээд зэрэглэлийн стандартын дагуу баригдсан бөгөөд гаднаас зөвлөх, инженер, хөгжим техникийг CAF брэнд, гэрэл нь Азийн орнуудад гурав дахь удаагаа тавигдаж байгаа Matrix брэндийн өндөр үнэлгээтэй гэрлээр тоноглогдсон юм байна. Тус клубынхэн нээлтийн арга хэмжээгээ мартагдашгүй байлгахын тулд үзэгчдийг байлдан дагуулаад байгаа "Мартагдашгүй" төслийнхөнд санал тавиад энэхүү тоглолтыг дахин тайзнаа амилуулах болсон байна. Тиймээс тоглолт үзэхийг хүссэн хэн бүхэн зөвхөн "Castle" клубын таксыг авч ороход л хангалттай юм байна. Гадуур тасалбөар борлуулахгүй зөвхөн таксаараа нэвтрэн тэрхүү гайхалтай тоглолтыг амтлах боломжийг ийнхүү олгох нь ээ.

 

Г.Даша


Нүүр хуудас