А.Уранчимэг: Оношилгоонд илэрсэн бүхий л өвчнийг цогцоор нь эмчилнэ

2015-12-11 12:40:30

Нэгэн үе манай улсад оточ, маарамба, хутагт хувилгаан олон байв. Тэд судас барьж, ном уншиж, эм барьж үхэл амьдралын зааг дээр ирсэн нэгнийг ч алтан аяганаас ус уух хувьтай болгосон гэх итгэмээргүй түүхүүд олон бий. Гэхдээ тэд мэргэжлийн мэдлэг гэхээс илүүтэй “увидас” гэмээр зүйлээр шидийг үзүүлсэн гэгддэг. Харин одоо үед шинжлэх ухааны хөгжлийг дагаад эмчлэх авьяасаас гадна мэргэжлийн арвин туршлага шаардагдах болсон.

 

Тэгвэл ардын ухааны дээжийг уламжлалт анагаах ухааны “охь”-той хослуулан олон арван хүнийг эрүүл болгосон нэгэн эмч бидний дунд амьдарч байна. Түүнийг А.Уранчимэг гэдэг.  АУ-ны магистр, клиникийн профессор Урнаа эмчийг ОХУ, АНУ, Герман, Польш зэрэг улсуудад ажиллаж байсан басхүү монголын урдаа барьдаг уламжлалтын цөөхөн эмч нарын нэг гэдгээр нь үйлчлүүлэгчид нь андахгүй мэдэх биз ээ.

 

 

Тэрээр өдгөө “Уран манал” эмнэлгийн эрхлэгчээр ажилладаг юм. Түүнтэй ярилцлаа.

 

-Танай эмнэлэг өвчнийг цогцоор нь эмчилдэг гэж сонслоо. Нэг удаа ирэхэд л  бүх өвчнөө эмчлүүлэх боломжтой гэсэн үг үү?

 

-Тийм ээ. Манай эмнэлэг оношилгоонд илэрсэн бүхий л өвчнийг цогцоор нь эмчилдэг юм. Бид оношилгоог европ буюу ЭХО, рентген, зүрхний цахилгаан бичлэг, лаборатори оношилгоо болон уламжлалт судсаар оношлох аргыг хослуулж үйлчилдэг. Эмчлэхдээ монгол эмийн эмчилгээ, цахилгаан ба төөнүүр, бариа засал, бумба, самнуур, зондоор цөс угаах, рашаанд оруулах, хүзүү нурууны татлага, төрөл бүрийн физик эмчилгээ хийнэ. Бумба эмчилгээ нь гулгуур бумбатай. Бас бариа засал нь дотроо даран бариа, япон бариа, хөлийн улны бариа гэсэн төрөлтэй. Тэгэхээр эдгээр эмчилгээний төрлийг өвтөнд нь тохируулаад хослуулж хийдэг.

 

-Тэгвэл яг ямар өвчтэй хүмүүс танайхаар үйлчлүүлэх боломжтой вэ?

 

-Бүх төрлийн өвчтэй, нас насны хүмүүс ирдэг. Бүгдийг нь эмчилнэ. Ялангуяа вирусны томуу, томуу төст ханиад, зүрх судас, уушгины архаг өвчнүүд, голын хий, нойргүйдэлт, шөнө орондоо шээх, бөөрний хурц, архаг үрэвсэл, тархины хөнгөн ба дунд зэргийн доргилт, чих хамар, хоолойн, гэмтэл, мэдрэлийн өвчлөлийг найдвартай эмчилнэ. Бас эмэгтэйчүүд, арьсны өвчин, бэлгийн сулрал, нөхөн үржихүйн өвчнүүд ч эмчлэх үйлчилгээ үзүүлдэг.

 

-Таныг уламжлалт эмчилгээний ахмад, туршлагатай цөөхөн эмч нарын нэг гэдэг. Салбартаа өрх тусгаарлан ажиллах болсон тухайгаа дурсвал?

 

-Миний хувьд анагаах ухааны уламжлалт эмчилгээний салбарт олон жил ажиллаж байна. Миний үйлчлүүлэгчид намайг мэдэх байх. Мэндсайхан эмчийн “Монг-Эм” гээд уламжлалтын нэртэй эмнэлэг бий. Тэр эмнэлэг бол бид хоёрын хамтарч байгуулсан анхны эмнэлэг. Бид европ эмчилгээгээр үр дүнгээ өгөхгүй ахин дахин эмнэлэг зориод байгаа хүмүүсийг хараад цогц эмчилгээ хийдэг уламжлалтын эмнэлгээ байгуулахаар шийдсэн юм.

