Аваргуудын лиг: Месситэй Барса Ромаг бут ниргэлээ

2015-11-25 12:13:28

 

Аваргуудын лигийн хэсгийн тав дахь тойргийн тоглолтууд өчигдөр шөнө эхэллээ. Бага зэргийн бэртлийн улмаас Мессигээ алдаад байсан Каталоны Барселона энэ тойрогт талбай дээрээ “мөнхийн хотын” баг болох Ромаг хүлээн авсан. Тоглолтын эхнээс Барса өрсөлдөгчөө илүүрхэж, улмаар 6:1-ээр бут ниргэлээ. Уругвай довтлогч Луис Суарез 15, 44 дэх минутад гоолдсон бол Леонел Месси 18 болон 60 дахь минутад өрсөлдөгч багийнхаа хаалгачийг гомдоожээ. Мөн Ж.Пикэй, Адриано нар нэг нэг гоол нэмэрлэсэн байна. Харин Ромагийн нэр төрийн гоолыг Эдин Жеко 90+1 минутад мөргөж хийсэн юм. 

 

Мөн өчигдөр болсон тоглолтуудад Челси, Байерн багууд тус тусын өрсөлдөгчөө 4:0-ээр илүүрхэж хожсон байна. Челси Израилын Макабигийн талбайд зочилсон бол Байерн талбай дээрээ Грекийн Олимпиакосыг хүлээн авчээ. Түүнчлэн Лондоны Их буучид Хорватын Динамо Загребыг 3:0-ээр хожсоноор хэсгээс гарах боломжоо хадгалж үлдсэн байна. 

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас