О.Амгаланбаатар: Намайг мэдэх хүмүүс “мөнхийн өлсгөлөн” гэдэг

2015-11-19 11:43:08

 

Хар бараан мэдээлэлд зогсоо зайгүй дарагдсан уншигчиддаа чөлөөт хөнгөн хэлбэрийн “зууш” яриаг бид “Селфи” булангаараа хүргэдэг билээ. Энэ удаад загвар өмсөгч, жүжигчин О.Амгаланбаатарыг онцоллоо. Түүнийг уран бүтээлээс гадна өөрийн цахим хуудсаа идэвхтэй хөтөлдөг хөгжилтэй, хоржоонтой яриатай нэгэн гэдгийг найзууд нь хэлдэг.

 

Мөн түүнийг “Содура” киноны гол дүрийн залуу Ак-Оодын дүрийг бүтээснээр нь уншигчид илүү мэдэх юм.

 

Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

 

-Яг одоо таны селфи?

 

2015-11-18

 

-Таны анхны утас?

 

-Анх 2005 онд онд нокиа “3310” гэдэг утас авч байлаа. Тэрнээс хойш мөн ч олон жил олныг элээсэн дээ.

 

-Одоо?

 

-Iphone5

 

-Анхны ажил?

 

-Нэгдүгээр курс бил үү хоёрдугаар курстээ VIP хамгаалалтын албанд хамгаалагч хийж байлаа. Мөн зуныхаа амралтаар барилга, замаас эхлээд ажиллаж үзээгүй газар ховор шүү. Оюутан байхдаа компьютер дээр их хурдан шивдэг гээд бичээч хүртэл хийдэг байсан.

 

-Анхны цалин?

 

-Анхны цалингаараа хамгийн түрүүнд хоолонд орсноо л санаж байна. /инээв/

 

-Одоо?

 

-Хувиараа ажиллаж байна.

 

-Анхны машин?

 

-2012 онд “Toyota Allion” гэдэг машин худалдан авч байлаа.

 

-Санаанаас тань гардаггүй уруул?

 

-Нэг хүний уруул бий. Нэрийг нь хэлмээргүй байна Тун саяхан болсон. /инээв/

 

 

-Хамгийн сүүлд өөртөө юу худалдаж авсан бэ?

 

-Өчигдөр /11.18/ үсний боолт өөртөө худалдаж авсан. Эдийн засаг хаа сайгүй хямраад үнэтэй хувцас хунар биш үсний “боолтхон” л авдаг боллоо шүү дээ. /инээв/

 

-Амьдралдаа хамгийн их өлсөж байсан үе?

 

-Намайг мэдэх хүмүүс “мөнхийн өлсгөлөн” гэдэг юм. Энэ асуултын хариулт ихэнх амьдралын маань хугацаанд хамаарах байх. /инээв/ Гэхдээ мэдээж оюутан байх үед бүр илүү өлсдөг байсан. Ямар сайндаа л манай ангийн хөвгүүд пирожки идэж байхдаа цайгаа уудаггүй.  Дараа нь ууна. Учир нь жаахан горойгоод идэхээр гол ордог юм гэж наргидаг байлаа. /инээв/

 

-Бусдаас хамгийн их сонсдог үг?

 

-Ээжийнхээ том эгчээс "Нисээд л явахын хэзээ нэг тогтож, буурь сууж, эр хүн болно доо" гэх үгийг олон сонссон. /инээв/

 

-Хүүхэд байхад өгч байсан хамгийн үр дүнтэй шийтгэл?

 

-Эмээгийн бүс сураар ороолгуулж байлаа. 7-8 насандаа олон ороолгуулж байсан.  Уг нь нэг их сахилгагүй хүүхэд байгаагүй л дээ. Үг хэлэхээр нь зөрүүдэлж байгаад л ороолгуулдаг байсан санагдаж байна. /инээв/  Энэ шийтгэл зөв хүн болоход минь маш их нөлөөлсөн. Эмээ маань намайг айлгаж бас эрхлүүлдэг хамгийн ойрын хүн минь шүү дээ.

 

-20 настай байх үеийн өөртөө юу гэж захих байсан бэ?

 

-Тухай үед өөртөө “Олон юм битгий оролд. Ганц хоёр зүйлд төгс бол” гэж хэлэх байсан. Даанч цаг хугацааны машин бүтээгдэж амжаагүйм шиг байна лээ. /инээв/

 

-Таны бусдаас өвөрмөц зуршил?

 

-Уг нь би нэг зожиг биш. Гэхдээ л ганцаараа байхыг илүүд үздэг сонин зуршилтай.

 

 

-Хамгийн том бүтэлгүйтэл?

 

-Олон бий. Америк явж сурна гэж их боддог байлаа. Удаан ч төлөвлөсөн байсан. Гэтэл виз гараагүй хамаг юм нурсан. Тэр л миний хувьд хамгийн том бүтэлгүйтэл байлаа. Гэхдээ бас ажил, хайр сэтгэл дээр гээд л аль бүтэлгүйтэхийг тэр гэхэв. /инээв/

 

-Хамгийн хачирхалтай нөхөрлөл?

 

-Хоёр биедээ хонь чоно байсан хүнтэйгээ нэг удаа уулзаад ярилцсан хүмүүсийн ярьдаг шиг биш. Харин ч хүн шиг хүн байсан. Тэгээд л тэрнээс хойш хүний үгээр үг хийх, сайн мэдэхгүй байж яаран сөргөөр ярих хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон.  Ер нь бусдыг муулах өөлөх юунд ч хэрэггүй юм гэдгийг ойлгосон шүү.

 

-Өөрийнхөө ямар дутагдалтай эвлэрсэн бэ?

 

-Эвлэрэх бол шаардлагагүй шүү дээ. Эвдэж өөрчлөх л ёстой. Миний хувьд аливааг эхлэх гэж их шантрана. Бас их түргэн зантай. Үүнийгээ л засах гэж хичээж байна даа.

 

-Найзуудын өгч байсан хамгийн хачирхалтай зөвлөгөө?

 

-Би саяхан нэг бүсгүйтэй танилцсан юм. Тэгсэн чинь зарим нэг найз маань “Чи энэнтэй суу” гэж зөвлөсөн. /инээв/

 

 

-Хэтэвч хоосон хэд хоног гүрийсэн бэ?

 

-Өө олон хононо. Алхаад л, хоол сойж тураад л тийм үе олон байна шүү.  Амьдралд байх бас л нэг сонин өнгө шүү дээ. /инээв/

 

-Эдийн засгийн хямралыг даван туулахад таны оруулж буй хувь нэмэр?

 

-Улс орны хямрал дээр хямарсан хүний тоог нэгээр нэмэхгүй байхыг хүсдэг. Тэгж дарамт болмооргүй байна. Тиймээс иргэний хувьд үүргээ биелүүлж өөрийгөө зөв аваад явахаас гадна эрхэлсэн ажилтай байвал өнөөдөртөө болох юм шиг санагддаг.

 

-Таны ажил хэрэгтээ баримталдаг зарчим?

 

-“Хийвэл хий, эс бөгөөс огт битгий хий” гэх зарчмыг баримталж тууштай хандахыг хичээдэг.

 

-Ярилцсанд баярлалаа.

 

 

П.Мөнхжаргал

 

 

 

 


Нүүр хуудас