Орчин цагийн Ромео Жульетта

2015-11-05 11:01:52

 

Хайр дурлалдаа шатан байгаа Жульетта эцэг, эхийнхээ шахалтаар хийлгэх гэж байгаа хуримыг хэрхэн болиулж, дурлалт Ромеотойгоо  аз жаргалтай амьдрах талаар Лоренцо ламтантай ярилцана. Жульетта “Ламтан Валентин хайрт хосуудад тусалсан биз дээ” хэмээн дуугаа өндөрсгөн түүнээс тусламж хүснэ... Харин хариуд нь ламтан хор уун хэсэг хугацаанд бусдад үхсэн мэт харагдах хэдий ч дараа нь эргэн амилж дурлалт Ромеотойгоо амьдарч болно гэхэд түүний царайд айдас, баяр хоёр сүлэлдэн байлаа.

 

Энэ бол энэ сарын 12-нд УДЭТ-ын тайзнаа амилах гэж буй “Ромео Жульетта” жүжгийн хэсэг юм. Өчигдөр 14:00 цагийн үед УДЭТ-т очиход танхимын үүдэнд жүжигчид өөр өөрийн үзэгдлийг хүлээн зогсож байлаа.

 

 

Харин тайзнаа жүжигчин О.Дөлгөөн Жульеттад, Г.Болд-Эрдэнэ Лоренц ламтны дүрийг ийнхүү бүтээж байсан юм.

 

Тус жүжгийн ерөнхий найруулагч Н.Наранбаатар үзэгчийн суудлаас жүжигчдэдээ зөвлөгөө өгч байв. Түүний хажууд гэрлийн найруулагч зэрэгцэн сууж, жүжгийн тавилтууд дээр хэрхэн гэрэлтүүлгээ өгч, авах талаар талаар найруулагчтайгаа зөвлөлдөх аж.

 

 

Дараагийн үзэгдэл эхлэхэд ордны сүрлэг хөгжим эгшиглэн Жульеттагийн эцэг /жүжигчин Г.Эрдэнэбилэг/, гэргийн хамт ирэн ордны албат туслах нартаа “Та нар ямар тайван хүмүүс вэ цаана чинь хүргэн ирчихээд хүлээгээд байна” гэхтэй зэрэгцэн найруулагч Наранбаатар “За байж байгаарай, стоп. Гэрэл өгчихсөн хойно зочид орж ирэхгүй. Харанхуйд та нар байраа эзэлчихсэн байхад чинь арын гэрлийг өгмөөр байна. Дахиад” хэмээн үүрэгдлээ. Үзэгдэл цааш үргэлжлэн бага сага гэрлийн тохиргоог хийн дараагийн үзэгдэл рүү шилжив.

 

 

Энэ үзэгдэлд дурлалт залуу Ромео зүүдэндээ Жульеттатайгаа уулзаж байгааг дүрслэх аж. Жульетта тэнгэрт дүүлэн бүжиж тэд хайр сэтгэлээ магтан дуулна. Харин зүүднээсээ цочин сэрсэн түүн дээр ойрд уулзаагүй дотны нөхөр Лоренц нь зочлох хэдий ч баяр баясгаланг нь уйтгар гунигаар солин гашуудлын мэдээг дуулган Жульетта нь хорвоог орхисон тухай хэлнэ. Энэхүү үзэгдэлд мөн адил найруулагчийн зарим нэг өөрчлөлтүүд орж ирэн гэрэлтүүлэг дээр ч эцсийн байдлаар шийдэхийг тэдэнд даалгасан юм. Мөн тайзнаа баруун талын лонжид суун бэлтгэл үзэж байсан жүжигчин Ж.Оюундарь залуу жүжигчин Шинээг дуудан аминчхан зөвлөгөө өгч буй харагдсан шүү. Театрын шинэ бүтээлийн төлөө уран бүтээлч бүрийн сэтгэл зүрх шатан асаж байгаа нь энэхүү сургуулилтын явцад харагдаж байлаа.

