Б.Шинэбаяр: Намайг ойлгож мэдрэх эмэгтэйг илүү хайрлана

2015-11-23 11:51:28

“Жинхэнэ хайрынхаа төлөө гал руу орж, ус рүү үсэрч чадна” гэсэн зоримог гарчигтай жижиг ярилцлага анхаарлыг минь татав. Энэ ярилцлагын эзэн урлагийн их тогоонд саяхан хөл тавьсан жүжигчин Б.Шинэбаяр аж.

 

Дурлалынхаа төлөө үхэж ч чадах Ромеогийн дүр, залуу жүжигчин Б.Шинэбаярын амьдрал дээрх хувь хүний араншинтай адилхан юм уу гэх бодол төрөв. Ингээд  мөхөшгүй хайрыг жүжигт ч, амьдрал дээр ч бүтээхийг хүсдэг түүнтэй ярилцахаар утас цохиж, цаг тохирлоо.

 

Уран бүтээлч хүний цаг наргүй амьдралын хэмнэл биднийг тайзны ард, жүжиг эхлэхийн өмнөхөн ярилцахад хүргэсэн юм. Гэвч хөшигний ард өрнөдөг үйл явдлыг уншигчдадаа хүргэх боломж олдсонд бичигч миний бие харин ч олзуурхаж сууснаа нуух юун.

 

Бид  уран сайхнаар мэлмийгээ баясгаж, сонороо мялаан, сэтгэл шингэсэн эцсийн “бүтээгдэхүүн”-ийг үзэхээр бус гайхамшигт бүтээлийг урладаг тайзны арын амьдралыг сонирхохоор Улсын драмын эрдмийн театрыг зорилоо.

 

Театрын босгыг алхаж тааралдсан эхний хүнээсээ жүжигчин Б.Шинэбаярын өрөөг асуув. Биднийг гурван давхарт гарч түүний өрөө рүү орвол “Ромео Жульетта” жүжигт тоглох уран бүтээлчид дор бүрнээ бэлтгэлээ хангаж харагдав.

 

Жүжиг эхлэхэд нэг цаг 30 минут дутуу байх ажээ.

 

Ингээд та бүхэнд Монголын гурав дахь Ромео буюу Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Шинэбаяртай  хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. 

 

 

-Таныг багаасаа жүжигчин болохыг хүсдэг байсан гэж дуулсан. Энэ сонголтонд тань таны гэр бүл нөлөөлөв үү. Чухам яагаад жүжигчний мэргэжилд тэгтлээ дурласан юм бэ?

 

-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй ч арван жилд байхын л урлаг, спортын арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцдог байлаа. Би яагаад ч юм багаасаа үзсэн кинонууддаа их татагддаг хүүхэд байсан. Хүмүүс ямар мэргэжилтэй болох вэ гэж асуухад “жүжигчин” болно гэж шуудхан л хариулдаг байлаа. Тэгээд сургуулиа төгсөөд СУИС-ийг сонгож орсон доо.

 

 

-Гэр бүлийнхэн тань таны сонголтыг хэрхэн хүлээж авч байв?

 

-Мэдээж эхэндээ таатай хүлээж аваагүй. Манай аав төмөр замын “Ган зам” хэвлэх үйлдвэрт хэвлэгч, ээж мөн төмөр замд ажилладаг. Намайг гэрийнхнээсээ тэс өөр мэргэжил сонгоно гэхэд тэд энэ мэргэжлийн хүнд хэцүүг гадарладаг байсан учир надаас их асуудаг байлаа. “Чи үнэхээр жүжигчин болохыг хүсч байна уу, хүнд хэцүүг нь даах уу” гээд л. Харин намайг СУИС-т шалгалт өгч, суралцаж төгсөөд, эхний уран бүтээлээ театрын тайзнаа амилуулахад аав, ээж хоёр маань нааштайгаар харж эхэлсэн.

 

-Ингэхэд та айлын хэд дэх хүүхэд вэ, хаана төрж, өссөн бэ?

 

-Би төмөр замд төрж, өссөн. Айлын ганц хүүхэд.

 

-Тэгвэл ч аав, ээж тань танд “харам” байх нь аргагүй юм байна. Таны анхны дэлгэцийн уран бүтээлийн тухай ярилцмаар байна л даа. Л.Нямгаваа найруулагчийн “19” бүтээлд тоглосон гэдэг. Анх дүр бүтээх ямар байв?

 

-Дүр бүтээнэ гэхээсээ илүүтэй тухайн бүтээл дээр ажилласан гэж яривал зүгээр байх. Анх “19” киноны пробыг найруулагч Ж.Сэнгэдорж, жүжигчин Тогосоо эгч нар авч байхад ангиараа очиж шалгуулаад тэнцэж байлаа. Ямарваа уран бүтээлд ороход хамгийн түрүүнд багшийнхаа нэрийг их боддог юм билээ. Оюутны ширээнээсээ хөндийрөөгүй байсан болоод ч тэр үү багшийнхаа нэрийг л муугаар дуудуулж болохгүй юм шүү гэж бодоод их хичээсэн.

 

 

-Та “19” кинонд тоглосны дараа “Хязгааргүй”, “Аав”, “Учрал” гээд хэд хэдэн кинонд тоглосон. Харин таны гол дүр бүтээсэн анхны кино бол “Аав”. Киноны нээлтийг үзээд сууж байхад таны хоолойны өнгө  Ц.Цэрэнболд жүжигчнийхтэй ямар адилхан юм бэ,  эсвэл Цэрэнболд жүжигчин өөрийн тань дүр дээр давхар дуу оруулаад байна уу гэж гайхаж байсан. Таныг энэ бүтээлд гол дүр авахад хоолойн өнгө тань нөлөөлсөн үү?

 

-Маш их нөлөөлсөн шүү. “Аав” кино эхлэхийн өмнө зохиолч Энхдалай, Цэрэнболд ах хоёр манай өрөөнд орж ирчихсэн юм яриад сууж байсан. Би хувцсаа аваад гарахдаа “Сайн байна уу” гээд мэндэлсэн чинь Цэбо ах “Энэ хүүхэд шүү дээ” гэж хэлсэн юм. Гэтэл хэд хоногийн дараа Эрдэнэбилэг ахтай уулзахад шинэ уран бүтээл дээр ажиллах гэж байна. Цэботой чиний хоолойн өнгө,  зүс царай тун адилхан гээд “Аав” киноны талаар ярилцаж байлаа. Түүнээс өмнө би Цэбо ахтай Л.Нямгаваа найруулагчийн “Хязгааргүй” кинонд хамтран тоглож байсан. Тэр киноны зураг авалтын үеэр ч хүмүүс намайг Цэбо ахтай адилхан гэж ярьж байсан юм.  2014 онд УДЭТ-т орж ирээд хадаг барин Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд ахыг багшаараа сонгосон.

 

-Анхны уран бүтээлийнхээ ард гарч, киногоо бүрэн эхээр нь үзээд сууж байхад юу бодогдож байв?

 

-Уран бүтээлч хүн нэг уран бүтээлээс нөгөө рүү орохдоо дэвших хэрэгтэй л дээ. Анхны уран бүтээл дээр камертайгаа харьцаж мэдэхгүй байсан бол дараа дараагийн уран бүтээлээсээ камераа мэдэрч эхлэх гээд олон зүйлийг сурдаг. Ер нь өмнө нь тоглож байхдаа гаргасан алдаануудаа дараагийн кинонд гаргахгүй юм шүү гэж их боддог. Өөрийгөө үзээд суух чинь хэцүү шүү дээ. Тэр том дэлгэцэн дээр гараад, түүнийг нь урлагийн том том хүмүүс, үзэгчид үзэж, үнэлж, дүгнэж байна гэж бодохоор сэтгэлд их хэцүү байдаг.

 

-Энэ удаад Ромео, дараа нь 60 настай өвгөн ч болж мэднэ-

 

 

-“Аав” киног үзэж байхдаа хэрэв жүжигчин Б.Шинэбаярт ийм зүйл тохиолдсон бол яаж хүлээх авах байсан бол хэмээн бодож суулаа?

 

-Ёстой л хайрлана даа. Би хүүхдэд маш их хайртай. Одоо гэр бүл зохиох нас ч болсон. Гэхдээ залуу уран бүтээлч учраас урлагийн карьераа илүү хөөх хэрэгтэй гэж бодож байна. Харин энэ хугацаанд гэр бүлийн амьдралаа хаяхгүй байх нь л чухал. Хэрвээ “Аав” кинонд гардаг шиг миний хүүхэд гээд ирсэн бол мэдээж хайрлана, өсгөнө, түүнийхээ төлөө бүхнээ зориулна. “Амьнаас илүү амь” гээд л гоё үгнүүд зөндөө байдаг даа.

