Морин хуурын чуулга ”Кармен сюит”-ийг эгшиглүүлнэ

2015-11-11 10:29:40


Францын нэрт хөгжмийн зохиолч Ж.Бизе анх "Кармен" дуурийг бүтээж, ХХ зуунд Оросын нэрт хөгжмийн зохиолч Р.Щедрин эхнэр Майя Плисецкаяд зориулан "Кармен сюит" болгон найруулсан нь дэлхийн сонгодог урлагийн түүхэнд шилдэг бүтээл болон мөнхөрсөн билээ. Тэгвэл Улсын Филармони уран бүтээлийн 44 дэх үзвэрийн нээлтээ тохиолдуулан дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлээс толилуулах “Сонгодог хөгжим” төслийг хэрэгжүүлж буй бөгөөд Морин хуурын чуулгын уран бүтээлчид "Кармен сюит" хэмээх энэхүү тоглолтоо толилуулахаар зэхжээ.

 

Тус алдарт бүтээлийн хөгжмийг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров морин хуурын чуулгад зориулан найруулсан юм. Тэрээр “Кармен гэх алдартай бүтээлийг сонгосон нь хоёр үндсэн шалтгаантай. Нэгд энэ дуурийн хөгжим дэлхийн соёлт хүмүүсийн сонсох гайхамшигт бүтээл болохыг хувьд, хоёрт “Кармен”-ий хөгжмөөр 1970-аад онд Оросын хөгжмийн зохиолч Р.Щедрин найруулан балет болгосон туршлага байсныг харгалзан үзсэн хэрэг. “Кармен” хэмээх гайхамшигт хөгжмийг бүжгэн жүжгийн дагах хөгжим биш бие даасан концертын бүтээл болгохоор зорьсон юм. Мөн морин хуурын чуулгын өсөлт, чадварыг харуулахаас гадна Кармены гайхамшигийг сонсогчдод мэдрүүлэх хөгжмийн соёлын чухал үзэгдэл болох нь лавтай. Бас Морин хуурын чуулга бүрэлдэхүүндээ цохивор хөгжмийн хамтлагийн нэмж шинээр найруулснаар “Кармен”-ыг сонсох нь XXI зууны аяс төрхийг олж байгаа юм.  Дэлхийн оркестрт “Кармен” мөнхийн нээлт, мөнхийн гайхамшиг байсаар ирсэн. Монгол үндэстний театрын хөгжмийн хувьд ч нэгэн адил. Сонсоод хэн боловч хөгжмийн яруу сайхан амт шимтийг мэдэрнэ гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн дурджээ.

 

Энэхүү гайхалтай тоглолт энэ сарын 13-нд 19:00 цагт Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа эгшиглэх гэж байна. "Кармен сюит" тоглолтыг Соёлын тэргүүний ажилтан, удирдаач Д.Түвшинсайхан дохих бөгөөд Морин хуурын чуулга, симфони найрал хөгжмийн уран бүтээлчид эгшиглүүлэх нь ээ.

 

Г.Даша


Нүүр хуудас