Х.Гэрэлчимэг: “Та Монголын балетыг сүйрүүллээ” гэхэд шал цөмрөөд унах шиг л болсон

2015-11-13 09:50:00

 

Дуурийн театрт түүнийг балетын багш, ерөнхий балетмейстер байх хугацаанд түүнтэй ярилцлага хийх нь байтугай тааралдаад мэндлэх нь ч тун цөөхөн байлаа. Учир нь тэрээр хэн нэгэнтэй ярилцаад суух завгүй хүн байсан юм. 2013 онд түүнийг ажлаасаа гэнэтхэн гарч байгаа тухай мэдээлэл цацагдсан. “Биеийн байдал муу, өөрөө саналаараа гарлаа” зэрэг мэдээллүүд тухайн үеийн хэвлэлээр гарсан. Харин түүнийг чухам яагаад 33 жил ажилласан театраасаа гэнэт гарах болсон шалтгаан өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсан юм. Хоёр жил орчим хугацааны дараа түүнтэй уулзаж энэ талаар асуух боломж олдлоо. Уншигч та энэхүү ярилцлагаас мэргэжлийн урлагийн байгууллагын удирдлага, тогтолцоо, уран бүтээлчдийн талаар нэгийг бодож хоёрыг тунгаагаасай гэж хүсч байна.

“UB Ballet School”-ын захирал, гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэгтэй ярилцлаа.

 

-Энэ олон балетын гоцлоочдыг бий болгосон багш надаас өөр байхгүй-

 

-Та бол яг өнөөдрийн байдлаар Монголын балетын урлагт байгаа маш цөөхөн мэргэжилтнүүдийн нэг. Б.Жамъяндагва гуайн яриагаар бол орыг нь залгамжлах ёстой балетмейстр нь гэж байсан. Гэтэл гэнэт таныг өргөдлөө өгөөд Дуурийн театраас гарлаа гэдэг энэ мэдээлэл олон нийтэд гайхшрал төрүүлсэн. Яагаад театрыг орхих болсон шалтгааныг одоо танаас асууж болох уу?

 

-Театраас гараад би энэ тухай нэг жил есөн сарын хугацаанд бодлоо. Ямарваа нэгэн зүйлд хүн дүгнэлт хийх ёстой. Гэнэт уурандаа эсвэл бухимдсандаа дүгнэлт хийхийг би хүсээгүй. Харьцуулж бодож үзье гэж бодсон. Энэ тал дээр маш их яриа өрнөж байсан.  

 

Би бол багш, туслах найруулагч. Балетын туслах найруулагчийг сонгох болсон нь надад их дөхөм байсан. Учир нь би Монголын Дуурийн театрт 15 жил балетын гоцлол бүжигчинээр ажилласан.  Би балетмейстер хүн биш. Гэвч энэ хугацаанд бүх л балетын жүжгүүд миний толгойд автоматаар суучихсан байсан. Энэ жүжгийн тайзыг нь ингэж засдаг, гэрэл нь ийм байдаг гэх зэргээр бүх л зүйлсийг хүссэн хүсээгүй мэддэг болсон. Балетмейстр гэдэг бол тусдаа бэлтгэгдэх ёстой. Балетмейстер болох юмсан гэсэн хүсэл надад байсан. Харин одоо би энэ ярилцлагаар дамжуулаад хэлэхэд намайг тухайн үед дэмжээгүй, албаар энэ хүнийг явуулахгүй гэсэн бодлого байсан байх гэсэн бодлоо хэлмээр байна. Би ОХУ-ын академийг төгсөөд Монгол Улсын гавьяат жүжигчин гэдэг цолыг авсан байсан үедээ балетмейстерийн чиглэлээр суралцахаар шалгалт өгсөн. Тэрхүү шалгалтанд ороход мэргэжлийн хичээл дээр нь унагаж чадахгүй болохоороо орос хэлний шалгалтанд намайг унагаж байлаа. Надад үнэхээр инээдтэй санагдаж байсан. Би Орост орос хэлийг найман жил бага балчираасаа сурсан. Энэ хэл бараг минийг унаган хэл болсон. Ямар ч алдаагүй орос хэлээр бичиж зовлонгүй ойлгоно бас ярьчихна. Тэр үед би орос хэлний шалгалтанд унаснаа хараад үнэхээрийн шоконд орж байсан. Надтай хамт шалгалт өгсөн орос хэл мэдэхгүй СИУС-ын оюутан хүүхэд надаас нэг оноо илүү аваад гарч ирсэн. Би гайхаж байсан. Тэр хүүхэд орос хэл “А “ ч мэдэхгүй гэдгийг нь би мэднэ. Тэр хүүхэд өөрөө ч хүлээн зөвшөөрнө. Тэр үед Соёлын яам гэж байгаагүй Соёлын газар гэж байгаад дарга нь Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров байлаа. Би түүн дээр орж уулзсан. Н.Жанцанноров гуай хүртэл гайхаад “яагаад?” гэж надаас асууж байсан. Яагаад гэдэг үгээ надаас битгий асуу. Яагаад гэдгээ шалгалтын комистоо тавь гэж би хэлсэн. Би ингэж хүнээр доромжлуулмааргүй байна гэсэн. Дараа нь дахиад балетмейстерээр явах хүсэлт гаргахад нас чинь хэтэрсэн гэж хэлсэн. Үнэн хэрэгтээ тийм заалт байгаагүй юм билээ. Долгормаа, Чинзориг гэх хоёр бүжигчин одоо Москвагийн театр урлагийн дээд сургуулийг балетмейстерээр төгсч ирж байна. Тэр хүүхдүүдийг анх шалгалт өгч байхад би орчуулагчаар орж байсан. Учир нь энэ хоёр хүүхэд театрын нэрийн өмнөөс явж байсан учраас би туслах найруулагч хийж байсан багшийнх нь хувьд орчуулагчаар нь очсон. Гэтэл тэрхүү сургуулиас ирсэн багш нь хэлэхдээ “энэ хоёр хүүхэд одоохондоо арай эрт байна. Дөнгөж 20 хэдхэн настай бүжигчин болж төлөвшөөгүй хүүхдүүд яагаад ийм сургуульд явж байгаа юм бэ, яагаад та явахгүй байгаа юм бэ” гэж асууж байсан. Тэгэхээр миний хувь тавилан намайг балетмейстер болох хүслийг минь сонсоогүй. Би болохгүй байгаа зүйлд өөрийгөө хүчлэхгүй. Гэвч энэ мэргэжлийг би Дуурийн театрт ажиллах хугацаандаа өөрөө суралцаж чадсан. Би Дуурийн театрт 33 жил ажиллачихаад энэ театраас гарсан.

