Р.Гал-Од: Би зуунд дуурсагдах алдарт зураач болно

2015-11-09 09:40:00

 

Өмссөн хувцас, үг яриаг нь ажвал та түүнийг шууд л сонгодог урлагийн эсвэл филоссофич гэж хэлэх байх. Эс бөгөөс Чарли Чаплин ч юм уу, Мистер Бин зэрэг ёгт хүмүүстэй адилтгаж болох юм. Нас дөнгөж 25 хүрч яваа ч авьяас билэг, эзэмшсэн мэргэжилдээ нэвт шувт дурлаж, хэдийнэ амжилтын үзүүрээс атгаад авсан шог зураач Р.Гал-Одыг энэ удаад онцолж байна.

 

Түүний намтар нимгэн ч туурвисан бүтээл арвин, дотоод ертөнц нь нэг л гүн гүнзгий хийгээд өвөрмөц ажээ. Тэрээр 2013 онд ДУДуС-ийг зураачийн мэргэжлээр дүүргэсэн бөгөөд бие даасан үзэсгэлэнгээ 2012 оноос эхлэн гаргасан байна.
 

2013 “ Намар” хамтарсан үзэсгэлэн “Монголын Урчуудын Эвлэл”
2013 - 2014 “ MotionFrame ”-д зураач
2014 -2015 Зэвсэгт хүчин 326-ангид алба /Цэргийн сэдэвт зургууд /
2015 – “ArtiCour ” галерейд зураачаар ажиллаж байна.

 

Ингээд түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг танд хүргэе.

 

ШОГ зураг бол яг л ханборгоцой шиг...

 

-Таны урланд Монголын алдартай, олны танил хүмүүсийн шог зураг нэлээд их юм. Та энэ хүмүүсийн хөргийг яагаад зурах болсон бэ?

 

-Би Монголын алдартай, олны танил бүх хүмүүсийн шог зургийг зурах зорилго тавьсан. Тэгээд л цаг үеийн сонирхлоо дагаад хүмүүсээ сонгоод л зурсан даа.

 

-Яг одоо та олны танил ямар эрхмийн шог зураг дээр ажиллаж байна вэ?

 

-Одоогоор олны анхаарал татаад буй хэдэн хүмүүсийн зургийг зурах гээд эхлэлээ тавьсан байгаа.

 

-Таны одоо зурж буй энэ зурагийн тухайд?

 

-Энэ нэр өгч амжаагүй байна. Гэхдээ бодсон ерөнхий сэдвийнхээ дагуу зурж байна.

 

-Хэзээ бэлэн болох вэ?

 

-Энэ нэг их удахгүй ээ. Өнөөдөр ч дуусгаж болно.

 

Тэрээр биднийг очиход дээрх зургийг урлаж байсан бөгөөд Монголын олны танил 4 эрхмийн зургийг зурахаар бэлдсэн байсан ч олонд дэлгэхийг хүссэнгүй.

 

-Нэг хүнийг зурахад хэр хугацаа зарцуулдаг вэ?

 

-Өдөртөө зурах тохиолдол ч бий. Их удлаа гэхэд 5-7 хононо.

 

-Ер нь та хэзээнээс зурж эхэлсэн юм бэ?

 

-Цэцэрлэгт байх үеэсээ  л зурдаг байсан.

 

-Тэгвэл яг шог зургийг хэзээнээс зурж эхэлсэн бэ?

 

-Сургуульд ороод хичээл ордог багш нарынхаа шог зургийг зурж байсан.

 

-Танай гэрийнхэн дотор зураач бий юу?

 

-Манай аав зураач. Одоо гэртээ хүмүүсийн захиалгын зургийг зурдаг. Ихэнхдээ байгалийн зураг зурна.

 

-Тэгвэл таны зурдаг чиглэл ааваас тань өөр юм. Та яагаад шог зургийг сонгосон юм бэ?

 

-Би нийслэлийн 28 дугаар сургуульд сурдаг байсан. Арван жилд байхдаа багш нарынхаа шог зургийг анх зурсан. Гэтэл багш нар маань тэр үед зургаа хараад уйлсан. Тэгээд л хүмүүс шог зургийг тусгаж авах хандлага өндөр юм шиг санагдаж, энэ чиглэлийг сонгосон.

 

-Таны уран бүтээлийн санд хэчнээн бүтээл байна вэ?

 

-Тоолоогүй л байна даа. Зөндөө бий.

 

Арван жилийн багш нараа зурсан энэ бүтээл түүнийг шог зураг руу хөтөлсөн гэдэг

 

-Та шог зураач болоод ч тэрүү их хөгжилтэй, хоржоонтой хүн юм?