 

 

Харин жүжгийн төгсгөл хэсэг болох Ромео Жульеттай уулзах тэрхүү үзэгдэл дээр найруулагч болох бүжиг дэглээч багахан засвар хийв. Дурлалт хосууд хамтдаа хор уун диваажин руу явдаг хэсэг дээр бүжиг дэглээч Г.Ган-Очир “Та хоёр хор уун үхсэн. Гэхдээ одоо бол та хоёрын сүнс диваажин руу явж байгаа учраас яарах хэрэггүй аажуухан босох хэрэгтэй. Бас ингээд хөдлөөд өг” хэмээн өөрийн биеэр үзүүлэн зааж өгч байв. Залуу жүжигчид найруулагч болон бүжиг дэглээчийн шинэ шийдлийг тухай бүрт нь мэргэжлийн өндөр түвшинд хийж, гүйцэтгэж байсан нь гайхалтай. Жүжгийн сургуулилт түр завсарлан хоёр цагийн дараа дахин эхнээс нь нэг үзэхээр болов. Энэ үед жүжгийн хөгжмийн зохиолчоороор ажиллаж байгаа Б.Чинбат ч ирж найруулагч түүнтэй зарим нэг хөгжмийн талаар ярилцахаар өрөө рүүгээ дагуулан явсан юм.

 

 

Ийнхүү орчин цагийн Ромео Жульетта” жүжиг тайзнаа амилахад бэлэн болжээ.

 

Дэлхийн өнцөг булан бүрд У.Шекспирийн хамгийн олон удаа тавигдсан хоёр жүжгийн нэг нь “Ромео Жульетта” билээ. Зуун зууны түүхэнд чин үнэнч хайрын гэрч болсон энэхүү жүжиг Монголын театрын тайзнаа анх 1966 онд С.Гэндэн найруулагчийн найруулгаар тайзнаа амилж байсан бол 1996 онд Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болж байсан түүхтэй.

 

Харин энэ удаад Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар орчин цагт цоо шинэ дэг тавилт, өнгө, төрхтэйгээр найруулан тавих гэж байна.

 

 

Хайр дурлалд зүрх сэтгэлээрээ гүн автах, түүний зовлон, жаргалыг дахин тунгаах сэтгэлийг сэргээж, хайрлах хайрлуулах хувь тавилантай хүн болж төрсний гайхамшгийг мэдрүүлэх уг жүжгийн голлох дүрүүдэд УДЭТ-ын залуу үеийн уран бүтээлчид тоглож байгаагаас Ромеогийн дүрийг жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттын дүрийг жүжигчин О.Дөлгөөн нар бүтээж байгаа юм.

 

Харин жүжгийн ерөнхий продюсерээр УГЗ Д.Цэрэнсамбуу, гүйцэтгэх продюсерээр 1996 онд Ромеогийн дүрийг бүтээсэн жүжигчин О.Гэрэлсүх, хөгжмийн зохиолчоор Б.Чинбат, ерөнхий зураачаар Д.Ариундэлгэр, хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээчээр Г.Ган-Очир, дизайнер Н.Үнэнбат нарын баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа аж.

 

Ерөнхий найруулагч Н.Наранбаатар жүжгийн талаар  “23 үзэгдэлтэй Ромео Жульетта жүжгийн зохиолыг 15 үзэгдэлтэй болгон шинэ дэг тавилтаар 21-р зууны үзэгчдэд хүргэх гэж байна. Жүжгийг бид тэртээх зууных нь сэтгэлгээ, ахуй байдлаар нь бус харин өнөөдрийн бидний нийгмийн бодит дүрүүдэд ажиглагддаг харилцаа, хандлага, соёл, үг хэллэгээр илэрхийлэн хүрэх болно. Энэ утгаараа найруулагч, уран бүтээлчдийн энэхүү жүжигт хандах хандлагын илэрхийлэл, цоо шинэ өнгө төрхийг харна гэдэгт итгэлтэй байна.” хэмээн онцолсон юм. 

Алдарт “Ромео Жульетта” драмын жүжгийг УДЭТ-ийн уран бүтээлчид энэ сарын 12-22-нд тоглох юм байна.

 

Г.Даша

 

 


Нүүр хуудас