 

-Чухам яагаад та театраас гарах болсон юм бэ?

 

-Гэрэлчимэг хувийнхаа хүсэлтээр гарсан. Бие нь муу байсан. Бүжигчдээ загнадаг гээд л... Уучлаарай, өнөөдөр бүжигчдээ загнадаг гэсэн шалтгаанаар ажлаас гарахаар болбол дэлхийн бүх театрын балетын багш нар ажлаасаа хөөгдөнө. Ганцхан Гэрэлчимэг биш. Би өөрөө ч энэ замыг туулж ирсэн. Дуурийн театрт анх 1981 онд намайг ирэхэд хэн ч миний толгойг илдэггүй байлаа. Загнуулахдаа загнуулж, уйлахдаа уйлж, өшиглүүлэхдээ өшиглүүлж тэр ч байтугай А.Хачатурян “Спартак” балетыг тавьж байхад над руу бүр сандал хүртэл авч шидэж байлаа. Ухамсартай бүжигчин гэж ярья л даа. Бүжигчид дотроо олон янз. Хэрвээ өнөөдөр тэр ухамсартай бүжигчин байгаад үнэхээр энэ урлагийн төлөө амьдралаа зориулах гэж байгаа хүн бол заавал яагаад хүнээр загнуулж байж юмаа хийх ёстой юм бэ.  Суургилалт эхлэхдээ сайхан эхэлнэ. Дундаасаа бүжигчид халтуурдаад л эхэлдэг. Тоглолт өнөө маргаашгүй болсон байдаг. Нөгөө хүүхдүүд нь хөдөлгөөнөө бүрэн сураагүй, гүйцэтгэлээ мэдэхгүй. Энэ тохиолдолд яагаад багш загнасан юм бэ, яагаад багшийг тийм байдалд оруулсан юм бэ гэдэгт өнөөдөр хэн ч дүгнэлт хийгээгүй. Би мэргэжлийнхээ тал дээр хатуу хүн. Үүнийг би хэний ч өмнө хүлээн зөвшөөрнө. Уран бүтээлчид ч хүлээн зөвшөөрнө. Гэхдээ би нэг зүйлийг албан ёсоор энэ удаад хэлэхийг хүсч байна. Би 33 жил Дуурийн театрт ажиллахдаа Монголын балетыг сүйрүүлээгүй юм шүү. Яагаад үүнийг би хэлж байна вэ гэвэл намайг амраад нэгдүгээр сарын 4-нд ажилдаа орж ирэхэд Дуурийн театр захирал Ч.Мөнхзул надад “таныг Монголын балетыг сүйрүүлж байна гэж хэлж байна” гэж хэлсэн. “Сүйрүүлж байна” гэдэг үг надад үнэхээрийн “том” сонсогдсон. Би багшилж, туслах найруулагч хийж байх  хугацаанд би хэдэн балетын жүжгийг сэргээсэн бэ? Хамгийн сүүлд гэхэд “Спартак”, “Уран хас” бүжгэн жүжгийг сэргээсэн.

 

 

-Та мөн П.И.Чайковскийн “Шелкунчик” балетыг сэргээсэн.

 

