Ж.Нарантунгалаг: Гафуровыг тийм сайн цохилт даана гэж бодоогүй

2015-11-26 10:57:00

 

Холимог тулааны “One Championship” холбооны аварга асан Ж.Нарантунгалаг Ийгл Ньюс телевизийн "Нэмэлт цаг" хөтөлбөрт оролцлоо. Тэрээр саяхан ОХУ-ын тулаанч Марат Гафуровтой аваргын бүсээ хамгаалах тулаанд орж, ялагдсанаар аварын бүсээ алдсан билээ.

 

-2015 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр аваргын бүсээ хамгаалах тулаанаа хийлээ. Монголын үзэгчид, холимог тулааныг үздэг монголын бүх хүн сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч, үзсэн байх. Таны хувьд ямар тулаан болж өнгөрөв?

 

-Тулаан сайхан болсон. Өөрийн мэдэх чадах бүх юмаа л дайчиллаа.

 

-Тулаан өмнө нь Индонезид зарлагдсан байж байгаад хойшлогдсон. Ер нь хэд хэдэн удаа хойшилсон. Энэ таны бэлтгэл, сургуулилтад нөлөөлсөн болов уу?

 

-Нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл хэрвээ есдүгээр сард болсон бол хүчний бэлтгэл маш сайхан хангагдсан байсан. Тэгээд хэзээ болох нь мэдэгдэхгүй, хойшилсон. Ийм нөхцөлд өмнөх өндөр ачаалалтай формоо хэвээр нь бариад байвал бэлтгэл цөмөрчих эрсдэлтэй. Тийм учраас бэлтгэлээ зогсоосон байсан. Ингээд тулаан болохоос 20 гаруй хоногийн өмнө бэлтгэлдээ орсон. 

 

-Та тулаанд орохдоо хэр их жин хасч ордог вэ?

 

-Ойролцоогоор 8 орчим кг хасдаг.

 

-Жин хасахаар их ядралт өгдөг шүү дээ. Таны хувьд гайгүй юу?

 

-Гайгүй дээ. Бусад тамирчдыг бодвол тийм ч их жин хасалт биш.

 

-Дэмжиж байсан баг ч юм уу, тамирчин ялагдахаар сэтгэл гонсойгоод байдаг. Гэхдээ миний хувьд танийг ялагдсан ч гэсэн бахархах сэтгэл төрж байлаа. Ганц миний хувьд ч биш, ер нь монголчууд таниар бахархаж байсан.

 

-Сэтгэл зүрхээрээ дэмжиж, миний тулааныг үзсэн бүхий л монголчууддаа маш их баярлалаа. Харамсалтай нь миний сурсан мэдсэн зүйл, бэлтгэл өрсөлдөгчөөсөө арай дутуу байж, бүсээ хамгаалж чадсангүй. Үзэгчдээсээ хүлцэл өчиж байна.

 

-Та хэр гунигтай байна вэ?

 

-Мэдээж тэр торон дотор ороод, тулалдах тэр мөч бол миний дуртай зүйл. Тийм учраас гунигласан зүйл алга. Хэрвээ би хийх ёстой зүйлээ хийж чадаагүй байсан бол харин гуниглах байсан. Өөртөө байгаа бүхнээ дайчилсан учраас хэдийгээр ялагдсан ч өөрийгөө ялсан гэж л бодож байгаа.

 

-Тулаан болгоны өмнө өрсөлдөгчөө судлах хугацаа хангалттай байдаг. Марат Гафуровын хувьд Бразилын жижицү суурьтай, хэвтээгээс маш сайн тулалддаг юм билээ. Үүнийг та ч бас мэдэж байсан байх. Та энэ тактикийнх нь эсрэг ямар тактикаар тоглоё гэж гарсан бэ. Ямар алдаа гарчихав?