 

-Ер нь тайз, дэлгэцнээ бүтээж буй дүрүүд тань өөртэй тань төстэй юу, эсвэл тэс өөр ертөнцийг бүтээгээд байгаа юм шиг санагддаг уу?

 

-Хүн гэдэг янз бүрийн араншинтай. Ямар дүр ирж байна, тэр дүрийг авахдаа яг л өөрийнхөө  тэр занг илүүтэй гаргаж ирж, ажиллана уу гэхээс биш түүнээс тэс хөндлөн дүрийг бүтээгээд байдаггүй шүү дээ. Магадгүй ууртай залуугийн дүр авлаа гэхэд би уурлахаараа яадаг билээ гээд түүнийгээ л илүүтэй гаргахыг хичээдэг. Тухайн дүр дотор юу агуулагдаж байна. Надад түүнээс нь юу байна гээд түүнийгээ илүү давамгайлж гаргана.

 

 

-Тэгвэл жүжигчдийн хувьд би ийм л дүрд өөрийгөө эвдэж үзмээр байна гэдэг шүү дээ. Таны хувьд тайз, дэлгэцнээ ямар дүр бүтээхийг хүсч байна?

 

-Хүмүүс хараад танихгүй, “За байз, энэ Шинээ мөн үү” гэж бодтол “өөрчлөгдөх” дүр  бүтээхийг хүсдэг. Тайзны бүтээлд Ромеод тоглож байлаа гэхэд дараа нь тэс өөр 60 настай өвгөний дүрээр уулзах ч юм уу. Ер нь л өөрийгөө хөгжүүлсэн дүрд тоглох дуртай.

 

-Яг тэр дүр гэж онцолсон зүйл байхгүй гэж үү?

 

-Байхгүй ээ. Тухайлбал, би үргэлж “Аав” киноны аавдаа, эсвэл “Учрал” киноны дурлалт залуугийнх шиг дүрд тоглоод байвал уйтгартай биз дээ.

 

-Нээрээ та Улсын драмын эрдмийн театрт хэзээ “данс”-тай болов?

 

-Би 2014 оноос Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллаж эхэлсэн. Өмнө нь “Гамлет”, “Тэнгэрийн хүү”, “Парисын дарь эхийн сүм” жүжигт олны хэсэг болон дүр нөхөлтүүд дээр ажиллаж байсан. Энэ удаагийн “Ромео Жульетта” жүжиг бол миний хамгийн анхны гол дүр дээр ажиллаж байгаа сонгодог бүтээл.

 

 

-Хэрхэн гол дүр авсан бэ?

 

-Анх өнгөрсөн наймдугаар сарын 17-нд найруулагч маань театрт данстай бүх уран бүтээлчдэд дүрээ хуваарилсан юм. Энэ үеэр надад Ромеогийн дүрийг өгсөн. Ямар нэгэн шалгаруулалт болоогүй, найруулагчийн сонголт байсан.

 

-Энэ удаагийн Ромео өмнөх Ромеонуудаас юугаараа өөр вэ?

 

-Өмнөх Ромеонууд бол тухайн зууныхаа хувцас, хэрэглэл, тавилтуудаар тайзнаа амилсан. Энэ удаагийн бүтээлийн хувьд шинэ дэг тавилттай, театрын урлагт хөдөлгөөний шинэчлэл хийж байгаа гэх мэт олон онцлогтой. Орчин цагийн шинэлэг гэдэг утгаараа өмнөх Ромеонуудаасаа тэс ондоо байх болов уу.

 

-Жүжгийн үеэр найруулагчдаа хэр их загнуулав?

 

-Загнуулах үедээ загнуулж, магтуулах үедээ магтуулна. Наймдугаар сарын 17-ноос эхлэн бүжгийн бэлтгэлд орон гурван сарын турш энэ дүрийг бэлтгэсэн.

 

-Уран бүтээлийн хамтрагчтайгаа илүү ойртож, дассан-

 

 

-Өмнөх Ромеог бүтээж байсан жүжигчин Гэрэлсүхтэй уулзсан уу?

 

-Гэрэлсүх ах, Одноо эгч, Дөлгөөн бид дөрөв уулзалт зохион байгуулж, тухайн үед тоглож байсан тэднийхээ сэтгэгдэл, дурсамжуудаас нь сонссон.