-Зөндөө балет сэргээсэн. П.И. Чайковскийн “Шелкунчик”, “Нойрссон гүнж”. Хамгийн хэцүү нь А.Хачатурян “Спартак” байсан. 1986 онд энэ балетыг тавьснаас хойш ганц ч бичлэг нь үлдээгүй. Би өөрөө энэхүү балетын жүжгийн хоёр гол дүрд хоёуланд тоглосон байсан тулдаа гоцлоочдыг нь би маш хурдан сэргээсэн. Учир нь би өөрөө хийж байсан учраас тэр. Олуул хэсэг дээр надтай хамт тухайн үед тоглож байсан Д.Нармандах, Ц.Төмөрсүх, Ш.Оюунтуяа багш зэрэг хүмүүс надад их тусалсан. Бид хамтаараа энэ жүжгийг босгосон. Би хэзээ ч өөрийгөө магтаж байгаагүй. Арав гаруй жил Дуурийн театрт багшилахад энэ олон балетын гоцлоочдыг бий болгосон багш надаас өөр байхгүй. Би үүнийг бардам хэлнэ. Өнөөдөр П.И.Чайковскийн “Хунт нуур” гэхэд 12-13 хар, цагаан хун бэлдсэн багш Монголд надаас өөр байхгүй. А.Адана “Жизель” гэхэд 5-6 Жизелийг бэлдсэн хүн өнөөдөр Монгол Улсад байхгүй. Би томоохон жүжгүүдийн тухайд ярьж байна. Жижиг жүжгүүдийн тухайд яриагүй байна. “Өнөөдөр Монголын балет гайхалтай сайхан үе дээрээ иржээ” гэж үзэгчид хэлдэг байсан. Олуул хэсэг ялангуяа гэдэг байлаа. Театрт ажиллах хүртэл 2013 он хүртэл сүүлийн хоёр жил би гоцлооч нартайгаа төдийлөн ажиллахаа больсон. Учир нь надад балетын олуул хэсэгтэй ажиллах нь илүү чухал, илүү анхаарах ёстой зүйл нь байлаа. Өнөөдөр хэчнээн мундаг гоцлооч байгаад массын хэсэг нь гоцлоочдоо түрж өгөхгүй бол тэр жүжиг босохгүй. Тиймээс би гоцлоочиддоо “за, та нар ухамсартай хүмүүс. Та нар хариуцлагыг мэднэ.Үзэгчид яаж шүүмжлэлттэй ханддаг вэ гэдгийг та бүгд мэднэ. Тиймээс одоо та нарын биеэ даах цаг чинь болсон. Гарцаагүй зүйл дээр би та нартай ажиллана. Харин би одоо бүх анхаарлаа олуул бүжигт анхаармаар байна” гэж уран бүтээлчидтэйгээ хүртэл ярьдаг байсан. Ер нь хааны суудал өгөөтэй аваатай гэж ярьдаг. Гэвч би хэзээ ч суудал булаацалдаж байгаагүй. Би Ерөнхий балетмейстер гэдэг албан тушаал дээр хэдэн сар ажилласан. Энэ хугацаандаа би нэг ч өдөр ямар нэгэн өрөөнд сууж үзээгүй. Би өглөө 9 цаг өнгөрөөд ажилдаа ирдэг. Хамгийн түрүүнд балетын зааландаа ордог. Бүжигчид маань байна уу, хэн нь өвдсөн байна вэ, хэн нь яаж байна вэ гэдгийг хардаг. Энүүхэндээ гэж хэлэхэд надад театр дотор өөрийн гэсэн өрөө ч байгаагүй.  Уран сайхны удирдагч А.Дашпэлжээ, захирал Ч.Мөнхзул нарт “би балетмейстр хүн биш шүү. Гэхдээ манайх театрын бодлогоор хоёр хүүхдийг балетмейстерийн чиглэлээр Москва руу явуулсан. Энэ хоёр хүүхэд хоёр жилийн дараа төгсч ирнэ. Тэр үед нь хэн нь илүү сайн эсэх дээр шалгалт явуулаад аль нэгийг нь Ерөнхий балетмейстер болго. Тэр болтол нь би энэ албан тушаал дээр нь байж байя.” гэж ярьсан болохоос биш би Ерөнхий балетмейстр гэж нэг ч удаа цээжээ дэлдэж үзээгүй.

 

-Би өөрийн амьдралаараа маш их золиос хийж байж өнөөдөрт хүрсэн-

 

-Гэвч 2013 он хүртэл Монголын балетын бүх л асуудал таны нуруун дээр байсан шүү дээ.

 

-Тийм ээ. Би бараг цэвэрлэгчийг нь хүртэл хийсэн. Гаднын балетын жүжигчид ирлээ гэхэд би өөрөө явж үүнийг ингэж арчиж цэвэрлээрэй гэж хэлж байсны төлөө би “та өнөөдөр Монголын балетыг сүйрүүллээ” гэдэг үгийг сонсоод цочирдсон. “Таныг уран бүтээлчдээ загнадаг гэж танай хүүхдүүд чинь гарын үсэг зурсан” гэж хэлсэн. Тэр гарын үсгийг хэн эхнээс нь цуглуулж зурсан юм бэ гэдэг нь их сонин. Манай гоцлооч нар дээр очоод гарын үсэг зур гэхэд нь манай охидууд “багш биднийг загнадаг нь үнэн. Гэхдээ тэр хүн бидний төлөө хэлж байгаа юм” гэж хэлсэн гэдэг. Ийм л зүйл болсон. Миний амьдралдаа баримталдаг нэг зарчим бол хүн шударга байх шиг сайхан зүйл байдаггүй. Энэ хүн хийсэн бол хийсэн. Чадаагүй бол чадаагүй. Чадаагүй байж өнөөдөр би чадаж байна гээд яваад байх нь хамгийн аймшигтай гутамшиг. Би ганцхан өгүүлбэрийг л хүлээн зөвшөөрч чадахгүй. “Би Монголын балетыг сүйрүүлсэн” гэдэг үгийг хэзээ ч өөртөө нааж чадахгүй.

 

-Монголын балетын урлагт оруулсан хувь нэмрийг тань үнэлж гавьяат жүжигчин гэдэг цолыг танд өгсөн шүү дээ.

 

-Гавьяат жүжигчин гэдэг цолыг би балетын жүжигчин хүнийхээ хувьд авсан.