 

-/инээв/. Ер нь бол нэлээд шог юм шиг байгаа юм. Найзуудтайгаа хамт байхаар инээж, инээлгэсээр байгаад л таарна.

 

-Шог зургийг та юутай зүйрлэх вэ?

 

-Би шог зургийг ханборгоцойтой зүйрлэнэ. Яагаад гэвэл ханборгоцойг гаднаас нь харахад арзгар, барзгар зүс царай муутай харагддаг ч зүсээд идэхээр шүүслэг, чихэрлэг хийгээд исгэлэн маш сайхан амттай байдаг. Надад шог зураг яг л ханборгоцой шиг санагддаг.

 

-Хэн нэгнийг шог болгон сонгож зурах сэдэл хаанаас төрдөг вэ?

 

-Хүний царайг хараад л дотоод сэтгэлд буусан дүр, дүрслэлээрээ л буулгадаг.

 

-Зурсан бүтээлүүдийг чинь харахад энгийн нэгэн царайг хөгжилтэй болгож дүрсэлсэн байх юм. Таны нүдэнд тэд яг ингэж харагдсан хэрэг үү?

 

-Надад яг л ингэж харагдсан гэсэн үг. Гэхдээ нүднийхээ линзээр ингэж харахгүй л дээ. Дотроо төсөөлж, дүрслээд тэрийгээ нарийн болгож, төлөвлөсний үндсэн дээр зургаа буулгадаг.

 

-Шог зураг зурахын давуу тал?

 

-Үгээр хэлэхийн аргагүй гоё мэдрэмж шог зурагтай хамт надад ирсэн. Үүнийг би давуу тал гэж хэлнэ. Ганцхан надад мэдрэгддэг энэ сайхан мэдрэмжээ илэрхийлэхэд бас хэцүү юм. Шог зургаас би маш их баяр баясал олж авдаг.

 

-Тэгэхээр та амьдралыг нэлээд баяр баясгалантайгар хардаг гэсэн үг үү?

 

-Тийм. Тэгж харах ёстой.

 

-Хүн бүхэн үү?

 

-Үгүй дээ. Би хүн бүрт тэгж хэлэхгүй. Хүн амьдралыг яаж ч харж болно. Миний хувьд бүхнийг сайхнаар хүлээж авахыг хүсдэг.

 

-Хэдий та амьдралыг сайхнаар хардаг ч уурлаж бухимдах зүйл гардаг байх?

 

-Мэдээж гарна. Харин тэрийгээ маш хурднаар баяр баясгалан болгож хувиргадаг. Энэ нь миний шог байдлын минь давуу тал.  Асар их сэтгэл гутрал, уур уцаарыг хэдхэн секундын дотор баяр баясгалан болгож хувиргадаг зүйл бол шог мэдрэмж.

 

-Таны мэргэжил болоод сонгосон төрөл зан араншинтай чинь зохицоод үнэхээр том давуу талыг бүтээжээ. Зарим хүмүүс уур, стрессээ хорт зуршлаар тайлдаг тал бий?

 

-Тэгж яах юм. Хэнд ч хэрэггүй ш дээ. Би уурлахаараа шог зураг зурдаг. Тэндээсээ тайвшралаа олж авдаг. Хүмүүс заавал хорт зуршил хэрэглэхээрээ тайвширдаг юм шиг боддог. Гэтэл энэ нь ололттой зүйл мөн гэж үү. Маш их хортой үр дагавар дагуулдгийг мэдсээр байж буруу аргаар стрессээ тайлна гэдэг утгагүй биз дээ.

 

-Гэхдээ уурласан үед шог зураг зурахаар хошин мэдрэмж төрнө гэж үү?

 

-Төрнө өө. Би зурж чадна. Тэр үед уур уцаар арилж, надад ганцхан үлдэж байгаа зүйл нь эцэст нь баяр баясал, инээмсэглэл байдаг. Тийм гайхалтай мэдрэмжийг, амьдралын баяр баяслыг би бүтээлээсээ олж авдаг. Энийг надаас өөр хүн мэдрэхгүй болов уу.

 

Амьдралын баяр баясал, аз жаргал, алдар нэрийг бүгдийг нь би шог зургаасаа олж авна гэх тэрээр сонгосон мэргэжилдээ туйлаас үнэнч нэгэн гэмээр. Ямартаа л уран бүтээлээ үнэнчээр туурвиж яваад зуунд дуурсагдах зураач болно гэх хэтийн мөрөөдлөө өгүүлнэ.

