Баривчилгааны хур буусаар...

2015-11-27 07:50:00

 

 

2015 онд тэнгэрийн хур бага байсан ч "Баривчилгааны хур" элбэг жил болж, таамаглах, тавлах, тараах хоббитой хүмүүсийн бахыг хангаж байх шиг. Үндэстний ТОЙМ сэтгүүл өмнөх дугаартаа Үндэсний баривчилгааны тоймыг үргэлжлүүлнэ гэж амласны дагуу шинэ шинэ баривчилгаануудыг ахин тоймлож байна.

 

Дахин баривчилгаа

 

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга асанБ.Батзаяаг хэд хоногийн өмнө батлан даалтанд гаргасан байсныг Прокурорын байгууллагаас "чухал баримтуудыг устгах аюултай" гэсэн үндэслэлээр эсэргүүцcэн тул ахин баривчилжээ. Энэ мэдээг дагалдаад нам дамнасан нүүрсчин бүлгийн хяналтанд байдаг хэвлэлүүд идэвхжин "идсэн, уусныг нь" дэлгэх бяцхан уралдаан өрнүүлэв. Уралдааны тэргүүн эгнээнд Өдрийн сонин, Өглөөний сонин давхиж явна. Тэд нэр бүхий таван хүний дансаар мөнгө угаагдсан, бүр 42 сая доллар байсан гэж мэдээлээд "баримт" гэж нэг хүснэгт дэлгэв.

 

 

Хариуцлагатай сэтгүүл зүйд иймэрхүү хүснэгтийг хэзээ ч баримт гэж үзэхгүй. Энд ямар ч гарын үсэг, тамга тэмдэг алга. Сайн тогтож харвал энэ нь баримт гэхээсээ хэн нэг даргын цагдаа, прокурорынхонд өгсөн захиалга гэж ойлгогдохоор юм. Учир нь 5 хүний нэр, регистрийн дугаарыг бичээд араас нь эдгээрийн нэр дээр гүйлгээ хийгдсэн эсэхийг шалгах зааварчилгаа өгсөн байгаа юм. Олхиогүй сэтгүүлчид нь гүйцэтгэл дээрээ алдаад даргын зааврыг тэр чигт нь хэвлэчихсэн, баримт гээд тараагаад яваа аж. "Баримт" дэлгэх дуртай сонины эрхлэгчид тоондоо тун муу юм. Хүснэгт дээрх мөнгөний дүн яагаад ч 42 сая долларт хүрэхгүй байна, хоёрт, солонгосын Самсунг С&T компаниас шилжиж ирсэн гэдэг ямар ч үг үсэг алга. Уг нь тийм л сүрхий баримт дэлгэгчид юм бол банкны хуулга, гарын үсэг тамга сэлттэй нь дэлгээд харуулчих хэрэгтэй байх.

 

Нөгөө талаар цагдаагийнхан хэрэгт холбогдолтой бүх баримт бичгүүд, компьютерүүдийг хурааж авсан гэх мөртөө батлан даалтанд гарсан хүн ирээд устгах гээд байгаа юм шиг тайлбар тавьж байгаа нь хэргийг захиалгатай болохыг илчилж буй бас нэгэн сэжүүр юм. Хадгалж, хамгаалж чадахгүй юм бол хурааж авах хэрэг юу байсан байх вэ.

 

Учир зүйтэй тайлбарууд

 

