Орчин цагийн “Ромео Жульетта”-тай уулзана

2015-11-11 09:57:59

 

Хүн төрөлхтний хайр дурлалын билэг тэмдэг болсон “Ромео  Жульетта” жүжиг маргааш 17:00 цагт УДЭТ-т нээлтээ  хийх гэж байна. Энэхүү алдарт жүжиг нь Улсын драмын эрдмийн театрын Ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулгаар монголын үзэгчдэд гурав дахь удаагаа хүрэх гэж буй билээ.

 

Жүжгийн гол дүрүүдэд УДЭТ-ын хамгийн залуу жүжигчдийг тоглуулж байгаагаараа онцлог юм. Дурлалт хархүү Ромеогийн дүрд жүжигчин Б.Шинэбаяр тоглож байгаа бол түүний хайртай бүсгүй  Жульеттад  О.Дөлгөөн, өрлөг эхэд жүжигчин Ж.Оюундарь, Лоренцо ламтанд С.Болд-Эрдэнэ гээд театрын үе үеийн уран бүтээлчид энэхүү бүтээлд тогложээ.

 

 

Цоо шинэ тавилтаар дахин амилж буй орчин цагийн “Ромео Жульетта” бүтээлийн тайз, хувцас хэрэглэл шинэлэг, өвөрмөц шийдэлтэй юм. Энэхүү бүтээлээ дахин давтагдашгүй үнэ цэнэтэй, драмын урлагийн хөгжилд онцлох бүтээл болж байгаа аж. Дэлхий дахинаа олон зуун дуу, жүжиг, кино урлагийн охь болоод буй энэхүү сонгодог жүжиг та бүхэнд шинэлэг бүхний утга агуулга, өнгө илэрхийлэл болон хүрч, мөнхөд орших хайр дурлалын үнэ цэнийг мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа УДЭТ-ийн уран бүтээлч нийт хамт олон илэрхийлж байлаа.

 

Жүжгийн нээлтийн ажиллагаа өнөөдөр 17.00 цагаас УДЭТ-ын гадна талбайд болно. Харин энэ үеэр үзэгч, хосуудын дунд сонирхолтой уралдаан зарлажээ. Жүжгийн нээлтэд зориулж зарласан “Миний хайрын андгай” уралдааны шилдэг таван хос бие биедээ хайраа илэрхийлэх торгон мөч болох нь ээ. Мөн “Хайр дурлал” сэдэвт уран зураг, баримлын үзэсгэлэн гарах юм байна. Цаашлаад жүжгийн дүрүүдийн зураг бүхий хос цамц, тэмдэглэлийн дэвтэр зэрэг олон бүтээгдэхүүнээс сонгон авах боломжтой аж.

 

Г.Даша


Нүүр хуудас