ХБНГУ-д цагдаагийн тусгай ажиллагаа эхэллээ

2015-12-17 16:53:20

 

ХБНГУ олон жилийн туршид хэрэгжүүлээгүй байсан тусгай ажиллагааг Парис хотод болсон халдлагын дараа сэргээн хэрэглэж эхэллээ. ХБНГУ-ын цагдаагийн байгууллага 1977 онд “Луфтханза” компанийн онгоцны зорчигчдыг халдлагаас чөлөөлөх үеэр амжилттай хэрэгжүүлсэн “GSG 9” ажиллагааг дэмжих,  "BFE+" нэртэй шинэ ажиллагаа эхлүүлсэн байна.

 

 

Энэхүү цагдаагийн тусгай ажиллагааг эхлүүлэх асуудлаар ХБНГУ-ын дотоод хэргийн сайд Томас Мезире болон Холбооны цагдаагийн газрын дарга Дийтер Роман нар харилцан тохиролцжээ.  "Энэ нь нэг шийдвэртэйгээр үйл ажиллагаа явуулах тусгай хамгаалалтын ажиллагаа юм. Энэ ажиллагаа  аливаа халдлагаас урьдчилан сэргийлэх болон барьцаалагдсан иргэдийг чөлөөлөхөд чухал үүрэг гүйцэтгэнэ" гэж  цагдаагийн газрын дарга Романн мэдэгджээ.

 

“BFE+” ажиллагаа нь цагдаагийн албан хаагчдын террорист ажиллагааны эсрэг авах арга хэмжээ болон цагдаагийн албан хаагчдын ур чадварыг улам нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа гэнэ. Ингэснээр террорист ажиллагааны эсрэг тусгай  ажиллагааг тодорхой бус хугацаагаар явуулах юм байна. ХБНГУ-ын дотоод хэргийн яамнаас энэ ажиллагааны үеэр цагдаагийн албан хаагчдыг бүрэн зэвсгээр хангах болон тэднийг цаг үргэлж сонор сэрэмжтэй байх шаардлагыг тавьж байгааг дуулгалаа.

 

Б.Амараа

 


Нүүр хуудас