Таван хүн мөнгө хувааж авсан гэх мэдээллийн мөрөөр УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга тайлбар хийлээ. Тэрээр "Өдрийн сонины 2015 оны 11 дүгээр сарын 19-ны дугаарт нэр бүхий 5 хүний  дансаар мөнгө угаагдсан" гэдэг мэдээлэл бол гүжир гүтгэлэг гэдгийг шууд хэлье. Би тус сонинд хандаж гүтгэлэг болохыг хэлсэн, мөн шүүхэд хандаж нэр төрөө сэргээлгэх болохоо хэлсэн. Сонины зүгээс тайлбар хийж чадахгүй байна. Харин тус материалыг прокурорын байгууллагаас бэлтгэж гаргуулсан болохыг хэллээ. Тэгэхээр зохион байгууллалттай нь тодорхой бөгөөд  захиалагч нь ямар ч байсан тодорчихлоо. Өмнө нь Үндэсний шуудан сонин бас цуврал гүтгэлэг нийтэлсэн. Би шүүхэд өгсөн. Үндэсний шуудан сониныхон шүүхэд тайлбараа ч гаргаж өгч чадахгүй л байна шүү дээ. Тэр сонин захиалгаар гүтгээд одоо шүүхэд хэлэх үггүй, зугтаад байж байна. Энэ бол улс төрийн зорилготой гүтгэлэг. Тавантолгойн ордыг төмөр замын хамт луйврын гэрээгээр авах зорилготой улс төр, эдийн засгийн бүлэглэлийн сүүлчийн улайрсан дайралтаас өөр юу ч биш. Тэд хүслээ хангахын тулд төрийн эрх мэдлийг ашиглаж байна. Нам дамнасан энэ бүлэглэлийн ард Хятадтай хамтарсан монголын нэг компани байдаг. Тэд өрөнд ороод дампуурлын ирмэгт байгаа. Эзэд нь мөнгөө нэхээд, эд нар нь өрөө хаахын тулд ард түмний Тавантолгойг, зөөх төмөр замтай нь өгөх наймаа хийх гээд байгаа юм" гэжээ.

 

Х.Баттулга нэмж "1911-1919 он хүртэл Монгол улсын тусгаар тогтнолын төлөө зүтгэж байсан бүх эх орончид бусдад хорлогдож дууссаны дараа 1915 онд тусгаар тогтнолыг устгаж хятадын автономит улс болгоод, дараа нь энэ автономит эрхийг 1919 онд  бүрмөсөн устгасан тэр түүх давтагдаж байна" хэмээн хатуу хэллээ. Нэр нь дурдагдаагүй ч олон нийтэд энэ улс төрийн бохир ажиллагаа, баривчилгааг зохион байгуулж, чиглүүлж байгаа эрх мэдэлтнүүд өдөр ирэх тусам улам бүр тодорхой болох байх.

 

Түүнчлэн Б.Батзаяа нарт холбогдуулан шалгаж байгаа хэргийг улс төрийн явуулга, захиалгат хэрэг болохыг нотлох баримтуудыг Зам тээврийн сайд асан А.Гансүх дахин дэлгэлээ. Тэрээр УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн ивээл дор хүн гүтгэж суудаг ажилтай Л.Даваапил гэгчээс яг энэ асуудлаар түүний нэртэй холбогдуулан тараасан гүтгэлэгийг АТГ-т хандан шалгуулахад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болохыг нотолсон, мөн Нийслэлийн хяналтын прокурор Б.Уранчимэг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж байсан баримтуудыг ахин олон нийтийн анхааралд оруулав. Л.Даваапил энэ асуудлаар шүүхэд дуудагдан, хүн гүтгэсэн нь нотлогдсон тул торгуулийн ял авсан аж. Тэгэхээр АТГ, Нийслэлийн прокурор хоёр "гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй" гэж үзсэн байхад жил хүрэхгүй хугацааны дараа Цагдаагийн газраас гэмт хэрэг гэж зарлаж, мөрдөн байцаалтын явцад прокурор нь хуурамч мэдээллүүд тараах ажил зохион байгуулсан зэрэг нь улс төрийн явуулга гэдгийг хөдөлбөргүй батлаж байна.

 

 

Сталинч ноу-хау

 

