АНУ Тайваньд зэвсэг худалдахаар боллоо

2015-12-17 18:16:53

 

АНУ Тайваньд 1.83 тэрбум ам.долларын зэвсэг худалдахаар болсон тухайгаа зарлалаа. Өчигдөр Вашингтон хотноо АНУ-ын Гадаад явдлын яамныхан энэ талаар мэдээлсэн бөгөөд “Энэхүү зэвсгийн худалдаа Тайваний өөрийгөө хамгаалахад нэмэлт хүч болно” гэв.

 

АНУ-аас Тайваньд танк, пуужин болон галын хяналтын систем, газар уснаа явагч “Перри” төрлийн хоёр харуулын хөлөг онгоц зэрэг зэвсэг орж байгаа гэнэ. АНУ олон жилийн туршид Тайваньд зэвсгийн наймаа хийгээгүй юм байна. Энэхүү зэвсгийн худалдааны талаараа Хятад улсын Засгийн газарт мэдээлсэн гэж АНУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жон Керби мэдээлсэн байна.

 

Тайвань АНУ-ын хооронд байгуулсан зэвсгийн гэрээ Хятад болон Тайванийн хоорондын харилцаанд сэв суулгахгүй гэж АНУ-ын тал үзэж байгаа аж. Харин Хятад улс АНУ-ын зэвсгийн наймааг шүүмжилж, энэхүү наймаа нь Хятад Тайванийн хоорондын харилцааг сэвтүүлэх боломжтой гэж мэдэгдсэн байна.

 

Хятад улс болон Тайванийн харилцаанд сүүлийн үед зөөлөн уур амьсгал бий болсон юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр Хятад улсын төрийн тэргүүн, Тайванийн тэргүүнтэй уулзаж ярилцсан. Энэ уулзалт 1949 оноос хойш анх удаа зохион байгуулагдсан юм.

 

Б.Амараа


Нүүр хуудас