Монголын жүжигчид Холливудад жим гаргасан жил

2015-12-18 10:42:56

 

Б.Үйсэнмаа олон улсын кино наадмаас шагнал хүртэв

 

 

Арванхоёрдугаар сард Испанийн Каталон  мужийн Таррагона хотод “REC” олон улсын кино наадам болж өнгөрлөө. Уг кино наадмаас монгол  найруулагч Б.Үйсэнмаа “Битгий над руу ингэж ширт” киногоороо онцлох бүтээлийн шагнал хүртжээ.

 

Уг наадам нь 15 дахь удаагаа зохиогдож буй бөгөөд энэ жилийн наадмыг 3500 гаруй үзэгч үзсэн байна. Найруулагч Б.Үйсэнмаа энэ бүтээлээрээ  Мюнхений кино наадмаас шилдэг дебют киноны төрөлд  шагнал хүртэж байжээ. “Битгий над руу ингэж ширт” киноны хоёр соёлын дундаас өөрийгөө хайж буй бүсгүйн дүрд Б.Үйсэнмаа өөрөө тоглож, киногоо найруулсан аж. Тэрээр 1984 оноос гэрийнхэнтэй Германд амьдарч, Мюнхений кино телевизийн  дээд сургууль төгсжээ. 2007-2011 онуудад дээрх киноноос гадна гурван кинон дээр ажиллаж байсан байна.  

 

Үндэсний циркийн жүжигчид “Вучиао” мөнгөн цом хүртэв

 

 

Олон улсын циркчдийн “Вучиао” фестиваль есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 7-нд БНХАУ-ын Хэбэй мужийн Шижиажуан хотын урлагийн ордонд боллоо. Циркчдийн дунд “А” буюу нэгдүгээр зэрэглэлийн уг фестивальд ХБНГУ, ОХУ, БНХАУ, Мексик, Канад, АНУ, Франц, Хойд Солонгос, Монгол зэрэг 10 гаруй орны шилдэг циркчид ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Монгол Улсаа төлөөлөн оролцсон Т.Буд продюсертай, Б.Золбаяр ахлагчтай Монголын Үндэсний циркийн жүжигчид шидэх банзны үзүүлбэрээр хамгийн өндөр оноог авч “ВУЧИАО” мөнгөн цомын эзэд болжээ.

 

Монголын циркийн урлаг байгуулагдсан цагаасаа дэлхийд нэрээ дуурсган яваа бөгөөд тэдний залгамж халаа болсон циркчид ийнхүү амжилтын буухиаг түүчээлсээр байгаа юм. 

 

 

“Агула” цомог “Грэмми”-ийн шагнал гардуулах наадамд нэр дэвшлээ

 

 

 

Арваннэгдүгээр сард этно жазз төрлөөр уран бүтээлээ туурвидаг "Арга Билэг" хамтлаг,  Швейцарийн  "Хенрих Кайзег"  хамтлагтай хамтран  бүтээсэн "Агула" цомог АНУ-ын Үндэсний Дуу бичлэгийн Академийн жил бүр хөгжмийн урлагт амжилт гаргагсдыг тодруулдаг 58 дахь удаагийн “Грэмми”-ийн шагнал гардуулах наадамд нэр дэвшлээ.

 

Үүнд цомгийн борлуулалт, түгээлтийг хариуцан хийсэн “Musiques Suisses” студи гардан ажилласан байна. Ирэх хоёрдугаар сарын 15-нд Лос Анжелес хотноо “Грэмми”-ийн шагнал гардуулах наадам болж, шилдгүүдээ тодруулна.

