Жил бүр ирэх тэрбум ам.долларын урсгал нээгдлээ

2015-12-17 10:34:02

 

Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдлаа. Өчигдөр болсон гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд санхүүжүүлэгч 14 банкны төлөөлөл, “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболд, “Оюутолгой” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Эндрюү Вүүдлэй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Уул уурхайн сайд Р.Жигжид нар оролцсон.

 

Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтад 4.4 тэрбум ам.доллар зарцуулагдана. Ирэх оноос бүтээн байгуулалтын ажил эрчимжих бөгөөд ингэснээр Монголд жил бүр 1 тэрбум гаруй ам.долларын дотогшлох урсгал бий болох нь. Мөн бүтээн байгуулалтын шатанд 3000 гаруй ажлын байр бий болно. 4.4 тэрбум ам.доллар гэдэг манай улсын ДНБ-ий 40 хувьтай тэнцэх их мөнгө. Мөн дэлхийн уул уурхайн төслийн түүхэнд бичигдээгүй хамгийн том дүнтэй зээл болж байна.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ үеэр хэлсэн үгэндээ “Монгол бизнестээ эргэн ирлээ. Өнөөдрөөс эхлэн Оюутолгой бол ямар нэгэн улс төр, Засгийн газрын асуудал биш боллоо” гэв. Түүнчлэн Монгол Улсын сайд М.Энхсайхан “Оюутолгой төслийн хувьд Рио, Туркойз хилл, Монголын Засгийн газар гурав нэг завин дээр сууж, дэлхийн том зах зээл рүү хөвж явсан. Буруу, зөв хэлүүлээд их удаан явж байсан. Одоо тэр завин дээр дэлхийн банк, санхүүгийн 20 байгууллага нэмэгдчихлээ. Тэд нэг зүгт сэлүүрдэнэ. Оюутолгой төсөл маш эрчимтэй урагшлахаар боллоо” гэсэн юм.

 

Монгол Улсад орж ирэх хөрөнгө оруулалт багассан, долларын ханш өсөлттэй байгаа энэ үед Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг эхлүүлснээрээ онцлог боллоо. Өмнө нь 2009 оны эдийн засгийн хямралын үед Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, анхан шатны хөрөнгө оруулалтыг эхлүүлж байсан. Ингэснээрээ 2010, 2011 онуудад Монголын эдийн засаг огцом тэлэх “түлхүүр” болж байсан. Мөн тухайн үедээ 1700-г давж үнэд ороод байсан “ноён доллар” 1100 төгрөг хүртэл буурч байлаа. Тухайн үед 4.7 тэрбум ам.долларт хүрээд байсан гадаадын хөрөнгө оруулалт өнөөдөр 15 сая ам.доллар болсон. Харин хоёр дахь шатны санхүүжилтийг эхлүүлснээр шалан дээр унасан гадаадын хөрөнгө оруулалт эргэн сэргэх хандлага буй болж байгааг судлаачид онцолж байна.

 

Хоёр дахь шатны санхүүжилтийн гэрээг үзэглэх үеэр гадаадын 14 томоохон банкны төлөөлөл Улаанбаатарт хүрэлцэн ирсэн. Мөн Монголын аж ахуйн нэгж, компаниудын төлөөлөл уг үйл ажиллагаанд өргөнөөр оролцсон билээ. Тэд мөн гадаадын банкуудын төлөөлөлтэй уулзаж, өөр өөрсдийн төсөл, хөтөлбөрөө танилцуулсан. Гадаадын банкууд ч бас Монголын бусад компаниудын төслийг сонирхож эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Оюутолгойгоос гадна бусад төслүүдээр дамжин Монголд орж ирэх ам.долларын урсгал нээгдэж байна.

 

Л.Энхдэлгэр 


Нүүр хуудас