Мөнгөө үрэхээс өмнө хуримтлуулж сураарай

2015-11-09 13:54:00

 

Цалин буусан өдөр та юу хийдэг вэ. Би бол лав нэг хоног үрэхгүй тэвчих хэрэгтэй гэж боддог байсан. Яагаад гэвэл ээж маань “Мөнгөө үрэх гэж яарах хэрэггүй. Ядаж нэг өдөр гэртээ хонуулж бай” гэж захидаг байв. Угаасаа мөнгө хадгалах дуртай ээжийн маань зангийн нэг илрэл нь энэ байсан юм болов уу. Гэвч сүүлийн үед би авсан цалингаа тэр чигт нь зарлага, сүүлдээ бүр өр болгож хувиргаад байна. Даанч ингэлээ гээд гарах үр дүн нь яг нэг хэвийн байгааг анзаарч байна. Тиймээс мөнгөө хуримтлуулах ухаанд суралцахыг юу юунаас илүү хүсэх болов.

 

Монголчууд бид л асгарсан их орлоготой юм шиг үрдэг болохоос биш гадны улсуудад мөнгийг хуримтлуулдаг  уламжлал хэдэн үеэр дамжин өвлөгджээ. Хятадад гэхэд мөнгөө үрэхээс өмнө заавал хадгалдаг зуршил аль ч гэр бүлд бий. Харин Германд “Үр ашигтай зарцуулалтыг хадгаламж нээхээс эхэл” гэсэн хэлц үг байдаг аж. Харин бид яадаг вэ. Бид бол “Эхлээд үр, үлдвэл хуримтлуул” гэж ярьдаг. Ингэхээр яаж мөнгө хадгалах билээ дээ.

 

Уг нь хүн хуримтлалтай байвал санаа амгалан амьдарна. Тэр хүүгийн сургалтын төлбөр, эмчилгээний зардал гэж хүнээс эсвэл банкнаас хайж явах хэрэг гарахгүй. Хуримтлалаа л нэг сөхөөд харчихад хангалттай.

 

Гэвч өнөөдрийн байдлаар монголчууд бидний сэтгэлгээ хуримтлалтай болоход хангалттай бэлтгэгдэж чадаагүй байна. Манай улсад байгаа 820 мянга гаруй өрхийн 760 мянга нь хуримтлалгүй гэсэн судалгаа байна. Хэрэв гурван өрх тутмын нэг нь яг өнөөдрөөс эхлэн сар бүр 50 мянган төгрөг хадгалаад сурчихвал 10 жилийн дараа айл өрх бүр 13 сая төгрөг, улс орон маань 3.3 их наяд төгрөгийн хуримтлалтай болох нь.

 

Ингэж мөнгөө хадгалж хуримтлалтай болохын тулд бид зөв зуршилд суралцах нь чухал юм. Үгүйдээ л гэхэд, орлого, зарлагаа хянадаг байх хэрэгтэй. Зардлаа хянана гэдэг нь хэрэглээгээ багасга гэсэн үг биш. Харин  өдөр тутмын хэрэглээгээ урсгалаар нь  орхих уу, эсвэл арай дориун өөрчлөлтийг хийх үү гэсэн зоримог шийдлийг гаргах явдал юм гэдгийг судлаач С.Эрдэнэ хэлсэн нь бий.

 

Хуримтлуулах сэтгэлгээг хүнд бүр багаас нь тавьж өгөх ёстой гэж судлаачид үзэж байна. Өрх гэр бүр үр хүүхдээ ийм соёлд сургах цаг нь ч ирж.

 

Энэ цаг үед “Голомт” банк “Үндэсний хуримтлалын хөтөлбөр” хэрэгжүүлэхээр Монголбанктай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд тус банкны санхүүгийн боловсролын www.edu.golomtbank.com сайт болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуримтлалын ач тус, түүнийг хэрхэн бий болгох талаар мэдээлэл нийтлэх юм байна.

 

Хүн өөртөө зөв дадал зуршлыг бий болгохын тулд 21 хоногийн турш үйлдлээ хийгээд байвал сурдаг гэдэг. Жишээ нь, цалингаа шууд замбараагүй үрэхээсээ өмнө эхлээд заавал хадгалж, үлдсэнийг нь зарцуулаад сурвал зөв зуршлыг өөртөө суулгаж чадна.

 

Ингэж мөнгөө хадгалахын тулд би банкны хадгаламжийг сонгосон.  Энэ зорилтыг өмнөө тавьсан харилцагчиддаа зориулж “Голомт” банк сар бүр тогтмол хуримтлал үүсгэж чадсан тохиолдолд жилийн эцэст хуримтлалынх нь  20 хувьтай тэнцэх  урамшуулал олгохоор болжээ.

 

Ийм өндөр хүүтэй хадгаламжиндаа мөнгөө хуримтлуулаад,  санхүүгийн зөв зарцуулалттай байхад хуримтлалаа хангалттай цуглуулж чадна гэдэгтээ итгэж байна.

 

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ


Нүүр хуудас