Монголын улс төрд өрсөлдөгчөө гэмт хэрэгт унагаж, замаасаа зайлуулдаг Сталинч арга барил сүүлийн хоёр жилд ноу-хау маягтай хурдацтай дэлгэрч байна. И.Сталин цагтаа "Хэрэгтэн болгох хүн нь байхад тохох хэрэг заавал олддог" хэмээн сургаж байсан билээ. Энэ загвараар хэрэгтэн болгох хүмүүсээ тодорхойлчихсон, одоо тохох хэргээ зохиож байгаа шинж тэмдэг илэрч байх шиг. Б.Батзаяагийн хэрэг зохиомол гэдгийг нотлох маш олон сэжүүр байгаагийн нэг нь солонгос компани төмөр зам тавихаар авсан мөнгөнийхөө 70 хувь буюу 42 сая долларыг авлигад өгсөн гэх мэдээлэл тарааж байгаа явдал юм. Бараг 90 тэрбум төгрөгтэй тэнцэх ийм их мөнгийг авлигад өгчихөөд хариуцсан ажлаа хийх ямар ч боломж гүйцэтгэгчид байхгүй. Нөгөө талаар мөнгө олгосон банк, төрийн байгууллагууд, хөндлөнгийн хяналт тавьж байгаа германы Дойче Бан зардлын 70 хувь нь алга болж байхыг зүгээр хараад суусан болж таарах гээд байгаа юм. АТГ, Нийслэлийн прокурор ч гэсэн ийм их дүнтэй мөнгийг анзааралгүй суусан байж таарах уу?

 

Хэвлэлүүд мөнгө угаасан, 42 сая доллар гэж мэдээлж байхдаа "мөнгө угаах гэмт хэрэг" гэдгийг огт ойлголгүй, зүгээр л сүржин үг хэрэглэх гэж ядаж байна. Хар тамхи, мансууруулах бодис, зэвсгийн наймаа зэргээс олсон мөнгийг хууль ёсны орлого гэж харагдуулах үйлдлийг мөнгө угаах гэмт хэрэг гэж үздэг бөгөөд 20 мянган доллараас их дүнтэй мөнгө хувь хүний данс руу орсон нөхцөлд Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шаардлагын дагуу байнга шалгаж, тодруулж байдаг. Монголын сэтгүүл зүйн танин мэдэхүйн чадвар, хариуцлага тун сул байгааг өрнөж байгаа хэргүүд харуулсаар байна.

 

Б.Батзаяагийн баривчилгааг тойруулан дэгдээсэн цуурхал, гүтгэлэгүүдээс нилээд нь мухарлагдаад байна. Жишээ нь Samsung C&Т компани хуурамч биш, жинхэнэ болох нь тодорлоо. Монголд байгуулсан тусгай зориулалтын компанийх нь 30 хувийг Энержи ресурс эзэмшихээр завдаж байсан нь ч ил болов. Гэтэл Энержи Ресурс компанийн хэвлэлийн ажилтан нь энэ компани хуурамч гэсэн яриаг анхлан дэгдээсэн байдаг. 430 сая доллар завшсан гэж байсан 42 сая болж арав дахин буурлаа. Удахгүй бүр байхгүй болох биз.

 

17 жилийн өмнөх баривчилгааг дахив

 

Улс төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны эхнэр Д.Булганыг 1999 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн 22 цаг 45 минутад баривчлан хорьж  байжээ. Тухайн үед мөрдөн байцаалт олигтой үр дүнд хүрээгүй юм уу, төд удалгүй Д.Булганыг сулласан. Гэтэл 16 жилийн дараа түүнийг дахин баривчилсан нь нийгэм даяарт таамаг, хэлцлийг өрнүүлж байна.

 

Аймшигт аллагын цорын ганц амьд гэрч Д.Булганыг баривчилсантай холбогдуулан тарж, тарааж байгаа мэдээллүүдийг тоймловол нэг хэсэг нь түүнийг худал мэдүүлэг өгч, хэргийг илрүүлэх боломжийг төөрөгдүүлсэн учраас баривчилсан, хэрэг илрэх тун дөхсөн гэх хүлээлтийг үүсгэхэд чиглэж байна. Зарим мэдээлэлд Эрдэнэтээс сар гаруйн өмнө энэ хэрэгт холбогдуулан хоёр хүнийг барьж, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэх агаад үүнийг үгүйсгэн Сэлэнгээс баригдсан, үгүй Дарханаас гэх мэдээлэл ч гарав. Багцаагаар бол тэр хавиас хоёр хүн шалгагдаж байгаа бололтой. Таамаглагчид Д.Булган анхны мэдүүлэгтээ эрэгтэй, эмэгтэй 2 хүн гэж хэлсэн нь худлаа байсан нь "ийнхүү нотлогдов" гэж ирээд л хадуурч байна.

