З.Нарантуяа: Зээл хумигдсанаар эдийн засгийн эргэлт багасах болно

2015-12-11 09:20:00

 

Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийг энэ сарын 11-нд хэлэлцсэн билээ. Цэцийн хуралдааны дүнд тус хуулийн зарим зүйл заалтанд өөрчилт оруулсан юм. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-2009 онд Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийг баталж, түүнчлэн 2015 онд газрыг барьцаалан зээл авч болох боломжийг иргэд, аж ахуйн нэгжид олгосноороо үл хөдлөх хөрөнгө эргэлтэд орж эдийн засагт эерэг үр дүн авчирсан. Харин энэ сарын 11-ний өдрийн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болж банк болон банк бус санхүүгийн байгууллагууд зээлээ хумьж үл хөдлөх хөрөнгө үнэгүйдэх тухай яриа газар авч байна. Уг асуудал дээр Санхүүгийн зохицуулах хороо ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Энэ шийдвэр нь санхүүгийн зах зээлийн хөгжилд багагүй саад болно. Санхүүгийн зах зээл аюулгүй, найдвартай нөхцөл болон итгэлцэл дээр хөгжих ёстой. Итгэлцэл гэдэг нь бүх төрлийн санхүүгийн зуучлагч байгууллагууд нь иргэдийн харилцах хадгаламж дахь мөнгийг цуглуулан, түүгээрээ зээл олгодог явдлыг хэлж байгаа юм. Нөгөөтэйгүүр нэг хэсэг иргэд, аж ахуйн нэгжид олгосон зээл нь эргэн найдвартай төлөгдөх үндсэн дээр нөгөө хэсэг иргэдийн мөнгийг буцаан олгох нөхцөл бүрддэг. Мөн Иргэний хуульд иргэдэд олгосон зээл нь хамгийн найдвартай, баталгаатай, барьцаа хөрөнгөтэй, дэнчингээр баталгаажсан байх ёстой гэж заасан байдаг.

 

-Үндсэн хуулийн цэцээс гаргасан уг шийдвэр нь Үндсэн хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн гэж үзсэн юм бэ?

 

-Аль нэг санхүүгийн байгууллагаас зээл авагч нь өөрийн авсан зээлийг баталгаатай төлөхөө батлах барьцаа буюу үл хөдлөх хөрөнгөө зөвхөн зээлдүүлэгчийн зөвшөөрсөн тохиолдолд шилжүүлэх эрхтэй байдаг. Тэгэхээр Үндсэн хуулийн цэцээс гаргасан уг шийдвэр нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг зөрчиж байгаа юм. Өөрөөр хэлбэл цэцээс гаргасан шийдвэр нь үндсэн зээлдүүлэгч байгууллагын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдтэй бусад төрлийн хэлцэлд орж, улмаар  барьцаа хөрөнгөө худалдах, шилжүүлэх, ашиглуулах боломжийг нээж өгч байгаа юм. Ингэснээр барьцаа хөрөнгийн найдвартай байдал алдагдаж, санхүүгийн байгууллага иргэд, аж ахуйн нэгжид зээл олгоход үндсэн үүрэг нь найдваргүй болох юм. 

 

-Иргэд, аж ахуйн нэгжийн үндсэн үүрэг гэдгийг энгийнээр тайлбарлаач?

 

-Үндсэн үүрэг гэдэг нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд аль нэг санхүүгийн байгууллагаас авсан зээлээ буцааж төлөх үүргийг хэлж байгаа юм. Уг нь банк, Банк бус санхүүгийн байгууллага, Хөрөнгө оруулалтын сан нэгж эрхийн хугацааг иргэдэд эзэмшүүлэн, мөнгө төвлөрүүлж үнэт цаасны бүх төрлийн активуудад байршуулах ажлууд хийгдэх гэж байгаа. Энэ бүх үндсэн активын цаана найдвартай төлөгдөх баталгаа бол нөгөө л барьцаа хөрөнгө юм. Харин зээлдэгч нь зээлдүүлэгч санхүүгийн байгууллагад нь мэдэгдэхгүйгээр барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгөө захиран зарцуулж, гуравдагч этгээдэд чөлөөтэй шилжүүлнэ гэдэг нь зээлдэгчийн үндсэн үүрэг найдваргүй болоход хүрнэ. Тиймээс зээлдэгч зээлээ буцаан төлөх нөхцөл нь өөрөө найдваргүй болох тухай асуудал хурцаар хөндөгдөхөд хүрээд байна.

 

-Үндсэн хуулийн цэцээс гаргасан уг шийдвэр улс орны эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

 

-Улс орны эдийн засгийг хөгжүүлэхийн тулд санхүүгийн байгууллага, даатгалын байгууллага, хөрөнгө оруулалтын сангууд нь иргэдийн мөнгийг авч эргэлтэд оруулдаг. Ингэснээр эдийн засагт хэрэг болохуйц эх үүсвэрүүдийг санхүүжүүлдэг юм. Хэрэв санхүүгийн байгууллагууд ямар нэгэн найдвартай баталгаа болох барьцаанд  тулгуурлан зээл олгож хөрөнгө оруулалтаа хийж чадахгүйд хүрвэл улс орны эдийн засгийн эргэлт багасах сөрөг нөлөөтэй.  

 

О.Оюунцэцэг


Нүүр хуудас