 

-Олон жил ажилласан, туршлагатай эмч нар олон нийтэд хандаж зөвлөгөө, мэдээлэл хийх нь цөөнгүй. Гэтэл та их нууцлагдмал хүн юм?

 

-1989 оноос хойш би нэг ч удаа реклам хийж үзээгүй. Харин 1990-ээд онд надаар эмчлүүлж байсан миний нэг үйлчлүүлэгч Монголын радиогийн мэдээний дундуур ярилцлага өгсөн байсан. Тэр хүн зүрхний хийтэй, бамбайн хордлоготой зүрх, мэдрэлийн эмнэлгээр  эмчлүүлээд ч үр дүн гардаггүй, ажлын чадваргүй болсон байсан юм. Тэгээд л над дээр ирж зүү тавиулаад  тэр өдрөө сайхан унтаж амарч, өвчин нь илааршсан удаатай. Тэрний дараа нь Монголын радиогоос над руу яриад уламжлалт эмчилгээний талаар ярихыг урьж, нэг удаа ярилцлага өгч байлаа. Би чинь ярилцлага өгөх дургүй талдаа хүн. /инээв/

 

-Таныг Польшид мэргэжлээрээ ажиллаж байгаад ирсэн гэдэг?

 

-Би Польш улсад 10 орчим жил ажилласан. Европууд болон хөгжингүй орнууд манай уламжлалт эмчилгээг их сонирхдог. Тэр дундаа зүү эмчилгээг ихэд ашиглаж байна. Би Польшоос гадна Орос, Герман, АНУ-д ажиллаж байгаад ирсэн.

 

-Хоргүй агаад хямд өртөгтэй, үр дүнтэй нь уламжлалт эмчилгээ-

 

 

-Олон улсад ажиллаж байсан хүний хувьд манай улсын уламжлалт эмчилгээ олон улсын түвшинд ямар шатандаа явж байгааг ажигласан болов уу?

 

-Намайг АНУ-д байхад олон улсын зарим эмч нар нэгэн зэрэг хүмүүст эмчилгээ хийж байсан юм. Тэгэхэд үйлчлүүлэгчид манай эмчилгээний сайхныг мэдэрч, шимтэж эмчлүүлж байсан нь сайхан санагдсан. Тэгээд л монголын уламжлалт эмчилгээ бол хаана ч дор орохгүй юм байна гэдэгт итгэлтэй болсон юм. Саяхан Польш улсаас нэгэн эмч ирж манай салбарынханд илтгэл тавьсан. Илтгэл тавих үеэрээ “Та нар уламжлалт эмчилгээгээ торгоны зам болгон ашиглах боломж байна. Ингэхдээ европ эмнэлгээр эмчлэгдэхгүй, дахилттай, архаг өвчтэй хүмүүсийг эрүүл мэндийн жуулчлалын шугамаар Монгол руу татах боломж байна” гэж хэлсэн. Европчууд манай уламжлалт эмчилгээг маш их сонирхдог.

 

-Манай улсын уламжлалтын эмч нар ОХУ, Өвөрмонгол эмч нартай хамтын ажиллагаа илүү өргөжсөн байдаг тал ажиглагддаг. Тэднээс туршлага судалдаг уу?

 

-Бид туршлага судлахаас илүүтэй Орос эмч нар манай уламжлалт эмчилгээг илүүд үздэг. Манайхаас шинэ эмч нар очоод Орост маш хурдан нэрд гардаг шүү дээ.  Ер нь бол ОХУ, Польшид уламжлалт эмчилгээг илүүд үзэж, эмчилгээнд ашигладаг.

 

-Та их олон үйлчлүүлэгчтэй бололтой юм. Таныг хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүд, хэдэн ахмадууд гадна хүлээж байсан?

 

-Ер нь бол бүх л насны хүмүүс ирнэ дээ. Тэд гэр бүлээрээ, ах дүүсээрээ, танил хүрээгээрээ надаар үйлчлүүлдэг. Дөнгөж төрсөн хүүхдээ болон өөрөө өвдөх бүртээ намайг зорьж ирдэг учир уламжлалт эмчилгээний үр дүнг тэд сайн мэднэ. Уламжлалт эмчилгээ бол хоргүй бөгөөд үр дүн сайтай, хямд өртөгтэй эмчилгээний арга шүү дээ. Европ эмчилгээ бол мэс засал, эм тариа заавал хийдэг. Гэтэл энэ эмчилгээ хүний өвчнийг, бие махбодийг цогцоор нь эмчилдэггүй биз дээ. Гэхдээ би европ эмчилгээг үгүйсгэхгүй гээгүй шүү. Уламжлалт эмчилгээ маань өөрөө  ямар ч архаг өвчинд үр дүн сайтай байдаг гэдгийг л хэлмээр байна.

