Гацууртын ордыг гацаанаас гаргая

2015-12-18 11:19:14

 

“Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэж үг бий. Үүний утгыг олон өнцгөөр тайлбарлаж болно. Гэхдээ хамгийн дөт, тодорхой утга нь “Явсан нохой яс зууна” гэдэгтэй дүйцнэ. Тиймд эдгээр үгийг өнөөгийн Монгол Улсын нөхцөл байдалд туйлаас тохирох үг хэмээн мунхаглаж байна. Улс орныг нуман тулгуурт оруулаад буй эдийн засгийн хямралтай, хө­рөнгө оруулалтын хомс­долтой байгаа байдлаас бид сууж бус, явж гарна гэсэн үг л дээ. Томоохон төслүүдээ хөдөлгөх зайлшгүй шаардлага бий болжээ. Оюутолгой, Гацууртыг гацаасны балгийг бүх нийтээрээ л амсаж байна. Буруут­нууд нь явж явж өнөөх хэдэн популист улстөрчид болох нь нотлогдлоо. Ямар нэг хөрөнгө оруулалт орж ирэх, эс бөгөөс томоохон төслийг хөдөлгөх гэхээр л эх оронч, ард түмэнч дүр эсгэсэн нөхдүүд гарч ирээд л гацааж орхидог үзэгдэл хавтгайрсны гай өнөөдөр гарч байна. Үүнийг “Гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэж хэлдэг. Оюутолгой, Гацуурт зэрэг том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй гэж ярьсан нь эх оронч бус, урвагч, хул­гайч гэгдэж, харин улсын эдийн засгийн элгээр нь мөлхүүлэх гавьяа байгуулсан гацаагчид эсрэгээрээ эх оронч болж харагдаж буй их сонин үзэгдлийн гэрч бол бид. Хамгийн тод жишээ нь Гацууртын ордын гацаа. Гацууртын ордын нөөцийг Монгол Улсын ашигт малт­малын нөөцийн бүртгэлд 2005 онд бүртгэж, 2008 онд ТЭЗҮ-ийг хүлээж авч байв. Гацууртын орд 27.6 сая тонн хүдэр бүхий 75.9 мянган кг алтны нөөцтэй гэж бүртгэгджээ.

 

Энэ орд Хойд Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд бөгөөд алтны өндөр агуулга бүхий хүдэртэй аж. Цаашид олборлолт мөн хайгуул үргэлж­лэн явуулснаар нөөц нь 100 гаруй тонн болох магад­лалтай гэдэг. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт алтны үндсэн орд нь оршдог Гацууртын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь "Сентерра Гоулд Монголиа" ХХК юм. Тэд Бороогийн ордыг ашиглаж байх үеэсээ л Гацууртыг ашиглахаар хөөцөлдөж эхэлсэн байдаг. Гацууртын ордыг эзэмших тухай асуудал эхлэх үеэсээ л асуудал дэгдсэн. Энэ хооронд гурав, дөрвөн ч Засгийн газар солигдсон. Урт нэртэй хууль гарснаар тус ордыг ашиглах боломж үнэндээ алга болсон юм. Учир нь, Гацууртын алтны үндсэн ордын тусгай зөв­шөөрөл “Урт нэртэй” хуулийн хамрах хүрээнд багтсан. “Урт нэртэй” хуулиар бол Гацуурт нь ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон бүсэд оршиж байгаа ба гагцхүү стратегийн ордод энэ хориглох заалт нь үйлчлэхгүйгээр хуульч­лагдсан байдаг. Тиймд ордын эдийн засгийн үр өгөөжийг олж харсан Засгийн газар, УИХ стратегийн ордод хамруулахаар шийдвэрлэснээр эргэн ашиглаж болох нөхцөл үүссэн билээ. Эндээс л зөрчил тэмцэл эхэлсэн. Гацууртын уурхайг ашиглуулахгүй гэсэн хэсэг бүлэг тэмцэгчид бий болж “Ноён уулаа аврах хөдөлгөөн” гээчийг байгуулав. Тэдний гол акц нь Гацууртын орд Хүннүгийн дурсгал олноор байдаг Ноён уулын дэргэд оршдог тул шүтээн уулаа ухуулахгүй гэсэн тэмцэл байсан юм. Харамсалтай нь, төрийн шийдвэр аль нэг талд гараагүй гацсан байдалтай байгаа ийм үед Ноён уул хэзээний ухуулаад эхэлсэн нь гунигтай. Ямар ч зөвшөөрөлгүй, албан ёсны бүртгэлгүй бүлэг хүмүүс, бидний нэрлэж заншсанаар “нинжа” нар өнөөдөр тэнд алт олборлож, ёстой л засаг замбараагүй онгичиж байна. Гэтэл ухуулахгүй гэж улайран тэмцэж байсан хүмүүс таг чиг. Ухуулахгүй байх л зорилготой байсан бол хэнээр ч ухуулахгүй гэсэн тэмцэл байх учиртай биш үү. Гэтэл “нинжа” нар ухаж болно, харин хуулийн дагуу татвараа төлөөд явах “Сентерра гоулд Монголиа” гэх компани ухаж болохгүй гэсэн явцуу эрх ашиг л тэдэнд байсан бололтой юм. ШУА-ийн Археологийн хү­рээлэнгийн төлөөллүүд Ноён уулын Хүннүгийн үеийн дурс­галаас Гацууртын алтны орд 5.8 км зайтай.

