Хилийн ажилчдын ёс зүйгүй харилцаа гадны хэвлэлд ингэж бичигджээ

2015-12-05 10:30:00

 

ОХУ, Монгол улсын хооронд визгүй зорчдог болсноос хойш Алтанбулаг хилийн боомтоор нэвтэрч буй иргэдийн тоо эрс нэмэгдсэн билээ. Мөн Монгол улсад аялахаар ирсэн Европын жуулчид ч цөөнгүй нэвтрэх болсон. Тэгвэл Монголын хилийн боомтын ажилчидтай холбоотой мэдээлэл нэгэн иргэнээс бидэнд ирсэн юм.

 

Тэрээр Австралийн “Kurier.at” хэмээх сайтад “гадны жуулчид Монголд хийсэн аяллынхаа тухай тэмдэглэл бичсэнийг уншаад ихэд эмзэглэлээ. Уг тэмдэглэлд хилийн ажилчдын ёсзүйгүй харилцаа, гадны хүн орж ирснийг умартан ажлын байран дээрээ мөнгөөр бооцоолон покер тоглон сууж байсан тухай бичээд энэ бүхнийгээ зургаар баримтуулжээ. Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Гэтэл барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын хилийн ажилчдын талаар уншаад үнэхээр ичлээ. Энэ талаар олон нийтэд мэдээлж, яаралтай арга хэмжээ аваасай гэж хүсч байна” хэмээн бичжээ.

 

Ингээд уг сайт дээр нийтлэгдсэн тэмдэглэлийг тоймлон хүргэж байна.

 

-Ажлын байран дээрээ мөнгөөр бооцоолон  покер тогложээ-

 

 

“...Биднийг Оросын хилээр нэвтэрч Монголын хил дээр очиход хилийн эмэгтэй ажилчид нь тун найрсаг, эелдэг харилцаатай байлаа. Харамсалтай нь тэд ажлаа сайн мэддэггүй нь харагдаж байсан юм. Учир нь машины дугаарыг хараад аль улсаас ирснийг мэдэж болдог. Мөн паспорт дээр нь Австрийн иргэн гэдгийг тодорхой бичсэн байдаг. /Ер нь ямар ч улсын гадаад паспортыг хараад аль улсын иргэн бэ гэдгийг төвөггүй мэдэж болно/  Гэтэл биднийг хаанаас ирснийг ч мэдэхгүй, лавлан асууж байлаа. Удалгүй тэд машиныг маань шалгахаар гарч одсон бөгөөд албан ёсны тамга тэмдэг, бичиг баримттай өрөөнд биднийг ямар ч харгалзах хүнгүйгээр орхин гарсан байв. Монголчууд тун итгэмтгий улсууд бололтой...

 

 

Үүний дараа бид хажуугийн өрөөнд ортол хилийн ажилчид мөнгөөр бооцоолон, покер тоглон сууж байв. Ийм нөхцөл байдалтай таараад зургийг нь авахгүй байж чадсангүй. Гэвч биднийг зураг дарж байхад уг ажилчид анзаарах ч сөхөөгүй покероо үргэлжлүүлэн тоглосоор байсан нь хачирхалтай...

 

 

Ийнхүү үдэш болтол хүлээсний эцэст бидэнд нэвтрэх бичиг өглөө. Гэтэл нэвтрэх хуудасны “харьяалагдах улс” гэсэн хэсэгт ОХУ хэмээн бичсэн байв. Мөн жолоочийн овог, нэрийг нийлүүлж нэг хүний нэр болгон бичжээ” гэжээ.

 

Б.Саруул 


Нүүр хуудас