 

-Таны тухай нэгэн нийтлэлийг уншиж байлаа. “Балетын жүжигчин Х.Гэрэлчимэг гайхамшигт Ю.Оюуны залгамж халааг авсан балетын жүжигчин” гэсэн байсан. Тэр цагаас хойш та балетаас салаагүй. “Балетыг сүйрүүлсэн” гэдэг үг таны хувьд Монголын балетын урлагт өнгөрүүлсэн он жилүүдэд арай л зохихгүй үг юм шиг ээ.

 

- Ямар ч ажлыг шударга л хийх ёстой. Намайг өрөөнд нь ороход “таныг Монголын балетыг сүйрүүлж байна гэж таныг Б.Жамъяндагва тэгж хэлж байна” гэж хэлэхийн оронд “ та Ерөнхий балетмейстрийн суудлаа өгчих. Та туслах найруулагч багшаа хийгээд яв” гэж хэлсэн бол миний мөрөн дээрээс том ачааг авч хаяаад би ажлаа хийгээд явах боломж байсан. Миний театраас өргөдлөө өгөөд гарах болсон шалтгаан бол “та Монголын балетыг сүйрүүлсэн” гэдэг үгийг сонсоод хөл доорх шал цөмрөөд ирэх шиг л болсон. Яасан гэж би энэ урлагийг сүйрүүлсэн юм бэ. 33 жил энэ урлагт хоолтой, хоолгүй, нойртой, нойргүй зүтгэсэн. Тэр ч байтугай би өөрийн амьдралаараа маш их золиос хийж байж өнөөдөрт хүрсэн. Миний анхны хань ижил... Бид хоёрын амьдрал яагаад анхнаасаа бүтээгүй юм бэ, би балетын урлагт энэ амьдралаа зориулахдаа балетын төлөө л гэж явж байгаад хүүхдийг нь “авхуулсан”. Энэ бүхэн миний амьдралд асар их нөлөө үзүүлсэн. Дараа нь би олон жил хүүхэд олж чадахгүй их зовсон. Ямар их зулбаж явсны дараа нь ганц хүүгээ гаргасан гэж санана. Энэ бүхэн балетын урлагийн төлөө гаргасан миний золиос байсан. Энэ золиос биш үү... Ингэж амьдралаараа золиос хийж энэ урлагт өөрийгөө зориулсны төлөө би Монголын балетыг өнөөдөр сүйрүүллээ гэж байх уу. Миний оронд болсон балетмейстр хүн бас л надтай адил балетмейстер хүн биш. Би Дашлхагвыг гайхалтай сайн багш гэж хэлнэ. Балетын үнэхээр мундаг эрэгтэй багш гэдгийг нь би хэзээ ч хэний ч өмнө хүлээн зөвшөөрнө. Гэхдээ л тэр бол балетмейстер хүн биш. Түүнд диплом нь ч байхгүй. Би үүнийг театраас гараад нэг жил есөн сарын дараа хэлж байна. Би энэ хугацаанд өөртөө дүгнэлт хийсэн. Би яг юун дээр алдсан юм бэ. Ер нь хүнийг гүжирдэхдээ ч баримттайгаар гүжирдэх хэрэгтэй. Хэрвээ намайг Монголын балетыг дампууруулсан гэж байгаа бол ямар үндэслэл байна вэ. Тухайн үед үхэх хүртлээ миний бие муудаагүй байсан ч би их ядарсан байсан. Маш их ачаалалтай ажиллаж байсаны улмаас бие маань ихэд ядарсан байсан үед ийм зүйлсийг сонсоод би “за чи энэ урлаг, энэ хүүхдүүдийн төлөө, хуруу хумсаа хугалан байж Бээжинд хүртэл очоод тэр балетад ийм ч хувцас хэрэгтэй гээд ганцаараа усан бороон дунд хүртэл явж байхад өмнөөс ингэж байгаа бол больчих шиг сайхан юм байхгүй” гэж өөртөө хэлээд шууд л өргөдлөө өгөөд гарья гэж хэлсэн. Хэрвээ би албан тушаалын төлөө зууралддаг хүн байсан бол тэгж өргөдлөө өгөхгүй. Тухайн үед бүх л заваан зүйлсийг зохион байгуулсан хүмүүс намайг өөрсөд шигээ бодсон. Албан тушаалын төлөө намайг үхэн хатан зүтгэнэ гэж бодсон. Харамсалтай нь, намайг өргөдлөө өгөөд гарахад манай багш Ш.Оюунтуяа бас өргөдлөө өгөөд гарсанд би харамсдаг юм аа.

 

-Ч.Ганчимэгийн хийж байсан цагаан хун тэр чигээрээ байхгүй болж-

 

-Саяхан таны олон жил гол дүрд нь тоглосон П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын 40 жилийн ой тохиолоо. Ойн хүндэтгэлийн тоглолтын “Хунт нуур”-ыг үзлээ. Энэхүү балетыг нэлээдгүй хэдэн удаагаа үзэж байгаа үзэгчийн хувьд уран бүтээлчдийнх нь уран чадвар суларсан юм шиг санагдсан. Гоц гойд “Хунт нуур” байсангүй. Хүмүүс театр руу очихдоо маш сайхан хувцаслаж ирдэг ч ямар чанартай үзвэрийг үзэж байна вэ гэдгээ төдийлөн мэдэхгүй байна. Уран бүтээлийн чанарын асуудлын талаар хэн ч юу ч хэлэхгүй урсгалаараа л яваад байна уу даа гэж бодогдох юм. Та үүнтэй санал нийлэх үү?

