А.Баярцэцэг 95 гоо бүсгүйтэй будаггүй төрхөөрөө өрсөлдөж байна

2015-12-03 10:49:34

 

“Эх дэлхийн мисс-2015” тэмцээн Австрийн Вена хотноо болж байгаа бөгөөд тэмцээний эцсийн шатны шалгаруулалт энэ сарын 05-ны өдөр болно. Уг тэмцээнд дэлхийн 95 орны гоо бүсгүйчүүдтэй эх орноо төлөөлөн өрсөлдөж буй  мисс А.Баярцэцэг амжилттай оролцож байна.

 

Тэрээр өнөөдөр 95 орны гоо бүсгүйтэй будаггүй төрхөөрөө өрсөлдөж, нүүр тулсан ярилцлагад орохоор цахим санал асуулгад оролцож байна.

 

 

Мисс А.Баярцэцэг энэ тухай өөрийн цахим хуудаснаа "Миссийн тэмцээнд оролцож байгаа учраас ихэнх хүмүүс нүүр будагтай, гоё сайхан ганган хувцас өмссөнөөр төсөөлж байгаа байх. Гэхдээ эх дэлхийн дайчин эмэгтэйн хувьд бид үүнээс ч илүү. Эх дэлхийн миссийн тэмцээний урьдчилсан шалгаруулалтууд дуусч маргааш эцсийн шийдвэрлэх шалгуур буюу шүүгчидтэй хийх будаггүй нүүр тулсан ярилцлага үлдлээ. Бид гоё ганган хувцасгүй, элдэв сайхнаар будалгүйгээр царайгаар биш зүрх сэтгэлээрээ уралдах шалгуур маань ирлээ” хэмээн бичжээ.

 

 

А.Баярцэцэг 10 өдрийн турш явагдсан фото шалгаруулалтын төрөлд өчигдөр 94 бүсгүйг ардаа орхин түрүүлж, алтан медаль хүртжээ. Одоо видео танилцуулгын санал үлдээд байгаа аж. Гэхдээ түүний хувьд энэ төрөлд одоогоор хамгийн өндөр хандалт, авч тэргүүлсэн хэвээр байна.

 

Үүнээс гадна А.Баярцэцэг тэмцээний явцад "Cooking creative challenge” шалгаруулалтад Ази тивээсээ тэргүүлэн алтан медаль, үдшийн гоёлын даашинзаараа тэргүүн байр эзлээд байгаа билээ. Мөн “Шилдэг коктейль даашинз” буюу богино даашинзтай алхааны урьдчилсан шатанд гуравдугаар байр эзэлжээ.

 

Эцсийн шатны шалгаруулалтын өдөр видео танилцуулгын дүн гарах бөгөөд шилдэг 16 мисс титмийн төлөө өрсөлдөх юм байна.

П.Жаргал

 

 


Нүүр хуудас