 

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү "энэ хэргийг илэрнэ гэдэгт илтгэлтэй байгаа”-гаа жиргээгээр мэдэгдсэн нь бөөн таавар дагалдуулж Өргөдлийн байнгын хороонд баривчлагдсан нэг иргэний ээж гомдол ирүүлсэн гэх сэтгэмж ч бий болов. Гэвч удалгүй няцаагдаад өнгөрлөө.

 

Харин бусад мэдээллээр бол хэрэг бодитоор илрэнэ гэдэгт үл итгэх хандлага зонхилж байх юм. Үл итгэгчид энэ хэрэг анхнаасаа айхтар улс төржсөн, сонгууль бүрийн өмнө энэ хэргийг зориуд сөхөж, улс төрчдөөс нэгнийгээ намнах хэрэгсэл болгодог гэсэн тайлбар дагалдуулж байгаа юм.

 

Энэ удаагийн баривчилгаа ямар үр дүнд хүргэхийг тааварлахгэж тархиа гашилгахын оронд хэрэгт холбогдуулан хэн хэнийг баривчилж байсныг нэхэн сануулах нь дээр гэж бодож байна. Хүн амины хэрэг гарсан 1998  оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс хойш нийтдээ 300 орчим хүнийг энэ хэрэгт сэжиглэн хорьж, саатуулж байжээ. Тэдний тоонд рецидив хэрэгтэн Энхболд, ижил хүйстэн Нараа, хулгайч шар Эрдэнэ-Очир, бэлтгэл офицер Г.Отгонбямба, ах дүү Баатаржав, Болд, Түмэнбаяр, Баярбаатар (гэр бүлийнхнийгээ хөнөөсөн) ард Батсүх гэхчлэн хүмүүс байсан. Ихэнх нь Бат, Оюун гэх үг орсон нэртэйгээс баривчлагдах болсон гэх яриа бий. Эндээс Я.Батсүхийг баривчилсан хэрэг нилээд гайхалтай байдлаар өрнөсөн байх юм. Нийтлэлч Баабараас эш татъя.           

 

“Ард” хэмээх Батсүх Америкт консулаар томилогдлоо. Бат-Үүлийг "Зоригийг алсан" гээд шоронд хийчихсэн байсан үе. Эмгэнэлт өдөр Батсүх Үүлтэй уулзаж байсан, маргааш нь Америк руу ниссэн гээд нэг нь матаж. Ингээд хөөрхий Батсүхийг АНУ-аас хулгайлж авчраад шоронд жил хатаав. Эцэст нь яасан гээ, сургууль төгссөн диплом нь хуурамч байсан учир энэ хэрэгт нь шүүхээс нэг жилийн ял өгөөд, хүн алсан гэх сэжиглэлд суусан жилийг нь дүйцүүлэн гаргаж байв" гэж Баабар бичиж байжээ. Үүний мөрөөр магадлавал Я.Батсүх 1998 оны11 сарын 28-нд америк руу ниссэн байна. Харин түүнийг хойтон жил нь буюу 1999 оны 11 сарын 26-ны өдөр америкаас баривчлан авчраад Төв аймаг, Ганц худаг дахь урьдчилан хорих байруудаар дамжуулан 56 хоног ямар ч байцаалт авалгүй хорьжээ. Тэр зуур 10 сарын 2-ны өдөр юу хийж явсныг нь нэгд нэгэнгүй шалгасны үр дүнд хэрэг гарах мөчид Матисс бааранд найз Д нарын хамт байсныг хөдөлбөргүй тогтоосон байна. Аллагатай холбогдолгүй нь тогтоодсон тул цагдаагийнхан гэмгүй хүнийг хорьсон гэх буруутгалаас зайлсхийх арга сэдэв. Ингээд Я.Батсүхийн баривчилгаа хуурамч дипломын хэрэг болон хувирсан байна. Шүүх хурал дээр их сургуулийн удирдлагууд дипломыг хуурамч биш байна, бидний гарын үсэг мөн байна гэж нотлосон ч гэмгүй хүнийг найман сар хорьсон болохгүйн тулд тулгаж яллаад ялыг эдлэсэнд тооцоод сулласан байдаг. Хэрэгт сэжиглэгдсэн хүмүүс ихэвчлэн 14 хоногоос илүүгүй хоригдож байсан. Харин Я.Батсүх хамгийн удаан найман сар хоригдоод ямар ч нөхөн төлбөр байхгүй эрүүл мэнд, санхүүгээр бүрэн хохирч үлджээ. Монголын Тусгаар тогнолын өдрөөр баривчлагдан ирээд Америкийн тусгаар тогтнолын өдөр суллагдасан ийм нэг хачирхалтай түүхэнд цагдаагийнхны хэрэглэдэг уламжлалт технологи ул мөрөө үлдээжээ. Түүнийг барьж авчирмагцаа цагдаагийнхан нэрийнх нь урд "ард" гэх угтвар нэмсэн байна. Энэ нь ямар учиртай гэхээр гэмт хэрэгтэн, рецидивүүд нэрээ дангаар нь хэлдэггүй уламжлалд тохируулсан гэнэ. Чонон Борис, Ака Төмрөө, Чойргийн Дүгэр гэдэг шиг архаг хэрэгтэн харагдуулахын тулд аль 1990 онд гурван сар хэртэй оршоод дампуурсан компанийх нь нэрийг олж, урд нь залгасан байна. Уг нь Я.Батсүх өөр нэртэй компанийн захирлаар олон жил ажилласан байдаг. Гэвч цагдаагийнханд "Ард" гэдэг үг онцгой таалагдсан бололтой.

