В.Путин Трампыг магтаж, Турктай эвлэрэхгүй гэв

2015-12-18 11:55:43

 

Оросын ерөнхийлөгч В.Путин жил бүрийн арванхоёрдугаар сард гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулздаг уламжлалтай. Уг уулзалт өчигдөр Москва хотноо болж, 1400 гаруй хэвлэл мэдээллийн төлөөлөгч Оросын Ерөнхийлөгчөөс цаг үе, үйл явдын талаар сонирхсон асуултандаа хариулт авсан юм.

 

Энэ үеэр В.Путин ОХУ болон дэлхий дахинд өрнөж буй үйл явдлын талаар олны анхаарлыг татсан хариулт өгсөн байна. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх гэж буй Дональд Трампын талаар “Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй үнэмлэхүй лидер” хэмээгээд эргэлзээгүй чадвартай улстөрч гэжээ.  Түүнчлэн Трампыг ОХУ-тай харилцаагаа бэхжүүлэхэд бэлэн байгаад нь талархаж буйгаа илэрхийлсэн байна.

 

 

В.Путины байр сууриа илэрхийлсэн өөр нэг асуудал бол Орос-Туркийн харилцаа байлаа. Сирийн иргэний дайнд Ерөнхийлөгч Башар-Аль-Асадын үйл ажиллагаа дэмжин оролцож байсан Оросын сөнөөгч онгоцыг Туркийн хил зөрчсөн гэх үндэслэлээр буудан сөнөөсөн.  

Үүнийг В.Путин “дайсагнасан үйлдэл” хэмээгээд “Туркийн талтай цаашид харилцаагаа хөгжүүлэх ирээдүй байхгүй гэдэг нь үүссэн нөхцөл байдлаас харагдаж байна” гэсэн байна. Ингэхдээ В.Путин Турк улсын талаар нэлээд ширүүн үг хэллэгийг сонгон хэрэглэсэн нь олны анхаарлыг татжээ.

 

 

Түүнчлэн В.Путин Сирийн хямралын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Сирийн өнөөгийн гол асуудал нь Исламын улс бүлэглэл бус нефтийн арилжаа юм” гээд тус бүлэглэл нь турк руу хууль бусаар нефть зөөвөрлөсөөр байгааг онцолсон юм.

 

Э. Цэнгэл

 

 

 


Нүүр хуудас