Г.Ариунбаатар эх орондоо тоглолтоо хийнэ

2015-11-19 10:13:22

 

П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны гранпри шагнал хүртсэнээсээ хойш дэлхийн алдарт тайзнаа уригдан дуулж байгаа Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо “Монгол сонгодог” бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр 2012 онд М.Глинкийн уралдаанд түрүүлж, Гавьяат жүжигчин цолоор шагнуулсныхаа дараа ард түмэндээ “Монгол сонгодог” тоглолтоо хүргэж байсан билээ.

 

Тэрээр энэхүү тоглолтынхоо товыг хараахан зарлаагүй байгаа ч Монголын сор болсон сонгодог уран бүтээлчдийн бүтээлийг сонордуулахаар зэхээд байгаа аж.

Өдгөө тэрээр Улаан Үдийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Москва хотноо алдарт төгөлдөр хуурч Денис Манцуевтэй бэлтгэлээ базаан тэд хамтдаа Тюмень хотод  тоглолтоо хийх аж.

 

Гоцлол дуучин Г.Ариунбаатар энэ сарын 28-нд Улаан Үдэд бие даасан тоглолтоо хийх юм байна. Энэхүү тоглолтынхоо дараа тэрээр эх орондоо ирж бие даасан тоглолтын ажилдаа орох нь ээ.

 

Г.Даша


Нүүр хуудас