Ц.Даваасүрэн: Сонгогчид МАН-д орох, үгүйг шийднэ

2015-11-09 13:41:59

 

УИХ-ын бие даагч гишүүн Ц.Даваасүрэн нэгэн цагт МАН-ын гишүүн байсан. Сонгуулийн өмнөхөн зүтгэж явсан намаасаа хөөгдсөн ч тэрээр гандан буураагүй нэгэн. Ганц дайчин ганцаардахгүйн үлгэрээр УИХ-д бие даан нэр дэвшсэн нь түүнд ялалт авч ирсэн түүхтэй.

 

Тэгвэл Ц.Даваасүрэн гишүүнийг нам нь эргэн “тоож”, хөөсөн шийдвэрээ үндэслэлгүй байна хэмээгээд гишүүнчлэлийн эрхийг нь сэргээх шийдвэрийг гаргажээ. Эл шийдвэрээ 10 гаруй хоногийн өмнө нийслэлийн МАН-ын хорооноос Ц.Даваасүрэн гишүүнд мэдэгдсэн гэнэ. Ингэхдээ түүнд “Өөрөө өргөдлөө өгөөгүй байхад МАХН-д элсчихлээ гэж эндүүрч хөөсөн байна” гэх  тайлбар хүргүүлжээ.

 

Эндээс үзвэл МАН Ц.Даваасүрэн гишүүнийг хөөсөн эндүүрлээ эргэн залруулж, хуучин бууны хугархайгаар хүчээ нэмэхийг илүүд үзэж байгаа бололтой.

 

Харин мань хүн нэгэн үе хүчин зүтгэж явсан намдаа эргэн орох уу эс бөгөөс ганцаараа дайны талбарт тулалдсаар зорилгодоо хүрэх үү гэдгээ эцэслэн шийдээгүй байгаа гэнэ. Гэхдээ энэ сонголтоо сонгогчдоосоо асуух бөгөөд “Тэд намаас дэвш гэвэл дэвшинэ. Хэрэггүй гэж үзвэл албагүй” хэмээн ярилцлагадаа дурджээ.

 

 П.Жаргал


Нүүр хуудас