 

-Энэ бол маш эмзэг сэдэв. Театрт ажиллаж байх хугацаанд надад фэйсбүүк ажиллуулах зав байсангүй. Жаахан завтай болоод фэйсбүүк ажиллуулж үзээд тэр орчинд балетын тухай театраас нийтэлж буй зураг, зарлал зэргийг нь харахад үнэхээр гутсан. Миний мэргэжилтэй зүйлийг би сонирхно. “Хөөрхөн Анужинтай Үйлийн гурван толгой” гэж бичсэн байх жишээтэй. Өнөөдөр Монголд театр болоод урлаг судлаач, балет судлаач хүн байхгүй байна. Уран бүтээлчид нь өөрсдөө “гайхалтай сайхан тоглолт боллоо” гэж бичих юм. Би “Хунт нуур” балетын 40 жилийн ой дээр уг нь очих ёстой хүний нэг. Би очоогүй. Дуурийн театрын босгоор давж чадаагүй. Одоо тоглогдож байгаа “Хунт нуур”-т миний хөдөлмөр ихээр шингэсэн байсан. Гүйцэтгэгч гэдэг утгаараа ч, 40 жилийн ойгоор тоглосон уран бүтээлчид нь бүгдээрээ л миний шавь нар. Монголын балетыг “дампууруулчихсан” хүн тэнд очоод сууж байх нь хэцүү санагдсан. Учир мэдэхгүй хүмүүс нь “энэ нөгөө Монголын балетыг дампууруулсан багш нь сууж байна” гэж хэлэх ч юм билүү. Би ийм зүйлд дургүй. /санаа алдав/

 

 

