Ж.Энхбаяр: Генералуудын нэрээр мөнгө завшаагүй

2015-12-18 08:48:00

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

 

-Генералуудад амины орон сууц барих нэрийдлээр таныг мөнгө завшсан талаар С.Эрдэнэ сайд чуулганы хуралдааны үеэр хэлж байсан. Үнэхээр та мөнгө шамшигдуулсан юм уу?

 

-С.Эрдэнэ сайдаас би нас барсан хүмүүсийн нэр дээр зээл болон тэтгэврийн мөнгийг нь авдаг , арилжааны банкинд байгаа нийгмийн даатгалын сангийн үлдэгдлийн хүү тооцож байгаа байдал зэргийг асуусан. Энэ хүрээнд С.Эрдэнэ сайд “Энхбаяр аа, чиний “Санзай” дахь генералуудын нэрээр барьсан байшинг хөндөөгүй шүү” гэх утгатай зүйл хэлсэн. Монгол Улсын зэвсэгт хүчинд залуу нас, бүхий л амьдралаа зориулж, тэр дундаа XX зууны хүйтэн дайны үед хүнд бэрхийг ачаандаа үүрсэн цэргийн дээд цолтой 20 гаруй ахмадууд байдаг. Тиймээс үе үеийн Батлан хамгаалахын сайдууд ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлж, нийгмийн асуудалд нь анхаарал хандуулж ирсэн уламжлалтай. Энэ санаачилгыг УИХ-ын гишүүн Л.Болд Батлан хамгаалахын сайд байхдаа гаргасан. Тэр хүрээнд “Санзай”-д газар олгож, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд Сангийн яам санаачилж, хэрэгжүүлж эхэлсэн. Би сайд болоод энэ ажлыг үргэлжлүүлсэн. Батлан хамгаалах яамны өөрийн эзэмшлийн тусгай хэрэгцээний газартаа ахмад дайчиддаа зориулан амины орон сууц барихаар болсон. Ингээд шаардлагатай гэж үзсэн 23 хүний нэр гарсан. Тэднийг хэрхэн урамшуулах тухай журам гаргасан юм. Д.Бат-Эрдэнэ, Ц.Цолмон сайдын үед ч уг журам үйлчлээд явж байна. Бид ахмад дайчиддаа анхаарал тавих ёстой. Үүнийг хувийн эд хөрөнгө мэтээр ярьж байгаад харамсаж байна.

 

-Амины орон сууц барих ажилд хэчнээн төгрөг зарцуулсан бэ?

 

-Үе үеийн сайдууд 23 генералынхаа асуудлыг бага багаар шийдээд явж байна. Өнөөг хүртэл бүрэн төгс шийдэгдээгүй байгаа. Одоогоор 10 гаруй нь шийдэгдсэн. Бид нэг хүнд 50 орчим сая төгрөгийн тусламж үзүүлэхээр төлөвлөсөн. Генерал цолтой 100 гаруй хүн бий. Гавьяаныхаа амралтад гарсан амьд сэрүүн байгаа хүмүүс нь 37 байдаг. Ер нь Монголын төр генералууддаа анхаарч ирсэн.

 

-С.Эрдэнэ сайдад гадаадад данс байдаг юм уу?

 

-Энэ С.Эрдэнэ сайдын асуудал биш юм. Нийгмийн даатгалын сангийн зарцуулалттай холбоотой асуудлыг ярьж байгаа юм.

 

-МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайдад нэрээ дэвшүүлсэн байна лээ. Түүний ялтай байх хугацаа дуусаагүй гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

 

-Н.Энхбаяр Өршөөлийн хуульд хамрагдахаар байгаа. Түүнийг гэм буруутайд тооцох хугацаа нь Өршөөлийн хуулиар өршөөгдсөн. Тэгэхээр энэ хүн улс төрийн болон төрийн захиргааны албан тушаал хашаад явах эрх нь нээгдсэн гэж ойлгож байгаа.

 

-Танай намын бүлэг Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг шаардаж “бойкот” зарлаад байна. Хар машины саналыг гараар давхар тоолох гээд байгаа нь хэнд хэрэгтэй юм бэ гэх асуудал ч гарч ирж байсан...?

 

-Байнгын хороод янз бүр байгаа. Манай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хурлаа хийгээд явж байна. Өнөөдөр л  гэхэд /өчигдөр/ манай байнгын хороогоор хэлэлцсэн Элчин сайдуудын томилгооны асуудал  чуулганаар орж шийдэгдлээ. Намын бүлгүүдийн дунд төдийгүй улс  төрийн маргаан болоод байгаа асуудал бол мэдээж Сонгуулийн хууль. Энэ хуулийг эцэслэн батлах бололцоотой хугацаа дуусахад үндсэндээ долоо хоног л үлдэж байна.  Үлдсэн хоногуудад бид Сонгуулийн хуулийг хэлэлцэх боломжийг хайх ёстой. Гэтэл эрх баригчид энэ хуульд өөрчлөлт оруулахыг хүсэхгүй  байна. Ялангуяа сонгуулийн санал тоолох хар машин, түүний программ хангамжийг ил  тод байлгахыг хангахаас гадна санал тоолсны дараа дахин гараар тоолж баталгаажуулахыг бид хөндөж байна. Гэтэл үүнийг эрх баригч хүчин хүлээж авахгүй байгаагаас бид завсарлага авсан. Үүнийг мушгин гуйвуулах шаардлагагүй. Ард түмэнд эргэлзээ төрүүлсэн хар машины тооллогын дүнг гараар баталгаажуулчих хэрэгтэй. Энэ бол зөвхөн хоёр намын биш улс орны аюулгүй байдлын асуудал. Монголын ард түмэн төрөө байгуулахад итгэлтэй байх ёстой шүү дээ. Тэр итгэлийг нь бид баталгаажуулж өгөх нь чухал. Нэгэнт нийгэмд бий болчихоод байгаа алдарсан итгэлийг сэргээж, хар машинд болгоомжтой хандах ёстой. Хэрэв ард түмний эргэлзээг тайлахгүй бол сонгуулийн дараа зөрчил тэмцэл үүсэх вий гэх болгоомжлол аль аль талдаа байна.

 

-Тэгвэл  Сонгуулийн хуульд  ганцхан заалт оруулчихвал МАН цаашид ойлголцоод явна гэсэн үг үү?

 

-Нийгмийн захиалга нь л энэ. Ард иргэд би хэнийг сонгосноо мэдмээр байна гээд байна шүү дээ. Тэр хүн санал өгчихөөд байхад сонгуулийн дүн яаж гарсныг бид мэдэхгүй болчихож байгаа юм. Өнөөдөр техник, технологи, программ хангамж хөгжсөн энэ нийгэмд нөхцөл байдлыг яаж ч эргүүлэх боломжтойг бид биш дэлхий ертөнц нотолж байна. Бидний даган дуурайдаг АНУ-д хүртэл сонгуульд будилаан орсныг хүлээн зөвшөөрөөд автомат машин хэрэглэхээс татгалзаад байна шүү дээ.

 

С.Заяа


Нүүр хуудас