 

-Гол дүр Жульеттад тоглож байгаа жүжигчин О.Дөлгөөнтэй өмнө нь “Учрал” кинонд хамтран тоглосон. Энэ удаа сонгодог жүжигт хэр гар нийлж байна вэ?

 

-Хамтрагч чинь хөөрхөн, сахилгагүй шүү дээ. /инээв/ Анх дүр хуваарилж байхад бид хоёр хоорондоо ярилцаж байсан. Найруулагч ч бие биендээ дас,  дүрээ гарга гэнэ. Мэдээж тэс өөр хоёр хүн тайзан дээр гарч ирээд бие биенээ “Хайр аа” гэж дуудаад  хайрын харцаар харах чинь асуудалтай шүү дээ. Бид өөрсдөө мэдэрч байж түүнийгээ үзэгчдэд мэдрүүлнэ. Тиймээс бид хоёр дүр авснаасаа хойш өнгөрсөн хугацаанд нэг нэгнийгээ халамжлан хоолыг нь дөхүүлж өгөн хоорондоо ярилцаж, биенийхээ сайн чанаруудыг илүү их хараад байхаар өөрийн эрхгүй татагддаг юм билээ. Түүнээс биш учиргүй хайрлаж дурлаагүй шүү. Хамтрагчтайгаа илүү ойртож дасан шинэ уран бүтээлээ хийсэн.  

 

-Багаасаа урлагт тэмүүлэхдээ энэ л жүжигчин шиг болчих юмсан хэмээн дуурайж, үлгэр жишээ авч байсан ямар уран бүтээлч байдаг вэ?

 

-Жүжигчний хувьд үлгэр дууриал авч энэ хүн шиг болох юмсан гэж боддог жүжигчин бол Леонардо Ди Каприо, Сергей Безруков нар. Би“Бригада” киноны үнэнч шүтэн бишрэгч, фэн нь. /инээв/

 

-“Notebook”, “Бригада” киног байнга үздэг гэж сонсож байсан?

 

- “Notebook” бол миний хувьд хамгийн гоё хайрын кино.

 

-Хайрын кино гэснээс  та хэр дурламтгай вэ?

 

-Дурламтгай биш ээ. Хэрэв дурламтгай байсан бол өдийд гэр бүл зохиочихсон байх байсан болов уу.

 

-Таньтай ярилцлага хийх гээд мэдээлэл цуглуулж байтал “Би дурламтгай биш ч нэг дурлахаараа гүнзгий дурладаг, хайр сэтгэлийнхээ төлөө тууштай тэмцдэг” гэж ярьсан байсан?

 

-Энэ мэдээллийн тухайд “Учрал” киноны дараа уран бүтээлчид тойрч суугаад наргиан болгон ярьсан зүйлийг нэг сэтгүүлч өлгөж аваад бичсэн байна лээ. Би тэнд сэтгүүлч байгаа ч гэж мэдээгүй. Зүгээр л наргиан болгоод тэднийгээ хөгжөөж ярьсан зүйл маань бичигдсэн байсан. Би тэр сэтгүүлчтэй дараа нь уулзсан /инээв/

 

-Таныг энэ цагийн гурав дахь Ромео гээд л цахим ертөнцөөр шуугиж байна. Найз бүсгүйтэй юу. Ер  нь та ямар эмэгтэйг сэтгэл татам бүсгүй гэх вэ?

 

-Цэвэрхэн, нүдэнд дулаахан төрхтэй, ухаантай, халамжтай эмэгтэй хүнд илүү их татагдах болов уу. Ажил мэргэжлийг маань ойлгохгүй бол хэцүү. Намайг ойлгож мэдрэх эмэгтэйг илүү их харна.  Амжилт гаргаж байгаа эр хүний ард гэр бүл нь маш их холбоотой байдаг.  Гэр бүл нь түүнийг ойлгож, дэмжиж байж л ахиц гаргадаг. Тийм болохоор мэргэжил, эхнэр, амьдрал гурвыг зөв сонгосон эр хүний амьдрал дардан байдаг болов уу гэж боддог. Гэхдээ одоо нэг сайхан бүсгүйтэй холбоотой байгаа.

 

-Алхам тутамдаа хичээж, зөв амьдрахыг хүсдэг-

 

 

-Уран бүтээлч хүний хувьд ямар зарчим баримтлан ажилладаг вэ?

