Манайх үүрэг хариуцлагаа орхигдуулсан гэв

2015-12-16 16:24:00

 

“Нутгийн удирдлага: Сорилт ба шийдэл” сэдэвт үндэсний семинар өнөөдөр боллоо. Үндэсний семинарыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн. Тэрээр “Жил бүхэн манай орон нутгийн удирдлага Улаанбаатарт хүрэлцэн ирж, тухайн жилийнхээ асуудлуудыг УИХ, Засгийн газар, бусад олон чиглэлийн байгууллагуудтай ярилцдаг уламжлалтай. Энэ жил нутгийн удирдлага, түүнд тулгамдаж байгаа асуудлууд, сорилт, ямар шийдэл байж болох тухай гэсэн цаг үеэ олсон асуудлаар та бүхэн ярилцахаар цугларсан нь их зөв юм. Шинэ нийгэмд шилжээд бид 26 жил болоход хүмүүс бид бүгдээрээ маш их суралцсан. Нийгэм өөрөө маш их хэрсүү болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. Нийгэмдээ халдацгүй, наалдацгүй зүйл ярихад нийгэм түүнийг хүлээж авч чадахгүй. Эндээс юу гэж хэлэх гэж байна вэ гэвэл өнөөдрийн энэ тогтсон тогтолцоо, улс төр, энэ чиглэл нь сайжрах тал руугаа цаашаа явах байх” гэлээ.

 

Мөн тэрээр гурван зүйлийг тодотгосон. Нэгдүгээрт, хүний эрх, эрх чөлөөт байдлыг хүндэтгэнэ. Эрх, эрх чөлөө, үүрэг хариуцлага гэдгийг ижил тэнцүү авч үзэж байгаа юм. Манайх үүрэг хариуцлага гэдэг талаа их орхигдуулсан. Иргэн дээр ч бай, албан тушаалтан дээр ч бай. Тиймээс эрх, эрх чөлөө, үүрэг хариуцлагыг ижил тэнцүү авч явдаг.

 

Хоёрдугаарт, хуулиар засаглах ёсыг, хуулийн засаглалыг л хатуу мөрддөг. Хууль биелүүлдэг, хууль биелүүлээгүй зөрчсөн бол, ялангуяа албан тушаалтан зөрчсөн бол хариуцлага хүлээдэг. Хэн ч хуулийн гадна, хэн ч хуулийн дээр биш гэдэг ойлголт байгаа юм. Энэ бол амжилттай явж байгаа нийгмийн бас нэг зүй тогтол.

 

Гурав дахь зүй тогтол бол иргэдийн оролцоо, санаачилгыг дэмждэг. Нэгэнт л тэр иргэдийн өөрсдийнх нь байгуулж байгаа, сайн сайхан явахын төлөө байгуулж байгаа нийгэм учраас түүнийг дэмждэг, ийм нэг гурван зүй тогтол байна. Үүнд бид нийцүүлж ажлаа харж явах ёстой" гэсэн юм.  

Eagle.mn


Нүүр хуудас