Парламент төсвийг “хайрцаг”-нд нь баталлаа

2015-11-16 08:49:11

 

УИХ ирэх оны төсвөө баталлаа. Жилийн жилд парламент төсвийг батлахдаа Засгийн газрын оруулж ирснээс 360 градус өөрчилдөг байсан. Харин энэ удаад төсвийг анх удаа тал тал тийш тараалгүйгээр “хайрцаг”-нд нь баталлаа. Нэгдсэн төсвийн орлого 7013.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.4 хувь, зардал 7954.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 28.8 хувьтай тэнцэж байна. Харин алдагдал 940.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.4 хувьтай тэнцэж байгаа юм. Энэ нь Засгийн газрын оруулж ирснээс орлого, зарлага аль аль нь 100 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн төсөв болж байна.

 

Гэхдээ үүний нөгөө талд хөрөнгө оруулалтын зардлыг 149.9 тэрбум төгрөгийг хасч, 79.2 тэрбум төгрөгийг нэмж тусгалаа. Түүнчлэн тэвчиж болох зардлыг дахин 16.4 тэрбум төгрөгөөр бууруулах, Хөгжлийн банкны эх үүсвэрээс хэрэгжүүлэх төслийг 26.6 тэрбум төгрөгөөр тус тус бууруулсан. Өөрөөр хэлбэл, орлого, зардлагыг 100 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн ч үүний нөгөө талд хөрөнгийн зардал болон хөгжлийн банкны санхүүжилтийг танасан.

 

Нэг ёсондоо Засгийн газрын оруулж ирсэн төсөвт тодорхой зохицуулалт хийж, нэмэлтээр ямар нэгэн шинэ хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг тусгалгүйгээр баталсан. Түүнчлэн Засгийн газрыг 2016 оны наймдугаар сарын 1-нээ эхлэн есөн яамтай ажиллуулах зэрэг шинэчлэлийг парламент хүлээж аваагүй. Үүнтэй холбоотойгоор урсгал зардал тодорхой хэмжээнд нэмэгдсэн юм.

 

Ирэх онд төсвийн ерөнхийлөн захирагч нар буюу сайд нарын зарцуулах хөрөнгийг дараах байдлаар тодорхойлжээ.

 

1. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга - 4.7 тэрбум

2. УИХ-ын дарга - 18.637 тэрбум

3. Үндсэн хуулийн цэцийн дарга - 809.2 сая

4. Улсын Дээд Шүүх - 3.396 тэрбум

5. Шүүхийн ерөнхий ерөнхий зөвлөлийн дарга - 48.9 тэрбум

6. Хүний эрхийн үндэсний комисс - 748.4 сая

7. Улсын ерөнхий прокурор - 15 тэрбум

8. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл - 2.22 тэрбум

9. Улсын ерөнхий аудитор - 9.6 тэрбум

10. Авлигатай тэмцэх газрын дарга - 8.332 тэрбум

11. Санхүүгийн зохицуулах хорооны дарга - 2.755.8 тэрбум

12. Төрийн албаны зөвлөл - 558.2 сая

13. Сонгуулийн ерөнхий хороо - 25.2 тэрбум

14. Ерөнхий сайд - 99.630 тэрбум

15. Шадар сайд - 110.1 тэрбум

16. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга - 27.2 тэрбум

17. Байгаль, орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд - 57.3 тэрбум

18. Гадаад хэргийн сайд - 72.7 тэрбум

19. Сангийн сайд – 3,122.8 тэрбум

20. Хууль зүйн сайд - 391.8 тэрбум

21. Зам тээврийн сайд - 242.6 тэрбум

22. Батлан хамгаалахын сайд - 218.6 тэрбум

23. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд - 1218.3 тэрбум

24. Уул уурхайн сайд - 17.945 тэрбум

25. Хүнс хөдөө аж ахуйн сайд - 131.1 тэрбум

26. Хөдөлмөрийн сайд - 170.7 тэрбум

27. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд - 497.2 тэрбум

28. Эрүүл мэнд спортын сайд - 691.1 тэрбум

29. Эрчим хүчний сайд - 67.6 тэрбум

30. Аж үйлдвэрийн сайд - 40.8 тэрбум

31. Барилга хот, байгуулалтын сайд - 49.4 тэрбум төгрөг.

 

-Агентлагуудыг татан буулгахгүй, ЗГ-ыг өөрчлөхгүй-

 

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Худалдан авах ажиллагааны газар, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах албыг татан буулгахаар байсан. Харин үүнийг парламент хүлээж аваагүй. Гэхдээ Статистикийн байгууллага болон Улсын бүртгэлийн ерөнхий газрыг нэгтгэх, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газруудыг нэгтгэхийг хүлээн зөвшөөрсөн. Засгийн газраас оруулж ирсэн төслөөр статистикийн байгууллагыг улсын бүргэлийн ерөнхий газартай нэгтгэж, Засгийн газрын харьяанд оруулахаар байсан. Харин хэлэлцүүлгийн явцад дээрх хоёр байгууллагыг нэгтгэж болох ч харьяалал нь УИХ-ын дэргэд хэвээр байх нь зүйтэй гэж үзсэн.

 

-Нефть боловсруулах үйлдвэр бус цагдаагийн кабон барина-

 

Аж үйлдвэрийн сайдын багцад Говийн бүсэд нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулахад 7 тэрбум орчим төгрөг тусгагдсан байсан. Үүнийг Ц.Нямдорж гишүүн санал гаргаж, нефть боловсруулах үйлдвэрийн оронд 21 аймагт цагдаагийн кабон барих ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Эл саналыг байнгын хороо дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр ч дэмжигдсэн юм.

 

Үүнтэй холбоотойгоор сайд Д.Эрдэнэбат эл саналыг буцаах саналаа гуравдугаар хэлэлцүүлгийн явцад УИХ-ын даргад уламжилсан юм. Харин ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг “Нефть боловсруулах үйлдвэр барихгүй гээгүй. Гагцхүү хувийн хэвшил л үүнийг хийх хэрэгтэй. Хувийн хэвшлийн хийх ажлын урдуур төр орж, цаас үйлдвэрлэх хэрэггүй” гэсэн. Түүнчлэн УИХ-ын дарга ч бас нэгэнт дэмжигдсэн саналыг буцаах боломжгүй гэсэн юм. Ингээд хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр Ц.Нямдорж гишүүний гаргасан саналыг дэмжсэн саналыг дахин дэмжих нь зүйтэй гэж санал хураалгасан. Эл саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэн.

 

-Шинэ хөрөнгө оруулалтуудыг 0 дүнтэйгээр тусгалаа-

 

2016 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтуудыг 0 дүнтэйгээр тусгалаа. Уг нь 100 орчим тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт хийхээр тусгаад байсан. Гэвч МАН-ын бүлгийн зүгээс шинэ хөрөнгө оруулалт шаардлагагүй гэх шүүмжлэлийг удаа дараа хэлж байсан юм. Улмаар чуулганаар шинэ хөрөнгө оруулалтуудыг 0 дүнтэйгээр тусгалаа. Өөрөөр хэлбэл, шинэ хөрөнгө оруулалтад шууд тусгасан мөнгө байхгүй. Хэрэв боломж гарвал тодорхой хэмжээгээр төсвөөс санхүүжүүлэх нь.  

 

Л.Энхдэлгэр


Нүүр хуудас