 

“Агула” цомгийн талаар сонирхуулахад, монголчуудын оюун санаа, өв соёлын илэрхийлэл болох морин хуур, хөөмий, ятга хөгжмийн хөг аялгууг төгөлдөр хуур, нарийн бүрээ, аргил хийл, цохивор хөгжимтэй хослуулан орчин цагийн шинэ хөгжмийн бүтээлийг бүтээж дэлхийн зах зээлд гаргах зорилготой Швейцарь Монголын уран бүтээлчдийн хамтарсан “Агула” хөгжмийн төслийг Монголын Урлагийн зөвлөл 2013-2014 онд Швейцарийн Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн юм.

 

Г.Ариунбаатар дэлхийд нэрээ дуурсгав

 

 

Долоодугаар сард дэлхийн сонгодог урлагийн олимп болсон ОХУ-ын суут хөгжмийн зохиолч  П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын сонгодог хөгжмийн уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Монгол Улсын гавьяат жүжигчин, гоцлол дуучин Г.Ариунбаатар  Санкт-Петербург хотын "Мариинский II" театрт болсон гала тоглолт дээр Гранпри шагнал хүртсэн юм. Тэрээр энэхүү нэр хүндтэй шагналаа будаг нь ханхалсан шинэхэн театрт дэлхийн нэрт удирдаач, Валерий Гергиевоос гардан авсан.

 

Дэлхийн чихийг Монголын сонгодог урлагаар дэлдийлгэсэн тэрээр өнгөрсөн намар монголчуудын өмнө нь гарч байгаагүй тайзнаа гарч ая дуугаа өргөн эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсган яваа. Түүнд алдарт Миинский театр гоцлол дуучнаар ажиллах санал тавин энэхүү гэрээ хэлэлцээр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлнэ гээд түүнийг олон том аялан тоглолтууд хүлээж байгаа билээ. Тэрээр өдгөө эх орондоо байгаа бөгөөд энэ сарын 19-нд “Монгол Сонгодог” бие даасан тоглолтоо толилуулахаар зэхээд байгаа юм.  

 

“НордАрт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол Улс “Онцлох орон”-оор оролцов

 

 

Зургаадугаар сард ХБНГУ-ын Бюдельсдорф хотноо энэ сарын 6-наас ирэх аравдугаар сарын 4-ний өдрүүдэд зохиогдох “НордАрт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол Улс “Онцлох орон”-оор оролцох гэж байна. Европт өнөөг хүртэл зохион байгуулагдаж буй Монголын дүрслэх урлагийн хамгийн том үзэсгэлэнд тооцогдох энэхүү арга хэмжээнд нийт 34 уран бүтээлчийн уран зураг, баримал, инстоляц, график, гэрэл зураг ба видео зэрэг төрлийн 100 гаруй бүтээл олны хүртээл болно.

 

Хойд Герман дахь өвөрмөц байршил, том орон зай бүхий  түүхэн соёлын өв, аж үйлдвэрийн цогцолборт зохион байгуулагддаг “НордАрт” үзэсгэлэнд жил бүр олон улсын 250 уран бүтээлч оролцдог. Монгол Улс нь энэ жилийн “Онцлох орон” юм.

 

“Хөсөгтөн” “Asia’s got talent” шоунд хоёрдугаар байр эзлэв

 

 

Тавдугаар сард дэлхийн хамгийн алдартай шоуны нэг “Asia’s got talent” шоу нь энэ оны гуравдугаар сарын 12-ноос AXN телевизээр Азийн 20 гаруй улс оронд зэрэг цацагдаж эхэлсэн билээ.  Тус шоунд Азийн улс орнуудаас мянга мянга оролцогчид ирж оролцсоноос Монголын "Хөсөгтөн" хамтлаг  сая сая үзэгчид болоод шүүгчдэд Монгол ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж, шүүгчдээс санал нэгтэйгээр "Тийм" гэсэн үнэлгээг авч, хагас шигшээд шалгаран үлдсэн билээ. 