 

-Ер нь босоо барилдаанаа сайжруулаад, хэвтээ барилдааны хамгаалалтыг сайжруулах чиглэлд маш сайн бэлдсэн. Бэлтгэлийн хувьд сайн хийгдсэн. Тэмцээний дараа харж байхад миний болон манай монгол тамирчдын дутуу тал тортойгоо харилцаж, барилдах. Мөн хэвтээ барилдааны тал дээр маш их дутуу байгаа нь ажиглагдсан. Тэр дундаа тулааны хэвтээ барилдаан. Өөрөөр хэлбэл, зүгээр нэг өчиж, боож, ноцолдоход бол хамгаалаад байж болно. Гэтэл ноцолдох явцдаа цохих, өвдөглөх зэргээр дутсан гэж би хувьдаа бодож байгаа. 

 

-Хоёрдугаар үед гартаа өчилт алдсан. Тэр үед бараг ингээд л дууслаа даа гэж бодож байтал, гараад ирчихсэн. Яаж гараад ирэв ээ. Мэдээж өчилт маш их өвдөлт ирсэн байх?

 

-Босох гэж улайрч байх үед суганд нь гар бага зэрэг эвгүй, өчих магадлалтайгаар орчихсон. Хэвтээ барилдаанд туршлагатай хүн учраас тэрнийг ашиглаад, гарыг маань яг бүтэн авч, өчсөн. Мэдээж өвдсөн. Гэхдээ зөв тал руугаа гараа эргүүлээд, тэвчээр зааж л гарч ирсэн дээ. 

 

-Өмнө нь тулаанууд үзэж байхад тийм өчилтөд орсон хүмүүс хоёр, гуравхан секунд болоод л бууж өгдөг. Таныг тэгээд гараад ирэхэд ямар их тэвчээр вэ л гэж бодож байлаа. Гурав, дөрөвдүгээр үед таны цохилтууд их сайхан болж байсан. Тэгээд бүр нам цохиод унагаачихаж болсонгүй юу?

 

-Цохиод унагаачихъя гэж бас их хичээсэн. Гэхдээ бас цохилт маш сайн даадаг тамирчин юм билээ.

 

-Та өөрөө бас нэлээд ядарчихсан байв уу?

 

-Ер нь бидний бас нэг сул тал байгаа нь аргалж барилдах гээд байдаг. Юу гэхээр яг мэх хийж байгаа агшинд, бүх хүчээ дайчлаад, булчингаа чангалаад, дайрдаг. Тэрний дараа биеэ суллаж, хамгаалалтын, аргалсан байдалд байдаг. Саяны тулааны үеэр бол ерөөсөө тийм биеэ суллах, амрах боломж олдоогүй. Өрсөлдөгч хамаг чадлаараа зүтгэж байгаа болохоор би өмнөөс нь адилхан хамаг чадлаараа зүтгэхээс өөр аргагүй. Тэгээд эцсийн мөчид өрсөлдөгч ч бас ядарсан. Гэхдээ би тэгж маш удаан хугацаанд ноцолдож, эсэргүүцсэн байдалд байж үзээгүй байна л даа. Тэгэхээр өрсөлдөгчийн хувьд ядарсан ч гэсэн арай давуу байдалтай болчихоод байгаа юм.

 

-Тооцоолоогүй хүндрэл, бэрхшээл гарсан зүйл байгаа юу?

 

-Хананы барилдаан маш их дутсан. Мөн өөрөө сугадаад авсан байгаа мөртлөө нэг л мэдэхэд эргээд өөрөө сугадуулж алдчихаад байсан. Тэрийг тооцоолоогүй. Хэвтээ барилдааны хүч нь тийм сайн гэдгийг үнэндээ мэдээгүй. Ялангуяа хэвтээ барилдаанаас татах хүч маш сайн байсан. Уг нь нэг жингийнх учраас ойролцоо байх л гэж бодож байсан. Тооцоолоогүй л зүйл. Мөн цохилтыг тэгж их даана гэж тооцсонгүй. Хүнд цохилтод төдийлөн орж байгаагүй байх гэж бодож байтал, их сайн даасан. Өөрөө ч дараа нь тэрийгээ ярьж байсан л даа. 

