Үйлдвэрлэгчдийн шинэ боломж

2015-11-09 11:35:29

 

Монголын цөөн хэдэн үйлдвэрлэгч өнгөрсөн 20 гаруй жил ёстой “бор зүрхээрээ” л явж өдийг хүрлээ. Уг нь социализмын үед манай улс Аж үйлдвэрийн яамтай байсан. Улмаар дотоодын хэрэгцээнийхээ чамгүй олон зүйлийг эх орондоо үйлдвэрлэдэг байлаа. Харин ардчилал, зах зээлийн нийгмийн үед үйлдвэрлэл гэгч зүйл “үгүй” болсон гэдгийг хэн хүнгүй хэлдэг.

 

Жил гаруйн өмнө шийдлийн Засгийн газар байгуулагдсанаар Аж үйлдвэрийн яам дахин үүд хаалгаа нээсэн юм. Ингээд Төрөөс аж үйлдвэрийн салбарын талаар баримтлах бодлого, Аж үйлдвэрийн зураглал, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль зэрэг чухал бичиг баримтуудыг батлуулсан. Энэ бүх хууль, бодлогын баримт бичгийг товчхоноор хэлбэл, “Монгол Улс үйлдвэрлэж байж хөгжинө” гэсэн үг. Монгол Улс үйлдвэрлэж байж хөгжинө гэдгийг одоо төрийн бодлого болгосон.

 

 

Энэ бодлогын хүрээнд салбарын яамнаас үйлдвэрлэгчдийг дэмжих бодит ажлуудаа эхлээд байна. Тухайлбал, хамгийн сүүлд гэхэд Монголын 200 гаруй үйлдвэрлэгчид Аж үйлдвэрийн яам, Засгийн газрын төлөөллийн хамт БНХАУ-ын Хөх хотод “Монгол-Хятадын экспо”-д оролцоод ирлээ. Зургаа хоногийн турш үргэлжилсэн экспод Монголын үйлдвэрлэгчид 2 тэрбум гаруй төгрөгийн борлуулалт хийжээ. Түүнчлэн өнгөрсөн долоодугаар сард Монгол-Японы Засгийн газар хувийн хэвшлийн хамтарсан уулзалт Токио хотноо болсон.

 

Энэ үеэр Монголын “Дээд өнгө” компани Японы “Super Region” компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр “Дээд өнгө” компани “Super region”-д таван сая иенийн бараа нийлүүлэхээр болсон. Энэ хүрээнд тус компани японоос хөнгөлөлттэй үнээр түүхий эдээ худалдан авна. Улмаар эцсийн бүтээгдэхүүн болгоод, буцааж, Япон руу экспортлох аж.  

 

Монголын үйлдвэрлэгчдэд өмнө нь ийм том хэмжээний экспортын гэрээ, хэлцэл, худалдаа хийж байсан түүх ховор. Ний нуугүй хэлэхэд, төрөөс тодорхой бодлоготойгоор дэмжиж эхэлсний л үр дүн болов уу. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаад үйлдвэрлэгчдэд ийм дэмжлэг байсангүй.

 

Нөгөөтэйгүүр төр тэднийг нэгэнт дэмжиж байгаа хойно, эргүүлээд шаардлага тавина. Олон улсын хэмжээнд чанарын шаардлага хангах, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг үйлдвэрлэгчдээс шаардана. Учир нь тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл, бололцоог бий болгочихсон. Үйлдвэрлэгчдийн хувьд өмнөх шиг “гомдоллох” зүйл үгүй болсон.

 

Тэд “төр дэмжихгүй байна”, “бодлого алга байна”, “дотооддоо үйлдвэрлэх гэхээр гадны хямд юм орж ирээд байна” гэх зэргээр гомдлын үг хаядаг. Тэгвэл төрөөс аж үйлдвэрийн салбарын талаар баримтлах бодлого нэгэнт батлагдсан. Дээр нь Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиар дотооддоо үйлдвэрлэж чадах бараа, бүтээгдэхүүн дээр өндөр татвар тогтоогоод эхэлчихсэн. Нэг ёсондоо үйлдвэрлэгчдэд одоо боломж нь бүрэн нээгдсэн.

 

Боломжийг ашиглах л асуудал үлдэж байгаа юм.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас