Челси менежер Жозе Моуриньог халлаа

2015-12-18 10:27:01

 

Английн Челси клубын удирдлагууд Монголын цагаар өчигдөр орой багийн ерөнхий менежер Жозе Моуриньог халлаа. Лондоны баг өнгөрсөн жил премьерлигийн аваргын цом хүртсэн ч энэ улиралд амжилт тун муу яваа нь португал мэргэжилтнийг халах шалтгаан болсон байна. Тодруулбал, Челси клуб улирал эхэлсээр эхний 16 тойрог өнгөрөхөд ердөө 15 оноо цуглуулж, хүснэгтийн 16 дугаар байрт сүүл мушгиж байгаа юм.

 

Улирлын эхэнд Свонси Сититэй 2:2-оор тэнцсэний дараа Манчестер Ситид 3:0-ээр хожигдсон. Мөн өнгөрсөн хугацаанд Кристал Палас, Эвертон, Саутхэмптон, Стөүк Сити, Борнмоут зэрэг клубүүдэд хожигдсон юм. Хамгийн сүүлд Лэйстэр Ситигийн талбайд зочилж, 2:1-ээр хожигдсоны дараа португал мэргэжилтэн өөрийнхөө тоглогчдын талаар таагүй коммент хэлсэн нь халагдахад голлон нөлөөлсөн бололтой.

 

Моуриньо өмнө нь 2003-2007 онуудад Челсиг удирдаж, анх удаа премьерлигийн аварга болгож байсан гавьяатай. Харин энэ удаад 2013 он буюу долоон жилийн дараа багтаа эргэн ирсэн ч ердөө хоёр улирал хагас ажилласны дараа халагдаж байна. Ингээд Челсигийн сүүлийн 16 тоглолтын үр дүнг хүргэж байна. Ердөө дөрвөн хожил, гурван тэнцээ авч, үлдсэн есөн тоглолтод хожигджээ.

 

Клубын удирдлага Жозе Моуриньог халсныхаа төлөө 19 сая паундын нөхөн олговор олгосон байна.

 

  1. Челси 2:2 Свонси Сити 
  2. Манчестер Сити 3:0 Челси
  3. Вэстбром 2:3 Челси
  4. Челси 1:2 Кристал Палас 
  5. Эвертон 3:1 Челси
  6. Челси 2:0 Арсенал
  7. Нью Кастл 2:2 Челси
  8. Челси 1:3 Саутхэмптон 
  9. Челси 2:0 Астон Вилла
  10. Вэстхэм 2:1 Челси
  11. Челси 1:3 Ливерпүүл
  12. Стөүк Сити 1:0 Челси
  13. Челси 1:0 Норвич
  14. Тоттэнхэм 0:0 Челси 
  15. Челси 0:1 Борнмоут
  16. Лэйстэр Сити 2:1 Челси 

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас