Оросын сөнөөгч онгоц энгийн иргэдийн машиныг бөмбөгдсөн гэв

2015-12-05 14:20:00

 

Турк Оросын Су-24 бөмбөгдөгч онгоцыг буудаж унагасаны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Турк Исламын Улс бүлэглэлийн газрын тосны худалдааг хамгаалахыг тулд Оросын онгоцыг буудаж унагасан. Энэхүү хууль бус безнест Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган болон түүний гэр бүлийнхэн оролцож байна” гэж мэдэгдсэн билээ.

 

Тэгвэл уг мэдэгдлийг хийснээс тав хоногийн дараа Оросын сөнөөгч онгоц Туркийн хилийг чиглэн явж байсан автомашины цувааг бөмбөгджээ. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, уг хэрэг Сирийн Алеппо мужид болсон бөгөөд ачааны машин болон энгийн иргэдийн сууж явсан гэр бүлийн машин агаарын дайралтад өртсөн гэжээ.

 

 

Цуваа бүхэлдээ сүйдэж, шатсан бөгөөд гал сөнөөгчид хэдэн цагийн турш галыг унтраажээ. Одоогоор уг цуваанд энгийн иргэдийн машин байсан эсэх нь албан ёсоор  тодорхой болоогүй байгаа юм.

 

Дашрамд дурьдахад, ОХУ сүүлийн хоёр сарын хугацаанд Исламын Улс бүлэглэлийн мэдэлд байдаг 32 газрын тосны цогцолбор, 11 нефть боловсруулах үйлдвэр, 23 газрын тос шахах станцыг агаараас бөмбөгдөж, газрын тос хууль бусаар тээвэрлэж байсан 1080 машиныг устгасан гэж хэд хоногийн өмнө мэдэгдсэн.

 

 

Түүнчлэн “Исламын улс бүлэглэл хууль бус газрын тосны наймаанаас өдөрт 3 сая ам.долларын орлого олдог байсан. Харин ОХУ Сирид цэргийн ажиллагаа явуулаад хоёр сар өнгөрсний дараа уг орлого 1.5 сая ам.доллар болж буурсан” гэх мэдээллийг хэвлэлийн бага хурлын үеэр дэслэгч генерал Сергей Рудского өгсөн юм.

Б.Саруул

 

 

 


Нүүр хуудас