 

-Марат Гафуров 12 тулаан хийгээд нэг ч ялагдаагүй байсан. Таньтай хийсэн тулаан 13 дахь нь болсон. Өмнөх 12 тулааныхаа 6-д нь өрсөлдөгчөө боох мэхээр ялсан. Таны хувьд тулааны явцад бараг хоёр, гурван удаа боолтод орсон. Гэхдээ л боолтоос яаж ийгээд гарчихаад байсан?

 

-Боолтоос гарах техникийг бэлтгэл дээр маш их давтсан. Гэхдээ л яг тэр байрлалд удаан хугацаанд ажилласан төвшинөөрөө миний туршлага дутуу учраас сүүлдээ яг эрүүн доогуураа алдсан. Тэгээд боолтод орсон. Тэрнээс өмнөх нь бол мэдээж бэлтгэл дээр давтаж байсан, тийм нөхцөл байдалд орно, тэр байдлаас ингэж гарна, тэсвэрлэнэ гэж тооцоолж байсан зүйл. Тийм ч учраас давж гарсан.

 

 

-Дэлхийд алдартай тулаанчид боолтыг 7-8 секунд л тэсдэг гэж мэдээлэл уншиж байсан. Та Гафуровын боолтыг 18 секунд даасан гэсэн мэдээлэл байсан. Энэ бодитой тоо юу?

 

-Сайн мэдэхгүй байна. Яг бичлэгээ бүтэн үзэж амжаагүй байна.

 

-Ямар ч байсан боолтыг маш удаан хугацаанд даасан. Яг хугацааг нь мэдэхгүй байна л даа. Тэгээд боолт даах чадвар их байна гэхээр бэлтгэлийн л үр дүн байх?

 

-Тийм. 

 

-22 жил энэ спортоор хичээллэж байна уу?

 

-Дуртай учраас өдий болтол явж л байна.

 

-Өмнө нь би таньтай ярилцаж байхад “Таны тулааныг хязгаарлах нэг хүчин зүйл нас уу” гэж асуухад та үгүй гэж хариулж байсан. Тулааныхаа яриа руу эргээд ороход, дөрөвдүгээр үе дуусахад 35 секунд дутуу байхад л сүүлийн боолтод орчихсон шүү дээ. Гэхдээ эцсийн мөч хүртэл бууж өгөөгүй. Маш олон үзэгчид таны дараагийн тулааныг тэсч ядан хүлээж байна. Дараагийн тулаанаа хэзээ хийх бол?

 

-Тэмцээн зохион байгуулагч One Championship холбооноос дараагийн тулаанаа хийх саналыг асууж байгаа. Нэг тулаан хийж, ялалт байгуулчихаад, буцаад аваргын төлөө тулалдах боломж гарах болов уу гэж бодож байна.

 

-Яг тэдэн тоглолт хийгээд, тэгнэ, ингэнэ гэсэн тодорхой зүйл бол байхгүй юу?

 

-Тийм зүйл байхгүй. Тэрийг урьдчилан тооцоолоход хэцүү байдаг.

 

-Ер нь нэг тулаанаас нөгөө тулаан руу шилжих дундаж хугацаа хэр байдаг юм бол?

 

-Ойролцоогоор гурван сар. 

 

-22 жил гэдэг маш урт хугацаа. Хөлсний дусал бүр үнэ цэнтэй гэдэг. Та хөлснийхөө дусал бүрийн үнэ цэнийг мэдэрч амжсан уу?

 

-Дуртай учраас тэр болгоныг мэдрэх гэж бодож үзсэнгүй.

 

-Гэхдээ ямар нэгэн байдлаар таньд мэдэгдэх, мэдрэгдэх ёстой биш үү? 

 

-Амжилт бол амжилт. Тулаанд ороод, ялалт байгуулах, эсвэл ялахгүй байсан ч гэсэн тулаанд оролцоод, мөрөөдлөө биелүүлээд, дуртай зүйлээ хийгээд л явж байна. 