 

УИХ-ын гишүүн асан Д.Баттулга, Д.Энхбаатар, С.Батчулуун нарыг яг Я.Батсүхэд хэрэглэсэн технологиороо эхлэж С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулж баривчлаад хамааралгүй нь тогтоогдмогц Казиногийн хэрэг гэж зүйл зохион тохож, ялласан байдаг. Энэ тухай Баабарын бичснийг ахин эшлэе.

 

"Одоогоос 16-17 жилийн өмнө Казиногийн хэрэг гэгч мандав аа. Монголд казино байгуулах хууль гарсан, хуулийн дагуу тендэр болсон, Макаогийн нэгэн компани хөрөнгө оруулсан, үйл ажиллагаагаа эхэлсэн. Гэтэл гэнэт хэдэн эх оронч гишүүд казинотой газар биеэ үнэлэх явдал (санаж байна, яг үгчилбэл “янханчлал” гэж оросоос болов уу, орчуулж хэлж байсан юм) газар авдаг гээд өнөө хуулийг хүчингүй болгож орхидогийн. Хууль гаргаж гаднаас урьж оруулж ирчихээд хөрөнгөө оруулсных нь дараа хөөж гаргаснаар Монгол ч хэсэгтээ нүдний булай болсон л доо. Ингээд казиногийн хууль санаачилсан гурван гишүүнийг (Түүний дотор Хууль зүйн сайдыг өөрийг нь) авилга авсан гээд баривчилчихдаг байгаа. Сум Дашзэгвэ гээд нэг ёоёотой гишүүн (тэр үед мэдрэлийн согогтой гишүүн одооныхыг бодвол хавьгүй цөөн байж, ердөө 13 орчим л!) баривчлагдсан гишүүдийг өрөөндөө хэдэн сая доллар тоолоод хувааж суухад нь харсан гэж мэдэгдсэнээс болоод тэд хэрэгт татагдсан юм шүү дээ. Мөрдөн байцаалтын дүнд тэдний хахууль авсан нь батлагдаагүй учир шүүх цагаатгасан. Харин тэднийг нэгэнт баривчилж шоронд хатаасан учир ямар нэг хэрэгт холбох шаардлагатай учир татварын хэргээр хэдэн жилийн ял өгсөн.  Шоронд байсан хөөрхий Батчулуун сайд тэгсхийгээд нас барж билээ. Ганц өрөө байранд тарчигхан амьдардаг түүнд татвар гээд ч юу байх билээ. Бэлгэнд авсан гэх ямбий гар утас л хөөрхийг хөөдсөн дөө." Энд нэг тодорхой зүйл нь монголын хууль хяналтынхан шалгасан хүнийхээ гэмгүйг тогтоосон бол уучлал гуйгаад суллаад явуулахын оронд заавал хэрэгтэн болгох арга барилтай ажээ. Олон улсын практикт нэг хэргээр шалгаад нотлогдоогүй бол нөгөө хэрэгт гулсуулан шалгаж буруутгахаар хичээхийг хууль бус хэмээн үздэг байна.      
 

