Хуримтлуулах зуршлыг та өөртөө ингэж хэвшүүлээрй

2015-11-11 10:48:21

 

Одоогоос таван жилийн өмнө надад “Ройтерс” агентлагийн нэгэн сэтгүүлч бүсгүйтэй хамт өмнийн говиор гэрэл зургийн сурвалжлага хийх завшаан тохиосон юм. Тэрээр Монголоос буцсаныхаа дараа Африк, дараа нь Австрали руу хөлгийн жолоо зална гэж байв. Ингэж цэнхэр гаригийг тойрох төлөвлөгөөгөө эртнээс гаргасан бөгөөд үүндээ зориулаад хангалттай хуримтлалтай болсноо ч тайлбарлаж байлаа. Тухайн үед миний хувьд хуримтлал гэдэг үг дэндүү хол сонсогдож, зөвхөн гадаадынхан л мөнгөө хурааж чаддаг, монголчууд орлого багатай учраас бараг л боломжгүй гэсэн бодол толгойд эргэлдэж байв. Өнөөдөр эргээд харахад, хүн орлогынхоо их багаас үл хамааран хуримтлалтай болж болдог юм байна гэдгийг эрхгүй гадарлах боллоо.

 

Яагаад гэвэл би нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг ч хүүхдүүдийнхээ ирээдүйд зориулан бараг хоёр сая төгрөг цааш хийсэн байна. Бид байрны зээлтэй, хүүхдүүд жаахан, би нялх биетэй болохоор нөхрийнхөө цалингаар амьдарч байна гэхэд хилсдэхээргүй байгаа. Харин манай нөхрийн дүү ганц бие, байрны зээлэнд биднээс хоёр дахин бага төлбөр төлдөг, цалин нь манай нөхрийнхтэй тэнцдэг. Ийм байхад түүний орлого хаанаа ч хүрдэггүй, хадам ээж аавд мөнгө илгээх болоход нөхрийн дүү хоосон түрийвчтэй сууж байдаг байлаа. Ингэхээр орлогоо хэрхэн зөв хуваарилахаас хуримтлалтай болох эсэх нь хамаардаг болохоос биш их, бага мөнгө олдог нь энд огт хамааралгүй юм байна. Амьдралаасаа урган гарсан энэхүү туршлагаа бусад хүмүүстэй ч бас хуваалцъя гэж бодлоо.

 

Хуримтлуулах зуршилтай бол

 

Эдийн засагчдын хэлдэг үнэхээр үнэн юм билээ. Нөхөр бид хоёр орлого орж ирэхээр хамгийн түрүүнд хуримтлал руугаа мөнгө хийдэг. Гэхдээ ихийг биш. Тухайн орлогын 10 хувийг нүдээ аниад л цааш хийчихдэг байсан болохоор одоо хэчнээн ч төгрөг олсон бай шууд л 10 хувийг нь өнөөх данс руугаа шилжүүлдэг болчихсон. Энэ бол бидний өөрсдийнхөө төлөө, үр хойчийнхоо төлөө хийж байгаа хамгийн чухал зүйлсийн нэг гэдгийг ч сайн ойлгосон.

 

Угаасаа дэлхий нийтийн хуримтлалын жишиг нь цалингийнхаа 5-10 хувийг хуримтлалын данс руугаа хий гэж зөвлөдөг юм билээ. Харин 60 хувийг нь бид өдөр тутмынхаа амьдралд, 20-30 хувийг нь дунд хугацааны зорилгоо биелүүлэхэд тухайлбал тавилга, сургалтын төлбөр зэрэгт төлөвлөх хэрэгтэй юм байна. Ийм дадлыг өөртөө бий болгочихвол хуримтлалаа хэрхэн өсөхийг хараад сууж байхад л хангалттай.

 

Гэхдээ энэ зуршлыг өөртөө хэрхэн бий болгох вэ. Аливаа зуршлыг хүн өөртөө бий болгохын тулд дахин дахин давтаж, хичээл зүтгэл гаргах хэрэгтэй гэдгийг сэтгэл зүйчид хэлсэн байна лээ.

 

Зарлагаа төлөвлө

 

Энэ бол хуримтлалтай болох гэж байгаа хүний маш чухал зуршлын нэг юм байна. Цалин буусан өдөр юу юугүй дэлгүүр хэсэхээсээ өмнө юу авах ёстой, юуг түр хойш тавих ёстойгоо тавхан минут бодох хэрэгтэй. Гэхдээ зарлага гаргахаасаа өмнө цалингийнхаа 5-10 хувийг цааш хуримтлал руугаа хийнэ гэдгээ мартаж болохгүй шүү. Үүний дараа авах хэрэгтэй байгаа зүйлсийнхээ жагсаалтыг гаргаарай. Үнэхээр хэрэгтэй юу, эсвэл дараа авч болох уу гээд л ангилан ялгалт хий. Өдөр бүр зарцуулсан зардлаа тогтмол тэмдэглээрэй. Үүний дараа хоёр, гурван сарын дараа зарцуулалтаа дүгнээд үз. Ингэхэд та юунд хамгийн их мөнгө үрдэг хийгээд юунд үргүй зардал гаргаад байгаагаа олж чадна. Ингэснээр жинхэнэ үр ашигтай төлөвлөгөөг та хийж чадна. Гол нь төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх ёстой шүү.

 

Маргааш, эсвэл дараа гэж бүү хойшлуул

 

Бидний нэг том сул тал бол их мөнгө олоод шууд л тэрбумтан, эсвэл хэдэн саяын хуримтлалтай болно гэж боддогт байгаа юм. Тийм явдал үлгэрт л гардаг болохоос биш амьдрал дээр алхам алхмаар бий болдгийг бүү мартаарай. Цалингаа үрэхээсээ өмнө хамгийн түрүүнд хуримтлал үүсгэ. Хуримтлалтай болоход тохиромжтой цаг хугацаа гэж байдаггүй. Одоо байгаа жижиг, сажиг зардлууд тань ирэх сард дахиад л таныг хүлээгээд л байж байна. Тийм болохоор өөрийгөө “дараа” гэдэг үгээр булж доош чирэхийн оронд нүдээ аниад л хуримтлалтай болчих. Энэ үйлдлээ дахин дахин давтаад байхад та нэг л өдөр хуримтлалын зуршилтай, хуримтлуулах хүсэлтэй нэгэн болно.

 

Үндэсний хуримтлалын хөтөлбөрт нэгдээрэй

 

Хямралын үеийн хамгийн зөв сонголт бол хуримтлал. Ийм чухал боловсролыг монголчуудад олгох “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг “Голомт” банк санаачлан Монголбанктай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна лээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд www.edu.golomtbank.com сайтаар дамжуулан олон нийтийн санхүүгийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулах нийтлэл, нэвтрүүлгүүдийг цацах юм байна. Иймд та энэ хөтөлбөрт хамрагдаж хуримтлалаа яг одооноос эхлүүлээрэй.

 

 “Голомт” банк сар бүр тогтмол хуримтлал үүсгэж чадсан тохиолдолд жилийн эцэст 20 хувийн урамшуулал олгохоор болжээ.  

 

Бид хэнд найдаж амьдарч байгаа юм бэ гэж өөрсдөөсөө асуух цаг болсон юм шиг. Ирээдүйд сайхныг төсөөлж, түүнийгээ төлөвлөж, хэрэгжүүлж, санаснаараа сайхан амьдрахад гол түлхүүр хуримтлал юм шүү.

 

Эх сурвалж:


Нүүр хуудас