М.Зоригт: Гурван улсын Тээврийн сайд нарын уулзалт болно

2015-11-18 11:07:44

 

Хонконгод “Монголын төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт” энэ сарын 16-17-ны өдрүүдэд боллоо. Монгол Улсаас УИХ, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд М.Зоригт, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар уг чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлөн оролцсон юм. Чуулга уулзалтын үеэр Зам, тээврийн сайд М.Зоригт Монгол Улсын зам, тээврийн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулга хийлээ.  Тэрбээр өөрийгөө “Голомт” банкны үүсгэн байгуулагч, 30 жил хувийн салбарт ажиллахдаа Монгол Улсдаа томоохон хөрөнгө оруулалт хийх юмсан гэж боддогоо хэлсэн байна. Түүнчлэн уг арга хэмжээнд оролцож байгаа хүмүүс ихэвчлэн уул уурхайн салбарыг нэн тэргүүнд тавьж байна, угтаа энэ салбарын салшгүй хэсэг болох дэд бүтцийн салбарыг орхигдуулж болохгүй гэдгийг анхааруулсан байна.  

 

Зам, тээврийн сайд М.Зоригт “Манай яамныхан Монгол, ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагааны хүрээнд баруун бүс нутагт Алтайн нурууны урдуур авто зам, төмөр замын сүлжээ барьж байгуулах, төвийн коридор болох одоо байгаа төмөр замын тээх, нэвтрүүлэх чадварыг 30 дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн Зүүн бүс нутагт эдийн засгийн коридор байгуулах, ингэхийн тулд Бичигтийн боомтод худалдааны чөлөөт бүс байгуулах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэн, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ Бичигтийн боомтод “Монголд үйлдвэрлэв” нэртэй аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар төлөвлөж байгаа. Түүнчлэн Монгол Улсын төмөр зам бол Ази-Европыг холбосон транзит тээврийн хамгийн дөт зам гэдэг утгаараа энэ салбарын асуудлыг зөвхөн Хятад улстай, эсвэл Орос улстай биш харин гурван тал гурвуулаа, цаашлаад бүс нутгийн хэмжээнд авч ярих ёстой” гэлээ.

 

Чуулга уулзалтын төлөөлөгчид ЗТ-ийн сайд М.Зоригтоос Алтанбулаг-Замын Үүд” чиглэлд барих хурдны замын төслийн хэрэгжүүлэгч “Chinggis land development” компанийн талаар асуусан. Энэ асуултад тэрбээр “Энэ компанийн концессын гэрээг цуцалсан. Гэрээний дагуу хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлээгүй.  Тус компанийнхан шүүхэд хандсан боловч шүүхийн шийдвэр Монгол Улсын Засгийн газрын талд гарснаар “Chinggis land development” компани уг төслийг хэрэгжүүлэхээргүй болсон гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн хариуллаа.

 

Сайд М.Зоригт танилцуулгынхаа үеэр “Монгол Улс өөрийн агаарын орон зайгаар дамжин өнгөрөг нислэгийг эрс нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа дурьдаад навигацийн үйлчилгээг сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцэж байгаа. 2017 он гэхэд ашиглалтад орох Олон улсын шинэ нисэх буудлыг бүс нутгийн олон улсын нисэх буудал болгох, 22 чиглэлд нислэг үйлддэг байхуйцаар төлөвлөж байна. Цаашид Монгол Улс Агаарын тээврийн нэгдсэн компанитай болно” гэлээ.

 

Чуулга уулзалтад оролцож буй төлөөлөгчдөд хандаж хийсэн мэдээллийнхээ төгсгөлд Зам, тээврийн сайд М.Зоригт , 2016 оны нэгдүгээр улиралд Монгол, ОХУ, БНХАУ-ын Тээврийн сайд нарын гурван талт уулзалтыг зохион байгуулж, дараа нь хөрөнгө оруулагчдад тодорхой төслүүдийн саналаа танилцуулахаар болсноо хэлсэн байна. 

 

Эх сурвалж: Зам тээврийн яам


Нүүр хуудас