 

Алтны бүс байгаа хэсэгт түүхийн ямар нэгэн олдвор илрээгүй гэсэн мэдээлэл хийсэн. Ноён ууланд байдаг Хүннүгийн цогцолбор дурсгал нь уг уулын Сүжигт, Зурамт, Хужирт зэрэг газар байрладаг бөгөөд энэ нь Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумдын нутагт хамаардаг. Тэгэхээр иргэний хөдөлгөөнүүд юуны төлөө тэмцдэг хийгээд тэд бодит баримтыг хэрхэн өөрсдийн зэвсэг, шалтаг болгон хувиргаж чаддаг тухайд энд нурших нь илүүц байх. Хамгийн чухал баримт нь гацааснаас болж үүсч байгаа үр дагавар нь гацаахгүй байх хувилбараасаа илүү хохирол тарьж байгааг зөвтгөж боломгүй. Албан ёс­ны зөвшөөрөлтэй, татварт бүрт­гэлтэй, гэрээний тохи­ролцсон нөхцөлтэй компани нь ашиглаад, ашиг бий бол­гоод, тэндээс нь төр өөрийн хувиа эзэмшээд явах нь үр өгөөжийг хувьд илүү санагдаж байна. Эзэнгүй айлын эд хө­рөнгө хэрхэн үрэгддэгийн жи­­шээ Гацуурт орд дээр бие­жих вий гэсэн айдас төрөх болсон тул яаж ч бодсон дээрх хувилбар нь илүү. Ядаж л улсад татвар хэлбэрээр мөнгө орж ирнэ. “Нинжа” нар татвар төлдөг тухай баримт одоогоор олдоогүй. Уг ордыг эргэлтэд оруулахад уурхайн зам, дэд бүтэц зэрэг бүтээн байгуулалтын аж­лууд хийгдэж, 1000 орчим аж­лын байр бий болж, татвар, төлбөр, хураамжаар 660 ор­чим тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулна. Мөн тус ордоос олборлосон алтыг Монгол­­банкинд тушааснаар Монгол Улсын эрдэнэсийн сан нэмэгдэж, валютын ханшийг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлэх юм. УИХ-аас тус ордын 50 орчим тонн алтыг бүгдийг нь Монголбанкинд ту­шаах нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч компанид зөвшөөрөл олгосон. 50 орчим тонн алт Монголбанкинд тушаагдана гэдэг ам.долларын ханш тэр хэмжээгээр буурна л гэсэн үг. Нөгөөтэйгүүр ордыг ашиглах явцад бий болох нийт мөнгөн урсгалын 80 гаруй хувь нь Монголдоо үлдэнэ гэсэн судалгааг ч салбарын яамныхан хийсэн юм билээ. Бороогийн алтны ордыг гартаа оруулсан Канадын “Сентерра Гоулд” компани хүдэр баяжуулах үйлдвэрт 74 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 2003 оны эцэст ашиглалтад оруулжээ. Энэ баяжуулах үйлдвэрийн өнөөгийн үнэ ханш гурван тэрбум төгрөгөөс хол давна хэмээдэг. Одоо яригдаж байгаа Гацууртын орд нь уг баяжуулах үйлдвэрээс 40 км зайтай.

 

Эдийн засгийн үр нөлөөг нь чамлаж болохгүй олон үзүүлэлт Гацууртын ордоос харагдаж буй. Харин өнөөд­рийн ашиглаж байгаа нөхцөлөөс эдийн засагт унах ашиг гэхээр зүйл мэдээж байхгүй. Хэдэн бүртгэлгүй “нинжа” нарын бүлэг Ноён уулыг ноорхой тал болтол ухаж орхиод л тарцгаахыг үгүй гэх газаргүй. Шийдэж чадахгүй суусаар байх зуур бий болгож болох байсан олон үнэ цэнийг бид алдсаар л байх болно. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэдэг дээ. Бидний одоогийн нөхцөл байдал өнөөдрийн уушгийг сонгоход хүргэж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой байх. Бидэнд яг одоо цамаан зан зохихгүй. Оюутолгойг зориглон хөдөлгөсөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг муулах ч боломж бий, сайлах ч боломж бий. Хожмоо сайн мууг дэнс­лэх цаг хугацаа олдо­но. Гагцхүү тус том төсөл хөд­лөхгүй таг гацсанаас илүү урагшлах нь өнөөдрийн уушиг юм гэдгийг хүлээн зөвшөөрсөнд л учир байгаа юм. Тэгвэл Оюутолгойн араас Гацууртын ордыг хөдөлгөх хэрэгтэй. Монголын хууль тог­тоох дээд байгууллагаас Гацууртын ордыг ашиглаж болно гэж шийдвэр гаргасан атлаа өдий хүртэл гацаасаар суугаа нь ямар учиртай юм бол. Хамгийн сүүлд л гэхэд өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан боловч хойшлуулчихлаа. Ингэж гацааж, хойшлуулж, шийдгүй суусаар байх хооронд энэ улс орны өрөг хэцүүдэх төлөвтэй. Ямар нэг нүүдэл хийгээсэй билээ.

 

Д.Золбоо

 

Эх сурвалж:


Нүүр хуудас