Би саяхан Дуурийн театрын 53 дахь жилийн үзвэрийн нээлтийн  П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгийг үзсэн. Би ганцаараа үзээгүй. Манай хуучин балетын жүжигчид ч үзсэн. Энэ үзвэрээс би үнэхээр сэтгэл дундуур гарч ирсэн. Надад хүйтэн байсан. Нэг хэсэг бүр нойр хүрсэн. Тэр үзвэрт манай Ч.Ганчимэг гол дүрд нь тоглосон. Уг нь би түүнээс маш их зүйл хүсч байсан. Тун харамсалтай нь Ч.Ганчимэгийн хийж байсан цагаан хун тэр чигээрээ байхгүй болчихсон байна билээ. Би үүнийг өөрт нь тусгайлан хэлсэн. Мэргэжлийн бус нүд харахад гоё байна. Гэхдээ энэ хүн цаашдаа мэргэжилдээ өсөхгүй. Улам дордоно. Олон улсын тайзан дээр түүнийг очоод “Хунт нуур”-ын хоёрдугаар үзэгдлийг тоглоход үзэгчид хүлээж авахгүй. Учир нь байх ёстой академизм, гармон, хөгжим, тэр хөгжмийг мэдэрч байгаа байдал... Нэг хөдөлгөөн нөгөө хөдөлгөөндөө хэрхэн яаж уялдаж шилжиж байгаа, толгойны байрлал, нуруу, хунгийн гар хаанаасаа гарч ирж байгаа юм бэ, тэр далнаасаа гар яаж гарч ирэх ёстой вэ, нүдний харц хаана байх вэ зэрэг энэ бүх зүйл байхгүй байсан. Үүнийг би өөрийнхөө шавьд жүжигчдийнх нь хажууд хэлсэн. Хэрвээ энэ маягаар цаашаа удаан явах юм бол “Хунт нуур” ерөөсөө байхгүй болно. Үүнийг би өнөөдөр зөвхөн Ч.Ганчимэг дээр жишээ болгон ярьж байгаа болохоос биш цаана нь масс хийж байгаа бүжигчдэд академизм гэдэг зүйл 100 хувь алдагдсан байсан. Ерөөсөө л үзэгчид тайз руу хараад үзэж байхад тайзан дээр байгаа бүжигчид нь үзэгчид рүүгээ хараад бас үзээд ч байгаа юм шиг санагдсан. Жүжиг гэдэг утгаараа уялдаж өгөөгүй. Тайзны гэрэл буруу байх жишээтэй. Буруу газраа хөшгөө нээх жишээтэй. Энэ бүхэн жил ирэх тусам байхгүй болбол хайран л зүйл шүү дээ. Үүнийг 1970-аад онд Б.Жамъяндагва гуай яаж тавьсан билээ. Тэрээр өөрөө ярьдаг юм. Хар хун хийх бүжигчин тэр үед олдох байсан байх. Яг цагаан хуныг хийх тийм бүжигчин олдохгүй байсан гэдэг. Гэтэл яг тэр цагаан хуныг хийх хүн нь ирсэн нь Зууны манлай балетчин, ардын жүжигчин Ю.Оюун. Энэ хүний хийж байсан хун ямар хэмжээнд хийгдэж олон улсад хэрхэн хүлээн зөвшөөрөгдөж байсан билээ хүмүүс мэднэ. Дараа нь намайг “Хунт нуур”-т тоглоход олон үзэгчид, гадна дотнын хүмүүс “үнэхээрийн гармон гэдэг зүйл дээр таны адажио мэдэгдэж байна. Та хөгжмийг гайхалтай мэдэрч хийж байна. Хөгжимтэй хөдөлгөөн чинь яаж уялдаж байна вэ” гэдгийг хэлдэг байсан. Гоцлоочтойгоо тэр массын хэсэг зөв зүйтэй уялдаж байж тэр чинь бүрэн хэмжээний жүжиг болдог. Түүнээс биш “Хунт нуур” бол балетын хөдөлгөөн биш жүжиг юм шүү дээ. Би том театрын хажууд өчүүхэн хүн байж магадгүй. Гэхдээ энэ урлагт 33 жил зүтгээд энэ олон балетын гоцлооч нарыг бэлтгэсэн хүний хувьд надад маш их харамсалтай байна. Ер нь аливаа зүйлийг нураах шиг амархан юм байхгүй. Босгоно гэдэг л хамгийн том аюул байдаг. 1990-ээд онд Монголд Ардчилал гарч ирэхэд ганц урлаг ч биш улс орны бүх л салбар хэцүүдсэн. Тэр бид бүсээ чангалаад Монголын балетыг өдий зэрэгт хүргэсэн. 1990-ээд онд би хүүгээ төрүүлчихээд ажилдаа ороод үнэхээрийн гайхаж байлаа. Сургуулилт гэж байхгүй. Шууд л тоглодог. Дараагийн долоо хоногт юу тоглохоо уран бүтээлчид нь бараг мэдэхгүй явдаг байсан. “Энэ долоо хоног А.Адана “Жизель” тоглох юм байна. Сургуулилтаа хийж үзье” гэж ярьдаг байсан. Ийм байдалтай байхад нь би багшилсан. Тийм болчихсон байхад нь тэмцэж байж өдий зэрэгт хүрэхэд нь би гар бие оролцсон. Тиймээс өнөөдөр би харууслаа илэрхийлж болно биз дээ. Би чинь бас хүн шүү дээ. Өнөөдөр манай Монголд яг энэ мэргэжлийн балетыг аваад явж байгаа багш байхгүй. Уучлаарай. Дуурийн театр намайг гарснаас хойш багшгүй байсан. Дараа нь бүжигчид дотроосоо нэг хүнийг багш болгосон. Гэхдээ бүжигчин болгон “орос школа”-той болгон нь багш болдоггүй юм. Маш нарийн мэдрэмжтэй, сэтгэлээ өгдөг хүн л багш болдог. Түүнээс биш би мэднэ гэдэг амбицаар багш болохгүй. Яахав миний үзсэн “Хунт нуур” олон жил тоглосон тулдаа зэрэгцээ, нэгэн жилд нэг хөдөлгөөнийг хийгээд явсан болохоос биш яг мэргэжлийн нарийн нүдээр харах юм бол маш их учир дутагдалтай. Би үүнийг балет ангийн даргад нь хүртэл хийсэн. Та нар анхаараарай, энэ маягаар удаан явах юм бол хэцүүднэ. Үргэлж Монгол Улсад тоглохгүй. Ер нь балетмейстертээ ч биш балетын багшийнхаа асуудалд маш ихээр анхаарах ёстой. Өнөөдрийн хэцүү мөнгө төгрөг байхгүй үед Ерөнхий балетмейстер гэдэг хүн жилд ганц балет тавьбал их юм. Үүний оронд анхаарлаа багшлах тал дээрээ түлхүү тавиач ээ. Энэ ярилцлагыг уншаад хэн нэгэн энэ сайхан өөрийгөө магтаж, сайхан “бүлтэрч” байна даа гэж ярьж болох юм. Би нэг тийм “том” толгойтой хүмүүсийг ойлгодоггүй. Бүжиглье ээ, бүжиглэж чадахгүй. Багшилъя гээд багшилж чадахгүй. Тэгсэн мөртлөө нэг л их том ярьдаг. Цагаа тулаад хийх гэхээр чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүний өчүүхэн авьяас нь хүрэлцдэггүй. Хүнд өчүүхэн авьяас байхад нэгдүгээрт тэр хүний өчүүхэн авьяас нь дээр хөдөлмөр шаардагдана. Хамгийн чухал зүйл хүнээс сэтгэл нэхдэг. Хүн сэтгэлтэй байж мэргэжилдээ үхэн хатан дурлаж байж хүн юм хийдэг болохоос биш “би орос школтой” гэдэг амбицаар хүн явдаггүй. Зарим нэг хүмүүс мэддэг хэдэн юм аа бүжигчдэд хэлээд өгөхөд юу нь болдоггүй юм гэж ярьдаг. Яаж хэлэх юм бэ. “Үсэр, үсэр, өндөр үсэр” л гээд байдаг. Хаашаа, яаж үсрэх юм бэ, Хөл гар, толгой, цээж нь хаана нь байрлаад байгаа болохоор тэр хүн өндөр үсэрч чадахгүй байгаа юм бэ. “Үсрээ” л гээд орилоод байдаг. Техникийг нь багш нь зааж өгөх ёстой биз дээ.

 

-Нэг дүр хүний арьсны өнгийг хүртэл голоод эхлэх нь бий-

 

-Балетын эмэгтэй гоцлооч нарын хувьд арьсны өнгө нь хүртэл чухал болохыг танаас сонсч байсан юм байна. Тайзны гэрэлд арьсны өнгө хүртэл чухалчилдаг нарийн энэ урлагт  П.И.Чайковскийн “Хунт нуур” балет дээр жишээ авахад яг одоо тоглож буй балетын эмэгтэй гоцлоочдоос хангалттай сайхан хунг сайн гаргаж чадсан нь хэн нь байна вэ?

 

-Балет өөрөө тайзны урлаг. Тайз гэдэг зүйл өөрөө аливаа зүйлийг маш ихээр шүүмжилдэг. Тайзны гэрэл гэж айхтар зүйл байна. Гэрэл өгөхөд хүний арьс яаж харагдах вэ гэдэг аймшигтайгаар эсвэл гайхалтайгаар хүнийг харагдуулдаг зүйл. Балетыг бид дээдсийн, тансаг, гоо сайхныг хүнд өгдөг урлаг гэж ярьдаг. Нэг дүр хүний арьсны өнгийг хүртэл голоод эхлэх нь бий. Жишээлбэл, тэр “Хунт нуур” тэр гоё цагаан хувцас. Хунгийн цагаан өд, тирко гээд бүх зүйлийг таагүй арьстай хүн тогловол тэр гоё цагаан хун хүний нүдэнд харагдахаа болиод ирдэг. Үнэхээрийн сайхан тунгалаг арьстай бүжигчид бидний үед ч байсан. Яг манай үед бол тийм тунгалаг арьстай бүжигчин байгаагүй гэж хэлж болно. Гэхдээ театрын хүмүүст аливаа зүйлийг нууна гэж зүйл бий. Будгаар будаад гарчихна. Хамгийн гоё тунгалаг арьстай төгсөлтүүд Киевээс орж ирсэн. Г.Онон, Т.Туяа, Г.Цолмон гээд дараагийн хүүхдүүд байна. Гэвч зөвхөн гол дүрийнхээ жүжигчнийг идеал болгоод тавьчихаар олуул хэсэг нь чирэгдчихдэг. Тиймээс бүгд л нэг стандарт байх ёстой. Өнөөдрийн зах зээлийн нийгэмд мөнгө нь байвал бүх зүйл нь л байна. Театрын зориулалтын будгууд бүгд байна. Өнөөдрийн Дуурийн театрыг бүх зүйлийг авч явж байгаа балетын жүжигчид бол гавьяат жүжигчин Ч.Ганчимэг, Б.Саруул, Б.Батчимэг, Т.Баасансүрэн нар байна.

 

 

-Өнөөдрийн “Хунт нуур”-ыг тэгвэл Ч.Ганчимэг, Б.Саруул хоёргүйгээр төсөөлөхийн аргагүй гэсэн үг үү?

 

-Мэдэхгүй. Хойч үеэ хэрхэн бэлтгэж байгаа юм. Намайг гарснаас хойш өөр хүмүүс “Хунт нуур”-т тоглосон гэж сонссон ч би түүнийг нь үзээгүй. Гэхдээ эмэгтэй нэгдүгээр зэргийн гоцлоочийг намайг гарснаас хойш одоохондоо бэлтгэж гаргаагүй л байна. Хамгийн гол жүжгийг авч явж байгаа эмэгтэй гоцлооч гэвэл энэ хоёр л хүн байна. Мэдээж ганцхан “Хунт нуур”-аар балетыг ярихгүй шүү дээ. Эртээд би “Хунт нуур”үзэхдээ Б.Батчимэгт баяр хүргэсэн. Саяхан төрөөд ажилдаа орсон гэхэд үнэхээр хурдан формондоо орсон байсан. Тиймээс хувь уран бүтээлчийн ажилдаа хандаж буй хандлага бас их чухал. Ер нь үе үеийн тэргүүн гоцлооч нар арай илүү ухамсартай байдаг юм. Бусад нь битгий гомдоорой. Учир нь тэд Дуурийн театрын нүүр царайг авч явж байгаа хүмүүс байдаг. Гоцлооч нар өөрсдөө хийсэн бүтээлээсээ таашаал авахын тулд арай өөр ухамсартай хүмүүс байдаг. Янз бүрийн бүжигчид байна. Хийх гэж оролдож байгаа нэг нь байхад огт хийхгүй залхуурч байгаа нь ч байна. Зарим нь бол насаараа сургуулилт хийсэн мөртлөө зун амраад ороод ирэхдээ ой модон дотор байгаа юм шиг бүх зүйлээ мартчихдаг хүмүүс ч байна. Ямар ч гоц авьяастай хүнийг услахгүй бол амьдрахгүй. Яг л цэцэг шиг. Уран бүтээлч хүн үүнтэй ижил.

 

-Уран бүтээлчид бүжгийн танхимд солигдоод байхад солигддоггүй ганц хүн нь багш байдаг-

 

-“Хөөрхөн Анужинтай Үйлийн гурван толгой” гэдэг шиг Д.Алтанхуягтай “Хунт нуур” гэхээр нийтээрээ туйлшраад хэчнээн өндөр үнэтэй байсан ч хамаагүй тэрхүү үзвэрийг үзэх гэж хошуурдаг. Түүнийг л сайн балетчин гэж боддог. Гэтэл дунд нь ороод уран бүтээлчдээс сонсоод үзэхээр Д.Алтанхуягаас илүү бүжиглэдэг залуу Дуурийн театрт бий гэж ярих юм. Түүний нэг жишээ бол бас л өдий зэрэгтэй гоцлооч болоход нь таны бэлтгэн гаргаж ирсэн эрэгтэй балетын гоцлоочдын нэг О.Ганцоож гэх залуугийн нэр сонсогдсон. Балет гэдэг өөрөө нарийн урлаг тул нийгмийн туйлширлаас болоод үнэлэгдэх хүмүүс нь үнэлэгдэхгүй үлдэж байгаа тохиолдол байгаа юу?

