Н.Түвшинбаяр Чиндаогийн гранпид аваргаллаа

2015-11-23 11:00:13

 

Монголын жүдочид БНХАУ-ын Чиндоа хотод болсон Гран При тэмцээнээс ганзага дүүрэн буцлаа. Тодруулбал, жүдочид нийтдээ хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэнээр багийн дүнгээр хоёрдугаар бай эзэлсэн. Жүдочдын алтан медалийн салхийг эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Д.Сумъяа хагалсан. Тэрээр аваргын төлөө дэлхийн аваргын хүрэл медальт, Германы Ропер Миряамтай барилдаж, цэвэр ялснаар Чиндаод төрийн дууллаа эгшиглүүлсэн. 

 

Мөн эхний өдөр 66 кг-ийн жинд зодоглосн Д.Төмөрхүлэг аваргын төлөө шалгарч үлдсэн ч Бакугийн Их дуулгын алтан медальт Азербайжаны Нижат Шихализадад цэвэр ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн юм. Түүнчлэн 48 кг-ийн жинд дэлхийн аварга М.Уранцэцэг мөнгөн медалийн болзол хангалаа. Тэрээр хагас шигшээд БНСУ-ын Жеон Бо Кюныг 22 секундэд цэвэр ялж, алтан медалийн төлөө Японы Фуна Тонакид цэвэр ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн юм. 

 

 

Түүнчлэн А.Цолмон, О.Ууганбаатар нар хүрэл медаль хүртсэн бол Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр аваргын алтан медалийн болзол хангаж, Риогийн олимпийг зорих эрхээ баталгаажууллаа.

 

Н.Түвшинбаяр аваргын хувьд эхний тойрогтоо хийлж, хоёр, гуравдугаар тойрогт БНХАУ-ын бөх Шин Та, Израилын П.Палтчик нарыг цэвэр ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөө Нидерландын бөх М.Коррейлыг цэвэр ялж, хагас шигшээд Германы Карл Ричард Фрайг юүко үнэлгээгээр буулган авсан юм. Ингээд финалд Казахстаны бөх Максим Раковыг торгуулиар ялснаар Чиндоад эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүллээ. 

 

Л.Дэлгэр

 

 

 


Нүүр хуудас