Богд ууланд дэлгэсэн “Уулын домог” үзэсгэлэн

2015-11-07 14:35:58

 

Богд ууланд нэгэн сонирхолтой үзэсгэлэн нээгджээ. Энэ бол гэрэл зурагчин Б.Маралгуагийн Швейцарийн Альпийн нуруунд болон Монголд авсан уран бүтээлээс бүтсэн “Уулын домог” гэрэл зургийн үзэсгэлэн юм. Нийслэлчүүд Богд уул руу аялангаа ийнхүү гэрэл зургийн үзэсгэлэнг тольдох боломжтой болжээ.

 

 

Энэхүү үзэсгэлэнг Монголын Урлагийн зөвлөл гэрэл зурагчдын чадавхийг нэмэгдүүлэх, олон улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, урлагийн байгаль орчин болон орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэрийг нэмэгдүүлэх зорилготойгоор SмArt” урлангаар хангах хөтөлбөрийг хүрээнд дэлгээд байгаа юм. Тэд өнгөрсөн нэгдүгээр сард Монголын гэрэл зурагчдын дунд хөтөлбөрөө зарлан ийнхүү Богд ууланд энэ сарын 1-нд үзэсгэлэн нээн хэрэгжүүлсэн билээ. 

 

 

Тус хөтөлбөрт гэрэл зурагчдаас Бадарчийн Маралгуа шалгаран хоёр сарын хугацаатай Швейцарийн Бэллвалд мужид олон улсын гэрэл зурагчидтай хамт урлангаар хангах хөтөлбөрт хамрагдан, тэндхийн хүрээлэн буй орчин, байгаль, уулсын гэрэл зургийг дурандаа ийн буулгажээ.

 

“Уулын домог” гэрэл зургийн үзэсгэлэн Богд Хан уулын Баруун Ширээтийн оргил руу өгсөх замд энэ сарын 8-ныг дуустал олон нийтийн хүртээл болох юм байна.

 

 

Мянга мянган жилээр дээдлэн аргадаж ирсэн эртний уламжлалыг гэрэл зурагчин Б.Маралгуа өөрийн бүтээлдээ тусгадаг агаад уулс хайрхдын өнө эртний цаг хугацаа, өөр орон зайг агуулсан мэт сүрлэг сүндэрлэг, халдашгүй ариун, хөндөшгүй дархан байдлыг өөрийн гэрэл зургийн дуранд олж нээж чаддагаараа онцгой юм. 

 

Түүний Швейцарийн Валлисерт буулгасан Альпийн нуруудын гэрэл зургууд нь цас мөс, үүл манан, ой хөвчөөр хучигдсан уулсыг сүрлэг догшин, хөгжимлөг, догдлолт, дүнсгэр өөр өөрийн өнгө төрхтэйгөөр нээхийн сацуу өнөө үед дэлхий даяар эдгээр байгалийн аваргасан тогтцыг өөрчлөн хувьсгаж байгааг харуулах аж. 

 

 

Гэрэл зурагчны хар цагаан болон өнгөт том жижиг зургууд нь байгалийн үзэмжийг харуулахдаа хүнийг өчүүхэн жижиг биет болгон тусгах нь уулсын сүрлэг байдлыг улам лавшруулах агаад харин амьтдыг эрх тааваар байгаагаар зураглажээ. Гэрэл зурагчин бүтээлүүддээ байгалийн гэрэл, өнгөөс сэдэл авдаг нь ажиглагдах ба гэрэл сүүдрийн эсрэгцлээр зохиомжийн өнгийг тодосгож, найруулсан бүтээлүүд ийнхүү анх удаа байгальд дэлгэгдлээ.

 

Г.Даша

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Нүүр хуудас