Сонгуулийн хууль ард түмний захиалга биш

2015-12-17 09:15:21

 

Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй бол УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдаанд суухгүй хэмээн УИХ дахь МАН-ын бүлэг “бойкот” зарлаад долоо хонож байна. Харин эрх баригч АН “Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй” гэж үзэж буй. Ийн маргалдаж суух хооронд тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хугацаа хэтэрлээ гэх судлаачид ч байгаа юм. Манайд сонгууль бүрийн өмнө хуулиа “хөнддөг” жишиг тогтоод удаж байна. 2011 оны арванхоёрдугаар сард санал тоолох “хар машин” гээчийг ашиглахаар хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Намын жагсаалтыг энэ удаа дурьдахаа болъё.

 

Харин энэ хуулиа тухайн үед эрх барьж байсан МАН-ынхан өөрчлөн гэж зогсоо зайгүй шамдуулах. Хяналтын тооллогыг давхар хийх ёстой, хар машинд итгэхгүй байна гэдгээ ч олон нийтэд зарлаад байна. Үүний нөгөө талд санал тоолох машин будилаантай юм бол анхнаасаа яах гэж оруулж ирсэн юм гэх шүүмжлэл ч гарах болсон. Ямартай ч МАН  парламентад суудалгүй бусад намын төлөөллийг эгнээндээ нэгтгэн Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хүч түрж байна. Тэд УИХ-ын даргад хоёр хоногийн хугацаатай шаардлага хүргүүлжээ. Учир нь, Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн  22 намаас нэг нь  буюу эрх баригч АН-аас бусад нь санал нийлэн, Сонгуулийн хуулийг  УИХ-д өргөн бариад хоёр сар болж байгаа аж.

 

Уг хуулийн төслийг хэлэлцэхгүй байгаа учир суулт хүртэл зарлаж, жагсаал цуглаан зохион байгуулаад ч тусыг эс олов. Тэд хяналтын тооллого хийж, үүнийгээ камерын бичлэгээр баримтжуулан баталгаажуулах шаардлага тавьж байна. Хар машинд яагаад итгэхгүй байна вэ. АНУ-ын компаниуд эрхийг нь өмчилж эзэмшдэг хар машины программыг өөрчлөх ямар ч боломжгүй гэсэн тайлбарыг СЕХ-ноос өгчээ. Тэд үүнийг Монголын сонгуулийн үр дүн АНУ-ын нэг компанийн мэдэлд байж,  ард түмний сонголтыг яаж ч засч өөрчилж болох юм байна гэсэн эргэлзээг төрүүлж байна гэх. Эрх барьж байх үедээ баталсан хуулиа ийн үгүйсгэж буй нь дараагийн сонгуульд ямар ч хамаагүй “үнээр” олонх болохыг улайрсан үйлдэл гэж харагдах.  

 

Хэрэв энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй бол улсын хэмжээнд үндэсний тэмцэл өрнүүлж, Сонгуулийн хуулийг өөрчлөх үндэсний фронт байгуулахаа мэдэгджээ. МАН-ын генсек Ж.Мөнхбат “Дэлхий дахинд АНУ  Ерөнхийлөгчийн болон Конгрессийн сонгуульд Монголд хэрэглэж байгаа стандартын хар машиныг хэрэглэж булхай луйвар хийдгийг хүлээн зөвшөөрөөд больсон. Түүнчлэн Англи, Герман, Франц, Швейд зэрэг өндөр хөгжилтэй улс энэ машинаас татгалзаад байна 16 сая сонгогчтой Австрали улс ч сонгуулийн саналаа гараар тоолж байна. Дэлхийн технологийн шилдэг инженерүүд байдаг Энэтхэг ч мөн гараар тоолж байгаа. Тэгэхээр манайх энэ машиныг хэрэглэнэ гээд байгаагийн цаана  Монголын ард түмний саналыг, ардчиллыг хакердах аюул байна” гэв.

 

Тэгвэл 2011 оны арванхоёрдугаар сард уг хуулийг баталж байхад дэлхийн дээрх орнууд хар машиныг хэрэглэхээ больсон байсан. Тэр үед яагаад сонгуулийн санал тоолох хар машиныг нэвтрүүлэв гэх асуудал гарч ирж байна. Түүнчлэн ард түмний 90 орчим хувь нь Сонгуулийн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэж үзсэн хэмээж танилцуулж байсан. Ийм судалгааг ямар байгууллага хийв. Өөрөөр хэлбэл, сонгуулийн насны сая гаруй хүн Сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой гэж үзсэн байх нь. Ийм өргөн хэмжээний судалгааг хэдий хугацаанд аль байгууллагаар хийлгэв гэх асуудал ч гарч ирнэ. Үндсэндээ ард түмний нэрийг барьж, гоё сайхан үгтэй “илтгэл” танилцуулж, улс орны бус өөрсдийнхөө амин хувийн эрх ашгийг бодон Сонгуулийн хуульд “гар хүрэх” гэж улайрч байна шүү дээ.

С.Заяа

 


Нүүр хуудас