 

-Тухайн нийгмийн үнэлэгдэхүүн гэх юм уу даа. Өнөөдрийн нийгэмд бол хэн сайн пи ар хийж чадаж байна тэр хүн давамгай байна. Д.Алтанхуяг бол сайн бүжигчин. Хамгийн сайн зүйл нь дотоод мэдрэмж, жүжиглэлт маш сайтай. Намайг балетын багш болох зам руу хөтөлсөн анхны хүн бол Р.Туяацэцэг. Өөрөө балетын жүжигчин, багшаар ажиллаж байсан хүн. Тэрээр надад нэг удаа “Гэрлээ чи Алтанхуягийг тайзнаа бүжиглэхэд түүний нүдийг яаж гэрэлтэж байгааг харсан уу?” гэж асууж байсан. Миний олж хараагүй зүйлийг өөр хүмүүс олоод харчихсан байгаа биз дээ. “Танай Ганцоожийг тайзан дээр бүжиглэхийг нь харахаар нүд нь гялалздаггүй, тэсэрдэггүй” гэж үргэлжлүүлээд хэлсэн. Бид техникээ хөөгөөд л байдаг. Гэтэл түүнээс өөр зүйл бас үзэгчдийг татаж байна. Д.Алтанхуяг ч өөрөө олон улсын олон тэмцээн уралдаанд ороод байр шагнал эзэлсэн. Миний сэтгэл дундуур явдаг зүйл гэвэл манай үзэгчид өөрсдийгөө үнэлж чаддаггүй. Гаднын жүжигчид ирээд манай жүжигчидтэй хамтарч хийхэд гаднын хүнийг нь л бишрээд байдаг. Гэтэл тэр жүжигчнийг амилуулсан тэрхүү масс чинь өнөө л үнэлэхгүй байгаа монголчууд л байсан шүү дээ. Ямар ч мундаг бүжигчин ирээд Монголын тайзан дээр тоглож болно. Гэтэл тэр хүн ганцаараа тайзан дээр гараад яах юм бэ. Бүтэн жүжгийг тэр хүн төлөөлөхгүй. Хэсэгхэн хэсгийг л төлөөлнө. Тэр масс гэж олуул бүжиг тэнд гарч ирж бүжиглэж байж тэр хүн аугаа болж түрэгдэж гарч ирж байгаа болохоос биш зүгээр нэг концерт биш. Манайд өнөөдөр сайн балетын жүжигчид байхгүй биш байна. Манай үзэгчид нэг хүнийг төвийлгөчихөөр түүний араас туйлшраад алга болдог. Туйлшраад л байдаг. Түүнийх нь хойноос сайн залуучууд гараад байгааг анзаардаггүй. Зарим нь гэнэт ухаан орсон юм шиг “хүүе, танайд нэг Ганцоож гэж залуу байдаг юм билээ ш дээ” гэж асуудаг. Байхаар барах уу тэр хүүхэд бүжиглээд хэдэн жил болж байна вэ. Хоёр жил ганцаараа энэ Дуурийн театрын бүх л гол дүрийг үүрч явсан хүүхэд. Гэтэл цагийн юм цагтаа л байдаг. Үе үеэрээ л байдаг. Жишээлбэл манай Ю.Оюунаа эгчийн үе байж байна. Бидний үе байна. Бидний дараахь үе байна. Одоогийн хүүхдүүдийн үе гээд бусад үеийг хаяад нэг үеийг л магтаад байж болохгүй.  Аль ч үеийг нь гомдоохгүй л байх ёстой. Гэхдээ Д.Алтанхуяг бол үнэхээр айхтар хөдөлмөрч бүжигчин. Тэдний төгсөлтийн үеийн 2000 оны хүүхдүүд бол үнэхээр мундаг хүүхдүүд төгсч ирсэн. Тэгээд л өөрсдийн хөдөлмөр, чадал, тэсвэр тэвчээрээр хүн болоод, гадна дотнын театруудаар яваад дийлэнх нь гаднын театрт бүжиглэж байна.

 

- Ганц хоёрхон багш бүх л балетын жүжигчинтэй ажиллана гэхээр таны Дуурийн театрт багшилсан хугацаа ажлын ачааллаар дүүрэн амаргүй өдрүүд байв уу?

 

-Би Дуурийн театрт ажиллах байхдаа “би ядраад байна” гэдэг үгийг аль болох бага хэлэх гэж хичээдэг байсан. Учир нь үнэхээр их ачаалалтай ажилладаг байсан. Хоёрдугаар эмнэлэгийн эмч нар намайг “чи нэг удаа өөрийнхөө хоёр хөлөөр яваад эмнэлэгт ирж үзээч ээ” гэж хэлдэг байв. Би өөрийгөө унагаж байж түргэний машинаар эмнэлэгт аваачдаг байсан. Ямарваа нэгэн зүйлийг хүн дийлэхээ болихоор хүний бие өмнөөс эсэргүүцэл өгдөг шүү дээ. Тийм байдалтай би эмнэлэгт очдог байлаа. Бэлтгэл хийх өдрийн туршид уран бүтээлчид бүжгийн танхимд солигдоод байхад солигддоггүй нэг л хүн байдаг нь багш байдаг. Өдөржингөө л бүжгийн бэлтгэлийн танхимдаа сууж байна. Хэзээ хоол идэж, хэзээ амандаа ус балгаснаа мэддэггүй. Сүүлдээ бүр нүд эрээлжлээд алдаа оноогоо олж харахаа больж эхэлнэ. Тийм үе зөндөө байсан. Нойртой нойргүй хоносон хоногуудыг ярих юм бол их л гарна уу гэхээс бага гарахгүй.

 

 


Нүүр хуудас