Иемен Улсад гал зогсоох гэрээ хэрэгжсэнгүй

2015-12-17 17:52:23

 

Иемен Улсын арми болон Хути бүлгийн босогчдын хооронд долоо хоног гал зогсоох гэрээг өнгөрсөн мягмар гарагт байгуулсан юм. Гал зогсоох гэрээ мягмар гарагийн 12.00 цагаас эхэлсэн ч 24 цаг бололгүй гэрээ зөрчигдөж Тайс мужийн нутагт Хути бүлгийн босогчдын эсрэг агаарын дайралтыг өчигдөр эхлүүллээ гэж  “Саба” агентлаг мэдээллээ.

 

Агаарын дайралтын зэрэгцээ босогчид болон армийнхны хооронд тулаан болж олон хүн амь насаа алдсан гэж Саудын Араб Улсын  “SPA” агентлаг мэдээллээ. Гал зогсоох гэрээг Иемений Засгийн газар болон бүс нутгийн босогчдын удирдагчид байгуулж хоорондоо хоригдол солилцох талаар тохиролцсон байсан гэж НҮБ-ын онцгой төлөөлөгч Исмайл Оулд шеих Ахмед мэдээлсэн юм.

 

Уг гал зогсоох гэрээний дагуу Ерөнхийлөгч Мансур Хадигийн армийн болон энгийн иргэд нийлсэн 265 хоригдлыг Хути бүлгийн 360 босогчдоор солилцох ёстой байжээ. Хоригдол солилцох ажил Иемен улсад есөн сар үргэлжлээд байгаа зэвсэгт мөргөлдөөнийг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэх байсан гэж албаныхан мэдээлсэн байна.

 

Иемен улсад зэвсэгт мөргөлдөөний улмаас 5800 хүн амь насаа алдаад байгаа юм.

 

Б.Амараа


Нүүр хуудас