 

Дэлхийд өв соёлоо тунхагласан морин хуурч, хөөмийч В.Батзориг, лимбэчин, цохиур хөгжимчин, хөөмийчин Г.Адъяадорж, товшлуурч, хөөмийч, дунд хуурч Х.Уламбаяр, их хуурч, хөөмийч Д.Ариунболд, ятгачин, дуучин Ч.Амарбаясгалан, морин хуурч, хөөмийч О.Чулуунбаатар нар ийн эх орныхоо нэрийг өндөрт гаргаж, ийнхүү амжилттай оролцож "Asia's Got Talent" шоу нэвтрүүлэгт хоёрдугаар байрт шалгарсан юм.

 

Б.Амарсайханы тоглосон “Марко Поло” Монголд нээлтээ хийлээ

 

 

Гуравдугаар сард дэлхийн сая сая үзэгчдийг байлдан дагуулсан АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” кино Монголд нээлтээ хийн үзэгчидтэй уулзсан. “Хүннү” кино театрт  болсон энэхүү нээлтийн арга хэмжээг тус кинонод Ариг Бөхийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Амарсайхан зохион байгуулсан юм. Нээлтийн арга хэмжээнд Монголын урлаг, соёл, улс төрийн эрхмүүд уригдан оролцсон бөгөөд энэ үдшийн гол зочид бол “Марко Поло” киноны зохиолыг бичсэн, Холливудын нэрт кино зохиолч Жон Фуско, найруулагч Дан Минахан, ерөнхий менежер Ричард Шарки нар байлаа.

 

“Марко Поло” хэмээх тус киног “Netflix”  бүтээсэн бөгөөд кино зохиолыг Жон Фуско бичиж, гол дүрд нь Италийн жүжигчин Лорензо Ричелми тоглож, жүжигчин Б.Амарсайхан Аригбөхийн дүрийг бүтээсэн. Ийнхүү “Марко Поло” гэх Холливудын кинонд Монгол жүжигчин анх удаагаа тоглосон билээ.

 

Жүжигчин Б.Амарсайхан Нью-Йоркийн алдарт “Broadway” дахь “AMC Loews” театрт болсон “Марко Поло” киноны албан ёсны нээлтэд оролцсон. Тэрээр Холливудад болсон киноныхоо нээлтийн улаан хивсээр дэлхийн ододтой мөр зэрэгцэн алхаж, монголын жүжигчдийн жимийг гаргалаа. Түүний араас олон жүжигчин өнгөрсөн зун тус бүтээлийн хоёрдугаар ангид гол ба туслах дүрийг бүтээх зург авалтад оролцоод ирсэн юм.

 

Р.Анхнямын тоглосон "Wolf Totem"  кино олон улсад нээлтээ хийв

 

 

Хоёрдугаар сард Хятадын уран сайхны олон ангит түүхэн кинонд тоглож Монгол жүжигчдийн ур чадварыг урд хөршид гайхуулсан жүжигчин Р.Анхням Францын кино найруулагч Jean-Jacques Annaud-ын бүтээл "Wolf Totem"  буюу  “Чонон сүлд” кинонд тоглолоо. Уг кино хоёрдугаар сарын 4-нд БНХАУ-д нээлтээ хийн Франц, Хятадын кино театруудад гарч эхэлсэн юм.  Энэхүү киноны гол баатар Chen Zen-ий дүрд хятадын залуу жүжигчин Feng Shaofeng тоглосон. Харин кинонд ганцхан Монгол жүжигчин тоглосон нь Р.Анхням юм. 

 

“Чонон сүлд” киног Оскарт нэр дэвшинэ хэмээн найдлага тавьж байсан ч Оскарын зохион байгуулагчид уг бүтээлийг нэр дэвшүүлэхээс татгалзсан. Уг бүтээл Оскарт тэнцээгүй гол шалтгаан нь тухайн бүтээлийг хийхэд, нэр дэвшүүлсэн улсын иргэд голлох үүрэгтэй оролцоогүйгээс гэжээ.

 

Г.Даша 


Нүүр хуудас