 

-Ерөнхийдөө таны ярилцлагуудыг харж байхад яг л ингэж хэлдэг л дээ. Гэхдээ олимпийн төрлийн спортоор хичээллэж байгаа тамирчид олимп, дэлхийн аварга болоод, медаль аваад ирэхэд тэгээд амьдрал нь эрс өөрчлөгддөг шүү дээ. Орон сууц, автомашин, шагнал урамшуулал гээд л. Та холимог тулааны дэлхийн аварга болоод, ийм бодитой дэмжлэг авсан уу?

 

-Манайхны ойлголт л доо. Хуучин социалист орон байсан. Тийм учраас олимпийн спорт маш хүчтэй хөгжсөн. Хичээллэгсэд нь ч маш олон. Тэр хэрээр их дэмждэг. Мэргэжлийн спорт бол нэг ёсны хөрөнгөтний, маш харгис хэрцгий, цус нөж их гардаг ч гэх юм уу. Тэр утгаараа нэлээд хожуу орж ирсэн. Дэмжигчдийн тоо, сурталчилгаа харьцангуй бага. Тийм учраас төр засаг тийм ч их анхаардаггүй байх гэж ойлгодог. Гэхдээ холимог тулаан дэлхийд маш хүчтэй хөгжиж байгаа. Дээр нь монгол хүний өөрийн онцлог, тулаанд дуртай байгаа энэ хандлага байна. Үүнийг дагаад холимог тулаан Монголд маш хүчтэй хөгжөөд эхэлбэл, төр засгийн төвшинд ч бас ойлгож эхлэх байх гэж боддог.

 

-Холимог тулаан Монголд хөгжлийнхөө аль шатанд явж байна вэ?

 

-Эхний шатанд. Хэдийгээр 2003 оноос эхлэлтэй ч тэрнээс хойш завсарласан. 2010 оноос тулааны шилдэг тамирчдын холбоо байгуулагдаж MGL1 гэдэг цуврал тэмцээнийг жилд нэг удаа зохион байгуулж байна. Энэ нь өнөөгийн Монголын тулаанчдын гадаадад үзүүлж байгаа амжилттай харьцуулбал, харьцангуй бага тоо. Ер нь бол хөгжлийнхөө эхэнд л явж байна. Цаашдаа олон мундаг аваргууд гарч ирнэ гэдэгт итгэлтэй байдаг.

 

-Та өнгөрсөн жил холимог тулааны дэлхийн аварга болсныхоо дараа хөмсөгөө сэтэлсэн, бас нэлээд хүнд бэртсэн байсан. Энэ удаад гайгүй юу, боолт, өчилтөд нэлээд олон удаа орсон?  

 

-Гайгүй ээ. Гар бага зэрэг хөндүүрлэж байсан нь хоёр хоноод зүгээр болсон.

 

-2013 онд Legend FC холбооны аваргын төлөө тулалдаж байгаад хөлөндөө гэмтэл авсан. Тэр нь маш ноцтой байсан юм билээ. Өөрөөр хэлбэл, таны хөлөнд одоо төмөр байгаа гэж байсан?

 

-Тийм. Хөл хугараад, хадуулсан. Хөлөндөө таван эрэг боолттой, хагас робот. Тэмцээн ойрхон болж таараад, төмрөө авахуулаад, мэс ажилбар хийгээд, эргээд сэргэлт авна гэхээр их удахаар байсан. Тийм учраас авахуулалгүйгээр их удсан. Өнгөрсөн жил дэлхийн аварга болоод, мөн л дараагийн тулаан их ойрхон байх магадлалтай учраас авахуулж амжаагүй л явж байна. 

 

-Тэгэхээр та саяын тулааныг хөлөндөө төмөртэй, тодорхой хэмжээний зовиуртайгаар хийсэн гэсэн үг үү?

 

-Зовиур бол байхгүй.

 

-Гэхдээ л та наад төмрөө хурдан авахуулахгүй бол болохгүй биш үү?

 

-Харин тийм. Гэхдээ эмч нараасаа бас  зөвлөгөө авч байгаа. Эмч нар “гайгүй, болно оо” л гэж байгаа. 

 

-Ярилцсанд баярлалаа. 

 

 Хөрвүүлсэн Л.Энхдэлгэр 


Нүүр хуудас