Оюутолгойн мөнгө ирлээ

2015-12-16 08:30:00

 

Гурван жил гаруй хугацаанд гацсан Оюутолгойн далд уурхайн төсөл өнөөдрөөс эхэлж байна. Шийдлийн Засгийн газрын тэргүүн Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай Дубайд тохиролцоонд хүрснээр 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэхээр болсон. Рио Тинто групп энэ хэмжээний санхүүжилтийг олон улсын 14 банкнаас авах бөгөөд өнөөдөр далд уурхайн санхүүжилтийн зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурлаа. 

 

Гарын үсэг зурах ёслолд манай талаас Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболд нар оролцсон. Мөн зээл олгогч банкуудын төлөөлөл, Рио Тинто, “Turquoise Hill” компанийн удирдлагууд оролцлоо. Эхний ээлжинд Оюутолгойнхон энэ ондоо багтаад далд уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажилд зориулж, 300 гаруй сая ам.доллар зарцуулах гэж байна. Цаашдаа 4.2 тэрбум ам.долларыг зарцуулснаар газрын 1200 метрийн гүнд 200 гаруй км урт туннель барина. Харин далд уурхайг бүхэлд нь ашиглалтад оруулахад 16 тэрбум ам.доллар зарцуулах төлөвлөгөөтэй.

 

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Оюутолгойн далд уурхайн санхүүжилт гацсанаар тэнд ажиллаж буй 2000 гаруй ажилтан ажилгүй болоод байсан. Харин одоо ажил эхэлснээр 2000 гаруй ажлын байр эргээд бий болох таатай мэдээ байна. Үүнийг дагаад ханган нийлүүлэлтийн ажил, үйлчилгээнүүд ч сэргэнэ. Ирэх онд далд уурхайн бүтээн байгуулалтын ажил улам эрчимжинэ гэдгийг тус компанийнхан мэдэгдэж буй билээ.

 

Ч.Сайханбилэгийн Засгийн газар 4.2 тэрбум ам.долларыг хүлээн зөвшөөрснөөр Монголыг дахиад өрөнд орууллаа хэмээн зарим улстөрчид хатуу эсэргүүцэж буй. Харин үүний нөгөө талд өнгөрсөн гурван жилийн хугацаанд алдсан гурван тэрбум ам.долларын алдагдлыг хэн хариуцах вэ гэдгийг шийдлийн Засгийн газрын тэргүүн асууж буй билээ. Нөгөөтэйгүүр 4.2 тэрбум ам.долларын санхүүжилтийг дагаад дахиад төдий хэмжээний ажил үйлчилгээ, ажлын байр бий болно. Энэ утгаараа Оюутолгойн мөнгө Монголд хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд энэ мөнгө байгаагүй учраас эдийн засаг хүндэрч, долларын ханш 2000-д хүрсэн гэж шууд тайлбарлах эдийн засагчид ч бий.

 

Хүссэн ч, эс хүссэн ч Оюутолгой бол Монголд хэрэгжиж буй хамгийн том уул уурхайн төсөл. Монголд байтугай дэлхийд эхний тавд ордог томоохон хэмжээний зэс, алтны орд. Хараахан бүрэн ашиглалтад ороогүй байгаа гэж тооцвол дэлхийн хэмжээнд нэгдүгээрт орох томоохон төсөл юм. Монголд төдийгүй дэлхийд аварга томд тооцогдох ордоо зөв ашиглаад эхэлбэл, мэдээж сайн мэдээ л болно. Том хэмжээний хөрөнгө оруулалт хөдлөөд эхэлбэл, бусад жижиг хөрөнгө оруулалт дагаж ирдэг нь хөрөнгө оруулалтын бичигдээгүй хууль.

 

2011 онд гадаадын хөрөнгө оруулалт 4.7 тэрбум ам.долларт хүрэхэд бараг тэн хагасыг нь Оюутолгойн бүтээн байгуулалт бүрдүүлсэн. Харин Оюутолгойн бүтээн байгуулалт зогсоход гадаадын хөрөнгө оруулалт тасралтгүй буурсаар ирлээ. Хамгийн сүүлийн мэдээ буюу 2015 оны есдүгээр сарын байдлаар Монголд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт ердөө 10 сая ам.долларт хүрч, 40 дахин буурлаа. Жилийн дүнгээрээ харьцуулбал, -30 сая ам.долларт хүрсэн. Харин одоо Оюутолгойн бүтээн байгуулалт эхэлснээр шалан дээр унасан хөрөнгө оруулалт эргээд сэргэх найдлага төрж байна.

 

Мэдээж өргөс авсан юм шиг гэрээ зурангуут бөөн мөнгө ороод ирчихгүй. Гэхдээ ирэх жилүүдэд Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтын түгжээг тайлсан үйл явдал боллоо.

 

Л.Энхдэлгэр 


Нүүр хуудас