 

-“Би хийхгүй юм бол өөр хэн хийх юм бэ” гэж боддог. Мэдээж ямар нэгэн уран бүтээлд тоглож байгаа бол үзэгчид түүнийг харах гэж очих учраас муу тоглох, эсвэл ямар нэгэн зүйл дээр сэтгэл ханамжгүй байдал гаргахгүйгээр жижиг гэлтгүй дүр бүхэндээ сэтгэлээ шигтгэж ажиллахыг хичээдэг.

 

-Уран бүтээлч хүний ажил, амьдрал цаг наргүй гэдэг шүү дээ. Таны хувьд ажлын нэг өдөр хэрхэн өрнөдөг вэ?

 

-Тоглолттой үед оройтож харьдаг учраас 12.00 гээд л сэрдэг. Театр дээр тоглолтын өмнө ажил багатай байдаг болохоор гэртээ цаг заваа зарцуулж байгаад 17:00 гээд л театр дээрээ ирдэг. Тэгээд л тоглолтын бэлтгэл хувцас, хэрэгслээ шалгана, будна гээд 19.00 цагаас тоглолтдоо орж 22.00 цаг өнгөрөөж тараад өрөөндөө орж ирнэ. Тоглолтын будгаа арилган хувцсаа солин гэр рүүгээ харьдаг. Нэг иймэрхүү маршруттай. Гэхдээ янз бүр байдаг даа.

 

-Нүүр будалтаа ихэнхдээ өөрсдөө хийдэг үү?

 

-Оюутан байхдаа нүүр будалтыг хэрхэн хийх талаар заалгадаг болохоор өөрсдөө л будчихдаг. Дүрийнхээ тухайд хувиргалт ихтэй үед театрынхаа мэргэжлийн нүүр хувиргагч Энхтуяа эгчээр будуулна.

 

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ. Залуу уран бүтээлчийн хувьд хэр чөлөөт цаг гарч байна?

 

-Чөлөөт цагаараа хийх дуртай тогтсон зүйл гэж байхгүй. Заримдаа найз нөхөдтэйгээ уулзана. Сүүлийн үед боулинг, пэйнтболлд “дурлаад” байгаа. Гэхдээ байнга цаг зав гараад энэ бүхнийг амжуулаад байх боломж хомс. Гэр бүл аав, ээж хоёртойгоо байх гээд л олдсон чөлөөт цагаа өнгөрүүлж байна даа.  

 

-Кинонд тоглох санал хэр их ирж байна?

 

-Киноны санал ирдэг. Өнгөрсөн зун хоёр сар гаруй хугацаанд хөдөө киноны зураг авалтад явсан.  Он гаргаад нээлтээ хийнэ.

 

-Олон нийтийн сүлжээнд хэр идэвхтэй вэ?

 

-Идэвхтэй. Гэхдээ пэйж хуудсаараа биш, хувийн аккуантаараа нэлээд идэвхтэй шүү.  

 

-Аав ээжийн тань захиж хэлдэг ямар үгс сэтгэлд тань хамгийн ойр байдаг вэ?

 

-Манай аав, ээж хоёр “Зөв явах, зөв амьдрах” ухааныг их зааж сургадаг. Хүн зөв амьдарч байж үр хүүхэдтэй болж, эргээд тэд чинь ирээдүйд буяныг эдлээд сууна  гэдэг. Энэ насандаа асар их буруу зүйл хийвэл үйлийн үр өөрт нь биш юм аа гэхэд үр хүүхдэд нь ирдэг гэж ойлгодог. Өнөөдөр би ч гэсэн сайхан эцэг эхийнхээ буяныг эдлээд явж байна. Тэд эргүүлээд үр хүүхдэдээ буянаа эдлүүлэхийг хүсдэг учраас амьдрал дээрх алхам тутамдаа хичээж, зөв амьдрахыг хүсдэг.

 

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

 

Тэрээр  “Ярилцлага өгч байх зууртаа тайзны будалтаа хийж байсан бөгөөд “Ярилцаж байхдаа нүүрээ будна гэдэг худлаа юм байна. Сандраад яаж ч будаад байна даа” хэмээн хошигнож байв. Тэр тайзнаа гарахад бэлэн болжээ...

 

Б.Саруул | Гэрэл зургийг Г.Даша

 

 

 

 

 

 


Нүүр хуудас