Монгол туургатан ширэн бээлийтнүүдийн ширүүхэн тулаан эхэлнэ

2015-12-11 16:52:11

 

“Монгол туургатны боксын анхдугаар их наадам”-ын хэвлэлийн бага хурал Чингис хаан зочид буудлын хурлын танхимд боллоо. “Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг” /World Mongolians Global Association/-аас санаачлан зохион байгуулж буй энэхүү тэмцээнд өрсөлдөх тамирчид өчигдөр Улаанбаатарт иржээ. Тэмцээн зохион байгуулах комиссын даргаар Хөдөлмөрийн баатар, олимпын алтан медальт Э.Бадар-Ууган ажиллаж буй.

 

Монголын боксын холбоотой хамтран зохион байгуулж буй “Монгол туургатан”-ын боксын анхдугаар их наадам энэ сарын 12-14-ний өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болох юм.

 

Энэ удаагийн тэмцээнд Монгол, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува Улсын 18-40 насны шилдэг боксчид Олон улсын AIBA дүрмийн дагуу оролцох юм байна.

Харин тэмцээнд оролцохоор яригдаж байсан ӨМӨЗО-ны тамирчдын хувьд өөр тэмцээнтэй байгаа учраас энэ удаагийн наадамд оролцож амжихгүй болсон тухайгаа албан ёсоор дуулгажээ.

 

Түүнчлэн АНУ-д хүч үзэж байгаа Гавьяат тамирчин Н.Төгсцогт оролцож магадгүй хэмээн яригдаж байсан ч түүний тоглолтын хуваар шахуу учраас дасгалжуулагчид нь оролцох боломжгүйг мэдэгдсэн байна.

 

Тэмцээн 49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг-ийн жинд болох бөгөөд манай улсаас Г.Ган-Эрдэнэ, Г.Ариунболд, М.Чухал-Эрдэнэ, Т.Жалдасбек, М.Гандулам, А.Нурлан, Б.Төмөрхуяг, Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Э.Идэрхүү, Б.Мишээлт, Х.Тулга, Д.Отгондалай, Б.Жавхлан, О.Батхүү, Ц.Пүрэвсүрэн, Б.Чинзориг, Г.Баярхүү, О.Норовбал, Ц.Отгон-Эрдэнэ, Б.Түвшинбат, О.Батзориг, З.Энхзориг, Д.Давааням нарын тамирчид оролцохоор болжээ. Харин ӨМӨЗО-оос тав, Халимагаас гурав, Тува, Буриадаас тус бүр зургаан тамирчин оролцохоор болсон байна.

 

Монгол туургатан улсуудын боксын холбооны тэргүүнүүд хэвлэлийн бага хуралд оролцсон бөгөөд тэд анх удаа Монголд ирсэн баярын сэтгэгдлээ хуваалцлаа. Тэд наадмын талаар сэтгэгдэл өндөр байгаагаа онцлон цаашид жил бүр өргөн хүрээг хамруулан зохион байгуулна гэдгээ илэрхийлсэн юм. Тэдний хувьд энэ удаад шилдэг тамирчдынхаа хамт монголд анх удаа хүч үзэхээр ирээд байгаа. Монголын тамирчдын хувьд ч тэдэнтэй тэр бүр таарч тоглож байгаагүй учраас сонирхол татсан, ширүүхэн тулаанууд болох байх хэмээн бокс сонирхогчид онцлон тоглолтын өдрийг тэсэн ядан хүлээж байна.

 

Э.Бадар-Ууган: Бид боксоор амьсгалж байгаа

 

 

Энэхүү тэмцээний хувьд Азидаа хамгийн өндөр шагналын сантай нь аж. Наадмын талаар тэмцээн зохион байгуулах комиссын даргаар Хөдөлмөрийн баатар, олимпын алтан медальт Э.Бадар-Ууганаас зарим зүйлсийг тодрууллаа.  

 

-Анхдугаар наадамд эх орноо төлөөлөн ямар тамирчид оролцох вэ?

 

-Өнгөрсөн нэгдүгээр сард манай улсын аварга шалгаруулах тэмцээн болсон. Тэр тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль авсан тамирчид энэ наадамд урилгаар оролцож байгаа.

 

-Тэмцээний цаашдын зорилго?