 

 

 

 

-Эм, тариагаар “бөмбөгдөөд” эдгэрэхгүй дахин дахин сэдрээд байдаг “архаг” өвчнүүдийг уламжлалт анагаах ухаан эмчилнэ гэж үү?

 

-Тийм. Эмчлэхгүй өвчин байхгүй. Эцсийн шатандаа орчихоогүй л бол ямар ч өвчнийг эмчилнэ.

 

-Ер нь уламжлалт эмчилгээний гол онцлог нь юу вэ?

 

-Уламжлалт эмчилгээний гол онол бол хүнийг нэг бүхэл систем гэж авч үздэг. Нэг хүний өвчнийг салгаж эмчлэх ёсгүй. Тухайлбал, өвчтний судсыг барилаа гэхэд тухайн хүний зүрх нь дэлсдэг эсэх, хүзүү нь хөшдөг, бөөр үрэвсдэг, нуруу нь өвддөг, шөнө тайван унтаж чаддаггүй зэрэг зовиуртай байвал хамтад нь эмчилж явдаг. Тийм болохоор үр дүн сайтай. Хэзээ ч салгаж эмчлэхгүй.

 

-Тэгэхээр уламжлалт эмчилгээний европ эмчилгээнээс ялгарах давуу тал нь энэ гэж ойлгож болох уу?

 

-Тийм. Маш их үр дүнтэй. Тэрнээс гадна уламжлалт эмчилгээний үр дүн газар дээрээ гардаг. Хэн нэгэн хөлөө юм уу зөөлөн эдээ бэртээгээд, нуруу нь татсан зовиуртай ирлээ гэж бодоход цогцоор нь эмчилдэг. Өөрөөр хэлбэл, манай эмнэлэг ганцхан зүү тавьж эмчлэхгүй. Уламжлалт эмчилгээний бүхий л аргуудыг хослуулж эмчилдэг. Бөгтийж орж ирсэн хүнийг бариа засал, зүү төөнүүр зэргээр хослуулж эмчлээд босгоод, тэнхрүүлээд гаргадаг гэсэн үг. Эндээс эмчлүүлэгчдийн итгэл үнэмшил улам нэмэгдэж, олон жилийн дараа өвдлөө гэж бодоход ахин ханддаг талтай.

 

-Уламжлалт эмчилгээ хийлгэх үед сульдаж ядардаг гэж хүмүүс ярьдаг. Бас заавал хатуу гам барих ёстой ч гэдэг. Энэ талаар?

 

-Тийм зүйл байхгүй. Хүмүүс уламжлалт эмчилгээг мэдээд байгаа юм шиг хэрнээ мэддэггүй юм. Тухайлбал, зүү, уламжлалт эмчилгээ хийлгэсэн үед гам барих ёстой. Гам барихгүй бол бараг л хэцүүддэг гэж ярьдаг. Энэ бол худлаа. Усанд ч орж болохгүй гэх зэргээр буруу ташаа ойлгодог. Би гадаадынханд эмчилгээ хийдэг байсан. Тэгэхэд тэр хүмүүс чинь орой нь эмчилгээгээ хийлгэчихээд өглөө бүр усанд ордог. Гэтэл манай зарим уламжлалтынхан зүү тавиулж, бариа хийлгэсэн бол хэдэн сар усанд орж болохгүй гэж зөвлөсөн байдаг. Ус гэдэг чинь ямар гайхалтай зүйл билээ дээ. Усан эмчилгээ их дэлгэрч байгааг та бүхэн мэдэж байгаа биз дээ. Манайх усан эмчилгээ, рашаан эмчилгээ, физик эмчилгээ зэргийг хослуулаад хийдэг. Бүгд хүний биед гайхалтай тустай. Харин нийтлэг гам нь даарч болохгүй л гэж зөвлөдөг.

 

-Өөрийн үйлдэл, идэх хоолоо тохируулж чадвал хүн өвчлөхгүй-

 

 

-Сүүлийн үед тань дээр ихэвчлэн ямар өвчтэй хүмүүс ирж байх юм?

 

-Бүх төрлийн л өвчтэй хүмүүс ирсэн хэвээр байна. Гэхдээ сүүлийн үед хийтэй хүмүүс цөөнгүй ирэх болсон.

 

-Хийтэй гэж ямар өвчнийг хэлж байна вэ?

 

-Хийтэй хүн гэж хурдан түргэн хөдөлгөөнтэй, хурдан ярьдаг, амархан юманд санаа зовдог, туранхай, эцэнхий хүнийг хэлнэ. Харин бадганатай хүн гэж чихэр их иддэг, махлаг, тарган хүнийг хэлнэ. Ер нь бол идэж уух хоол өвчин үүсэхэд нөлөөлнө. Мөн хий, бадганыг нэмэгдүүлж байдаг гэж ойлгож болно. Нөгөөтэйгүүр хоол, хүнс нь зөв хэрэглэж чадвал уураг, эрдсээ нөхөх өвчнийг эдгээх гол хүчин зүйл.

 

-Нээрээ танай эмнэлэгт хөхний сүү оруулах эмчилгээ хийдэг гэсэн байсан. Энэ талаар тодруулаач?

 

-Тийм. Олон жил эмчилж байна. Гэхдээ хөхний сүүгүй эмэгтэй хүн гэж байдаггүй. Над дээр сүү нь гарахгүй байна гээд маш олон ээжүүд ирж байсан. Тэгээд зүү тавиад л хоёр хөхнөөс нь сүү нь гарч, хүүхдээ хөхүүлж эхэлж байсан юм. Гэхдээ дан ганц зүү тавих эмчилгээ хийхгүй. Манайх курс эмчилгээ хийдэг учраас тухайн хүнд ямар зовиур, архаг өвчлөл байна гэдгийг оношилж, хавсарсан эмчилгээнүүдийг хийж өгдөг.

 

-Хөхний сүү юунаас болж гардаггүй юм бэ?

 

-Жирэмсэн эх ядарсан, өвчилсөн тохиолдолд хөхний сүүнд нөлөөлдөг. Тэр хүн өөрөө эрүүл байж л ураг болоод төрсний дараа ямар нэгэн хүндрэлтэй асуудал үүсэхгүй. Ер нь жирэмсэн байхдаа биед нь ямар нэгэн зовиур илэрвэл тухайн үед нь эмчид хандаж, судсаа бариулах хэрэгтэй.

 

-Малчин өрхүүдэд тарааж өгсөн уламжлалт эм, тан бүхий өрхийн эмийн сан байдаг. Тэрийг малчид эмчийн оношгүйгээр хэрэглэж байх шиг ажиглагддаг?

 

-Уг нь өрхийн эмч нар уламжлалт эмчилгээний талаар ойлголттой болсны дараа иргэдэд хүргэх ёстой. Зарим нь ч уламжлалт эмчилгээний талаар ойлголттой байдаг байх. Эм тан нь бол сайн. Тэрийг тохируулж, яг өөрийн өвчний оношийн дагуу л хэрэглэж чадвал үнэхээр үр дүнтэй. Гэтэл нуруугуу өвдөж байхад андуураад бөөрний тан уучихвал харин үр дүнгүй болно. Тэгэхээр эхлээд эмчид үзүүлж оношлуулчихаад зааврынх нь дагуу хэрэглэх хэрэгтэй.

 

-Тан хурц өвчнийг дардаг уу?

 

-Жорыг нь тааруулж хэрэглэвэл гойд сайн. Өндөр настай, архаг өвчтэй хүмүүс бол европ эмчилгээгээ хийлгээд дараа нь тангаа уувал илүү үр дүнтэй.

 

-Эмчилгээний үнэ өртөг ямар байдаг вэ. Энэ талаар товч мэдээлэл өгч болох уу?

 

-Хэвтэн эмчлүүлбэл бүх эмчилгээ, хоол ороод 35 мянган төгрөг. Харин амбулотороор эмчлүүлбэл 25 мянган төгрөг. Энэ үнэд өвчний зовиуртай бүх хэсгийг эмчлэх зүү эмчилгээ, бариа засал, бумба, хануур, төөнүүр зэрэг багтана.

 

-Ярилцсанд баярлалаа.

 

-Баярлалаа.

П.Мөнхжаргал | Гэрэл зургийг Г.Даша

 

 


Нүүр хуудас