 

МУГЖ С.Лхагвасүрэнгийн шог зургаар нь олон нийт Р.Гал-Од зураачийг илүүтэй мэднэ

 

-Та зургаараа дамжуулж хүмүүст юу хүргэхийг хүсдэг вэ?

 

-Хүн бүр шог зургийг ойлгодог байх албагүй л дээ. Тухайн хүнд ямар санагдаж байна. Түүгээрээ л хүлээж авах болов уу. Би энэ тал дээр нэг их ач холбогдол өгдөггүй. Юунд ч баригдахгүйгээр эрх чөлөөтэйгээр сэтгэж, уран бүтээлээ туурвихыг хүсдэг.  

 

-Таны хувьд уран бүтээлдээ баримталдаг зарчим?

 

-Чөлөөт сэтгэлгээ, сайн сайхан мэдрэмжид тулгуурлан зургаа буулгадаг. Ямар нэгэн зүйлд баригдахгүй байхыг миний зарчим гэж ойлгож болно. Ер нь бол өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой байх ёстой. Тэгж байж хүссэн зургаа бүтээж чадна.

 

-Гэр бүлийнхнээ зурж байсан уу?

 

-Аавыгаа зураад маш их загнуулж байсан. /инээв/ Намайг дахиж битгий зураарай гэсэн.

 

-Аав тань хэр их зөвлөгөө өгдөг вэ?

 

-Уран бүтээлийн зөвлөгөө байнга өгдөг. Тэр бүхнийг нь тусгадаг.

 

-Ер нь та их товч ярьдаг хүн юм?

 

-Уг нь бол яриа хүн. Гэхдээ товч хариулж байгаа нь цэргийн алба хаасантай холбоотой байж магадгүй. Цэргийн албанд олон үг хэлэлгүй “Тийм”, “Үгүй” л хариулдаг шүү дээ. Таны асуултад би бараг “тийм, үгүй, ойлголоо” гэж хариулах гээд байна. /инээв/

 

-Хаана, хэзээ цэргийн алба хаасан юм бэ?

 

-Өнгөрсөн хавар 326 дугаар ангид алба хаасан.

 

-Гэхдээ бас зураач хүмүүс их дотогшоо юм шиг санагддаг?

 

-Тийм шүү. Ярихаасаа илүү зурж илэрхийлэх дуртай болдог тал бий.

 

-Ажлын ачаалал их биз. Нойргүй хонож зурах тохиолдол гардаг уу?

 

-Зургаа зурж хонох тохиолдол их байдаг. Яг гоё санаа ороод ирвэл бушуухан бийр, будгаа бариад л суучихна.  Тэрийгээ гараасаа гаргах гээд шөнөжин нойргүй суух үе байдаг шүү.

 

 

Биднийг ийн ярилцах үед “Лавайн эгшиг” радио, фм явж байсан бөгөөд тэрээр энэ фм-ийн үнэнч сонсогч гэнэ. Лам шашин шүтдэггүй, философи гүн ухаан сонирхдог гэх залуу зураач маань хэдийнэ буурь суусан нэгэн шиг санагдаж байсныг нуух юун.

 

-Ямар хөгжимд дуртай вэ?

 

-Янз бүрийн хөгжимд дуртай. Ялангуяа сонгодог хөгжимд үнэхээр дуртай. Би Чайковскый, Бетховн зэргийн хөгжмийг ихэвчлэн сонсдог. Гэхдээ орчин үеийн тэсрэлттэй, уянгын дууг ч бас сонсоно.

 

-Ном унших дуртай биз?

 

-Мэдээж сонирхоно. Филоссофийн номноос “Эцэг эхийн ачийг хариулах” сургааль, бурханч лам Л.Пүрэвбатын “Амьдралын алтан цалмаас” номын үзэл баримтлал таалагддаг.

 

- Хаана ч байхгүй  дотоод ертөнцийг аав минь бий болгож өгсөн-

 

 

-Таны амьдралыг үзэх үзэл бусдаас их өөр юм шиг ээ. Таны дотоод ертөнцийг сонирхвол?

 

-Зураач бүхэн өөрийн гэсэн ертөнцтэй. Миний шог ертөнц тэр чигтээ амьдралын филоссофи. Миний энэ байдалд аав минь их нөлөөлсөн болов уу. Уран бүтээлч, гайхамшигтай өвөрмөц зураач хүн. Та өөрийгөө зураачаар төсөөл. Та нэг зургаа 50 мянган төгрөгөөр үнэлдэг. Гэтэл энэ зургандаа та тав хоног зарцуулж, 40 мянган төгрөг зарлагаддаг. Үлдсэн ашиг нь ердөө л 10 мянган төгрөг. Энэ мөнгөөр та насан туршдаа амьдарч чадах уу?