2000 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАХН С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг сонгуулийнхаа гол хөзөр болгон тоглож, Д.Мөрөн, Д.Сугар нар онцгойров. Тэд сонгогдсон ч хэргийг илрүүлэх амлалтаа мартсан билээ.

 

МАХН 2004 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн энэ хэргийг ахин ашиглахаар шийдэж шинэ дүр хайж байгаад Д.Энхбат гэгчийг Францаас хулгайлах маягаар баривчлан авчирч, хүчээр хэрэг тулган, эрүү шүүлтэд ч оруулж, эцэст нь өөд болсноор түүнийг буруугүйд тооцжээ. Ойрмогхон нэг жижиг сайт дээр zuwluguu.com/photo/3674-2015-11-17-04-32-42 бүлтэрснийг харвал "хэргийг илрүүлэх гэсэн цагдаа нарын үйл ажиллагааны улмаас амиа алдсан ил байгаа хоёр жишээг дурьдвал, Б.Хурц нарын тэргүүтэй нөхдүүд Энхбатыг Англи улсаас хулгайлан, хэд хэдэн улсыг дамнуулан тээвэрлэсээр авч ирж уг хэргийг хүлээлгэх гэж эрүүдэн шүүсэн боловч “тийм” гэж хэлэлгүй байсаар үнэн хэрэгтээ тамлал даалгүй бурхны орноо одсон. С.Далхсүрэн, түүний эхнэр Б.Даваа нарыг цагдаа нар баривчлан хорьж мөн л тамлан зовоосон. Үүний улмаас С.Далхсүрэн амиа алдаж, Б.Даваа чих нь дүлийрэн эрүүл мэнд, амь амьдралаараа хохирсон болно" гэжээ. Энэ мэдээг бичигч францыг англи гэж бичсэнээс үзэхэд итгэхэд бэрх болж байна. Гэхдээ эхнэр, нөхрийн тухай мэдээ нь шинэ юм.  

 

Д.Булганыг ахин баривчилсантай холбоотойгоор хэвлэлүүд сонины шарласан хуудсуудыг ихээр эргүүлж, дээр цагт өгч байсан ярилцлага болон гэрчүүдийн мэдүүлэг зэргийг ухан гаргаж ахин нийтлэж байна. Шинэ зүйл төдийлөн ажиглагдахгүй байгаа ч тэр үед л гэрчүүд 2 эрэгтэй хүн сэжигтэй байдлаар үзэгдсэн, харагдсан талаар ярьж байсан нь тодорхой болов. Тэгэхээр цагдаагийнхан 16 жилийн дараа л гэнэт Д.Булганыг худал мэдүүлэг өгч байсныг мэдээд барьсан нь юу л бол.

 

Харин нэг сонирхолтой мэдээлэл байгаа нь талийгаач С.Зоригийн ах, дүү нар болон Зориг сангийн нэр дээр сүүлийн хоёр сард гэмт хэргийн талаар мэднэ, гэрчилнэ, илчилнэ гэсэн утгатай захиа, мэдээллүүд огцом ихээр ирэх болсон гэнэ. Эх сурвалжийн хэлснээр эдгээр захидлын дийлэнхийг олон жилийн хоригдох ялтай  хоригдлууд ирүүлжээ.

 

Эндээс ахиад л эргэлзээ төрж байгаа юм. Яагаад 16 жилийн дараа энэ хэрэгт ийм их идэвхжлийг олов? Улс төрчид, улс төрийн намууд сонгуулийн өмнөх ээлжит намналтаа эхлэх гэж байна уу, тэгвэл хэн энэ шуурганд өртөх бол? бөөн бөөн асуулт хөврөхөөр байна. Залбирах зүйл нь дараачийн нэг "Ард"-ад хэргийг тохоод, хэлмэгдүүлээд өнгөрөх явдал бүү давтагдаасай.

 

Ирэх өдрүүдэд юу өрнөхийг харцгаая, хүлээцгээе.

 

Г.Мөнгөн

 

Эх сурвалж:


Нүүр хуудас