 

-Манай боксын төрөлд онцлоод хэлэхэд ХБНГУ-ын “Химийн цом” гээд дэлхийн өндөр рейтингтэй том тэмцээн болдог. Химийн цомоос алтан медаль хүртсэн тамирчин тухайн жилдээ дэлхийн аваргаас медаль заавал хүртдэг зарчимтай өндөр нэр хүндтэй тэмцээн. Тэр тэмцээний хувьд нэг жинд найман тамирчин оролцож гурав хоног л үргэлжилдэг. Тэр тэмцээн шиг Монгол туургатан гээд тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулъя гэж бодон энэхүү шийдвэрт хүрсэн. Өнөөдөр манай нийгэмлэгт салбар бүрийн мэргэжилтэй хүмүүс байгаа ч эдгээр өдрүүдэд бид боксоор амьсгалж байгаа. Сүүлийн үед монголд боксын тэмцээн болоогүй уджээ. Тэр ч утгаараа олон хүний сэтгэл шингэсэн энэхүү наадмаа маш сайхан болно гэж бодож байгаа.

 

-Тэмцээний шагналын сан өндөр гэсэн байх аа. Тэр талаар сонирхуулахгүй юу?

 

-Боксын тэмцээн жүдо, чөлөөт бөхийн тэмцээнийг бодвол харьцангуй мөнгөн шагнал багатай болдог. Тэр ч бас л шүүмжлэл дагуулдаг. Дэлхийн боксын холбооны удирдлагууд боксын тэмцээнийг хамгийн өндөр мөнгөн шагналтай байх хамгийн их үзэгчдийн цөсийг хөөргөдөг спорт мөртлөө хамгийн бага шагнал өгдөг гэж байнга шүүмжилдэг. Сүүлийн үед ганц нэг мөнгөн шагналтай тэмцээнүүд зохиогдох болсон. Манай тэмцээний хувьд алтан медаль хүртсэн тамирчин 1500 ам.доллар, мөнгөн медалийн эзэн 1000 ам.доллар, хүрэл медалийн эзэн 500 ам.доллараар шагнуулна. Аварга болсон тамирчин эв найрамдлын бэлгэдэл болсон шилжин явах Алтан цомыг хүртэнэ. Боксын спортын төрөлд манай тэмцээний мөнгөн шагнал бол өндөр байгаа.

 

 

-Анхдугаар тэмцээн гэсэн учраас цаашид ямар давтамжтайгаар зохион байгуулах вэ. Зохион байгуулах улс нь зөвхөн Монгол байх уу?

 

-Бид бүхний сая явсан ажил энэ талаар яригдсан. Тэдгээр боксын холбоод дараагийн удаа энэхүү тэмцээнийг манайд хийж болно ирэх эжилийг нь манайх авъя гэж ярьж байсан. Энэ бүх асуудлыг тэмцээний үеэр эцэслэн шийднэ. Шилжин явах цомын тухайд ч гэсэн байгаа баг нь гурван жил тэрхүү байр сууриа хадгалах юм бол тухайн багт үүрд үлдэнэ гэдэг ч юм уу. Боксын тэмцээн дундуур Монгол, Өвөрмонгол, Бруиад, Тува, Халимагийн тамирчид удирдлагуудтай хийх боксын семинар, уулзалт, техникийн зөвлөгөөн байгаа.

 

-Боксын зарим тэмцээний тухайд шүүлт дээр их асуудал гардаг. Энэ тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүний талаар сонирхуулахгүй юу. Гаднаас шүүгч уригдан оролцох уу?

 

-Манай боксын холбооноос тэмцээний шүүлтийн тал дээр маш их анхаарч ажиллаж байгаа. Олон шүүгч шүүхгүй. Олон улсын AIBA-гын дүрмээр шүүдэг одтой шүүгчид ажиллана. Дэлхийн боксын холбоо шүүгч нараа оджуулсан. Түүний дагуу одтой шүүгчид дэлхийн хэмжээнд шүүж ажиллана. Гаднаас шүүгч ирж ажиллана.

 

-Үзэгчдийн хувьд тэмцээнийг үзэх боломж хэр нээлттэй байгаа вэ?

 

-Монгол бөхийн өргөөнд 12, 13, 14-нд болно. Тасалбар 20 мянган төгрөгөөр зарагдаж байгаа. Бид бүхэн эхнээсээ тэмцээнээ үнэ цэнэтэй байлгах үүднээс тасалбарыг үнийг ийнхүү 20 мянган төгрөг байхаар тогтсон.

 

Д.Отгондалай: Доторх өрсөлдөөн хамгийн ширүүн байдаг

 

Ази тивийн аварга, ОУХМ Д.Отгондалай энэ удаагийн боксын шилдгүүдийн тулаанд 60 кг-нд хүч үзэх юм.

 

-Монгол туургатны боксийн анхдугаар наадам болох гэж байна. Энэ наадмын талаар сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

 

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож ирээд амралтын байдалтай байсан. Саяхнаас энэхүү Монгол туургатны боксийн анхдугаар наадамд оролцохоор бэлтгэл сургуулилтдаа орсон. Энэхүү наадамд эх орноо төлөөлөн жин тус бүрд улсын аваргаас медаль хүртсэн шилдэг тамирчид оролцохоор бэлтгэлээ базааж байгаа. Буриад, Тува, Халимаг, Өвөрмонголын тамирчидтай хүч үзнэ. Нэг жинд найман тамирчин оролцох болохоор тэдгээр тамирчидтай нударга зөрүүлнэ дээ.

 

-Наадмын ач холбогдлыг та хэрхэн харж байгаа вэ?

 

-Монгол туургатны анхдугаар тэмцээн учраас нэлээд ач холбогдол өгч байгаа. Хэдийгээр цөөхөн орны тамирчид хүч үзэж байгаа ч зохион байгуулалт бол маш сайн байгаа. Том цар хүрээг хамарсан мундаг тэмцээн болох шинжтэй байна.

 

-Таны хувьд энэхүү тэмцээнээс шагнал хүртэнэ гэдэг нэр төрийн хэрэг болов уу?

 

-Тамирчин хүн бүрийн нэг зорилго бол анхны тэмцээнд түрүүлэх байдаг. Тэр ч утгаараа энэ тэмцээнд түрүүлэх зорилго тавиад бэлтгэл сургуулилтаа хийж байна.

 

-Өрсөлдөгчдийнхөө талаар хэр мэдээлэл цуглуулсан бэ?

 

-Бид Өвөрмонголд очиж бэлтгэл, сургуулилт хийдэг. Тиймээс Өвөрмонголын тамирчдыг ерөнхийдөө гадарлана. Харин Халимаг, Буриад, Тува улсын тамирчдын талаар одоогоор мэдээлэлгүй байна. Мөн монголоос надаас гадна гурван шилдэг тамирчин оролцоно. Тэр ч утгаараа нэлээд ширүүхэн өрсөлдөөн болно гэж харж байгаа. Улсдаа нэг номерт байж гадагшаа тэмцээнд явдаг. Тэр ч утгаараа доторх өрсөлдөөн хамгийн ширүүн байдаг.

 

 

-Таны хувьд энэ жил олон тэмцээнээс шагналын хур буулгасан. Ирэх жил ямар тэмцээн уралдаанд оролцохоор төлөвлөөд байгаа вэ?

 

-Би 2015 онд Ази тивийн аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гээд олон улсын зургаан тэмцээнд оролцож хоёр алт, хоёр мөнгөн медаль авсан. 2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авсан. Өмнө нь 2014 онд Азийн наадмаас алтан медаль авсан байсан учраас рейтинг маань дэлхийд гуравт эрэмбэлэгдсэн байсан. Сая дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөөд хүрэл медалийн төлөө Узбекистаны тамирчинд хожигдон шагналт V байрт шалгарч, олимпийн эрхээсээ мултарсан. Одоо энэ тэмцээндээ бэлтгэж байна. Ирэх оны гуравдугаар сард олимпийн эрхийн тэмцээн БНХАУ-д болно. Мөн он гараад нэгдүгээр сард улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Хамгийн гол зорилт бол улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх. Улсын аваргын бэлтгэлээ энэхүү Монгол туургатны анхдугаар тэмцээнээрээ сайн хангаж авах төлөвлөгөөтэй байгаа. 

 

“Монгол туургатны боксын анхдугаар наадам”-ын хөтөлбөр:


Хөтөлбөр:
12.11: Баг тамирчдыг хүлээн авна.
    20:00 цагаас Техникийн зөвөлгөөн

12.12:
    07.00-08.00 Нэгдсэн жин үзлэг
    09.00-10.00 Сугалаа
    13.00 Урьдчилсан тулаан 24 хос

12.13:
    07.00-07.30 Жин үзлэг
    15.00 Хагас шигшээ тулаан 12 хос

12.14:
    07.00-07.30 Жин үзлэг
    16.00 Шигшээ тулаан
    * Хүрэл медалийн төлөө 6 хос
    * Алтан медалийн төлөө 6 хос
    21.00 Үдэлтийн хүлээн авалт (Чингис хаан зочид буудал)

12.15: Зочдыг үдэн гаргах.

Олон улсын боксын холбооны дүрмийн дагуу тоглолт 3 минутаар 3 раунд-р явагдах юм байна.

 

Г.Даша


Нүүр хуудас