Сүйрлийн гэрээ болсон гэв

2015-12-17 16:05:00

 

“Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн гэрээнд өчигдөр гарын үсэг зурсан. Үүнийг УИХ-ын гишүүн Г.Уянга “Энэ бол сүйрлийн гэрээ” хэмээн тодотголоо. Тиймээс УИХ-ын гишүүн Г.Уянга, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Л.Цог нар уг гэрээг буруутгаж, үүнээс үүдэх хор уршгийн талаар олон түмэнд хандан сонордуулга гаргажээ.

 

Сонордуулгад “Оюутолгойн ордын лицензыг барьцаалж, Рио тинто компани 6 тэрбум ам.долларын зээлийг дэлхийн томоохон 15 банк, санхүүгийн байгууллагаас авч, хувь нийлүүлэгчийн зүгээс оруулсан одоогийн зээлийн төлбөрөө авч дараад, улмаар 4.4 тэрбум ам.долларыг өөрийн дансандаа байршуулахаар заажээ. Энэ нь Оюутолгойн ордыг барьцаалж авсан зээлийг зөвхөн Оюутолгойн санхүүжилт, үйл ажиллагаанд зарцуулах бус өөрийн бусад гадаад улс дахь бизнес, үйл ажиллагаанд ашиглах болж байна. Хөрөнгө оруулалтын анхны гэрээний өртөг 4.6 тэрбум ам.доллар, үүнээс 1.5 тэрбум ам.долларыг далд уурхайн бүтээн байгуулалтанд оруулахаар төлөвлөснийг Монголчууд бид мартаагүй байна” гэсэн байна.

 

Оюутолгойгоос хүртэх ашиг 2021 оноос эхлэх байсныг 2034 он болгож хойшлуулсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцрох ёстой гэж УИХ-ын гишүүн Г.Уянга үзэж, гарын үсэг цуглуулж буй. Зөвхөн үүнийх нь төлөө Ерөнхий сайдыг огцруулвал уг гэрээг дахин засч залруулж болох гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Бид Оюутолгойгоо алдчихлаа. Дэлхийн хэмжээний банк санхүүгийн байгууллагад алдаж байна. Маргаашнаас эхлээд амьдрал сайжрах юм шиг ярьж эхэллээ. Тийм зүйл байхгүй. Далд уурхайн зардлыг зохиомлоор 4 дахин өсгөн авч буй 6 тэрбум ам.долларын зээл, анхны хөрөнгө оруулалтын хэтрэлт 1 тэрбум гаруй ам.доллар, алдагдалтай тодотголтой 904 сая ам.долларын татварын хөнгөлөлт зэргийг Дубайн гэрээгээр Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрснөөр манай улсын хүртэх ногдол ашиг анх төлөвлөсөн 2021 оноос 16 жилээр хойшилж, 2037 оноос авахаар болж алсран одлоо. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монголын талд ашиггүй болох нь жилээс жилд амьдралаас нотлогдож байна. Оюутолгойг хэн ч, хэзээ ч зогсоогоогүй. Оюутолгой улс төрөөс ангид боллоо гэж яриад байна. Үнэнд гүйцэгдэнэ шүү” гэлээ.

 

Дашрамд, “Оюутолгой” компани 2014 онд 3.1 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 9.3 хувь буюу 300.5 тэрбум төгрөг, 2015 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар 3.2 их наяд төгрөгийн борлуулалт хийж 11 хувь буюу 352 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

 

С.Аз


Нүүр хуудас