 

-Чадахгүй байх аа. Хэцүү шүү дээ. Ялангуяа орчин үед тэгж амьдрах хүн ховор болов уу.

 

-Гэтэл миний аав тийм хүнд хэцүү амьдралыг асар их тэвчээр, нөр их хөдөлмөрөөр босгож, намайг өдий зэрэгтэй хүн болгож өсгөсөн. Аав минь даавуун дээр зосон будаг, гипсээр товойлгож зурдаг. Ингэж зурдаг хүн одоо бараг байхгүй. Асар их ур чадвар, нөр их хөдөлмөр шаарддаг. Миний аав түүнийг өдөржин, шөнөжин нуруугаа бөгтийлгөж, нүдээ ширгэтэл зогсож зурдаг.  Гэхдээ энэ бүхнээ мөнгөөр үнэлдэггүй. Маш их даруу байдаг. Энэ байдлыг би ааваасаа үлгэрлэж, уран зургийн төлөө гэсэн агуу их сэтгэлийг өвлөж авсан юм. Миний хаана ч байхгүй тэр дотоод ертөнцийг аав минь бий болгож өгсөн.

 

-Орчин үеийнхээр бараг 3D гэсэн үг үү?

 

-Бараг л тийм.  

 

-Эртний алдартай хүмүүсийн жишээгээр бол уран бүтээлдээ хэт их анхаардаг дотогшоо хүмүүс эдийн засгаа анхаарахгүй байх тал ажиглагддаг. Таны хувьд?

 

-Уран бүтээлийн үнэ цэнийг мөнгөөр хэмжих шаардлагагүй. Агуу бүтээл зуун дамжсан ч мартагдаггүй. Голландын нэр зураач Винсент Ван гог гэж аугаа хүн бий. Тэр насан туршийн бүтээлээсээ нэг л эмчийн хөргийг зарсан байдаг. Уран бүтээлээ туурвих бүх зардал болоод бүх хэрэгцээгээ дүүгээрээ хангуулдаг байсан гэдэг. Гэсэн ч тэр амьдрал нь тийм хэцүү байлаа гээд уран зургаа хаяагүй. Зурсаар л байсан. Түүнийхээ хүчинд өнөөдөр тэр зуун дамжсан аугаа бүтээлтэй, алдарт зураач болсон.

 

 

 

-Та тэгэхээр энэ хүн шиг амьдарна гэж үү?

 

-Үгүй. Би үгээгүй ядуу баймааргүй байна. Орчин үеийн хүн болохоор уран зургаа зурахын хажуугаар санхүүгийн эрх чөлөөтэй, амжиргаагаа адилхан өсгөж амьдрахыг хүсдэг. Алдарт зураач П.Пиккасо “Уран бүтээлч хүн хангалуун байх ёстой” гэж  хэлсэн байдаг. Энэ үзэл санаа надад таалагддаг. Би нэг тал руу туйлшрахгүйгээр санхүү болоод уран бүтээлээ хамтад нь авч явах болно. Гэхдээ хүний амьдралын эцсийн зорилго мөнгө байж болохгүй. Хамгийн гол нь дуртай хүссэн зүйлээ хийгээд түүнээсээ аз жаргалыг мэдэрдэг байх нь чухал.

 

-Та зуунд дурсагдсан алдарт зураач болно гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ?

 

-Би чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.

 

-Ойрын хугацаанд уран зургийн үзэсгэлэнгээ гаргана биз дээ?

 

-Жил бүр өөрийн уран зургийн үзэсгэлэнгээ гаргаж байхаар төлөвлөж байгаа.

 

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

Ярилцлагын төгсгөлд тэрээр жижигхэн дөрвөлжин төмөр хайрцагнаас хоёр ширхэг цагаан эм шиг хэлбэртэй зүйл гаргаж өгөв. Тэр нь юу болохыг асуувал “Аз жаргалын амт” гэлээ. Түүний ийн нэрлэдэг жижигхэн цагаан зүйл нь гаа байсан өгөөд “Идэх үед сэнгэнэн амтагдах мэдрэмжийг би аз жаргалтай зүйрлэдэг” хэмээн хоржоонтойгоор өгүүллээ.

 

П.Мөнхжаргал | Гэрэл зургийг Г.Даша

 

Түүний урланд Монголын алдартай хүмүүсийн шог зураг олон бий

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Нүүр хуудас