Уран бичлэгийн шилдгүүд үзэсгэлэнгээ дэлгэнэ

2015-11-13 09:31:08

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүр зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр 11:40 цагт Уран зургийн галлерейд нээлтээ хийнэ. Үзэсгэлэнг “Бичиг соёл” монгол уран бичлэгийн холбооныхон нийслэлийн Боловсролын газрынхантай хамтран зохион байгуулж буй юм. Энэ удаагийн үзэсгэлэнд нийслэл, орон нутгийн 60 багш бүтээлээ бэлдэж оролцож буйгаараа онцлог аж.

 

Үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлж үлдээхэд багш нарын үүрэг их. Энэ ч утгаар нь “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнд зориуд монгол хэл, бичгийн багш нарыг нийслэлийн Боловсролын газрынхан сонгож оролцуулсан юм байна.

 

Соёлын өвийг тээгч багш нар “Бичиг соёл” монгол уран бичлэгийн холбооны байранд нэгдсэн сургалтад хамрагдаж, монгол бичгийн тэг, заах аргаа хөгжүүлсэн бөгөөд эндээс сурсан зүйлсээ сурагч нарт түгээх даалгавартай гэнэ. Нэг багшийн ард нэг анги, нэг ангийн ард нэг сургууль байгаа. Багш бүр сургуульдаа монгол бичгийн дугуйлан хичээллүүлж, өөрсдөө ч хичээнгүй бичгийн ур чадвараа хөгжүүлэх нь ээ.

 

Иймээс ч нийслэлийн Боловсролын газар үзэсгэлэнд ач холбогдол өгч Багшийн хөгжлийн ордонд үзэсгэлэнд оролцогчдод бүтээлээ бэлдэх, хичээллэх өрөө гарган өгч, ажлаас нь цалинтай чөлөөлжээ.

 

Тав хоног үргэлжлэх “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнг өнөөдөр уламжлал ёсоороо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж үг хэлнэ.

 

Г.Даша


Нүүр хуудас