Ц.Анхбаяр: АНУ-д байхдаа хамгийн их өлсөж байлаа...

2015-11-05 10:23:47

 

Та өөрийгөө хэр сайн мэдэх вэ? Мэдээж, энэ асуултад “Бусдаас илүү би өөрийгөө сайн мэднэ” гэж хариулах болов уу. Тэгвэл та өөрийнхөө ямар дутагдал болоод давуу талыг түгдрэхгүйгээр нэрлэх вэ? Харин дуучин Ц.Анхбаяр буюу Анхуушийн хувьд тун ойлгомжгүй, нууцлагдмал зантай гэх бөгөөд даруухан имиджийг бүрдүүлдэг нэгэн гэнэ шүү.

 

Ингээд түүний “Селфи” буланд уригдаж, юу ярьсныг сонирхъё.

 

Яг одоо таны селфи

 

 

-Таны анхны утас?

 

2002 онд Samsung маркийн утас барьж байсан.

 

-Одоо?

 

-Samsung s6

 

-Анхны ажил?

 

-Монголд анх олон янзын л ажил хийж байсан. Яг анхны цалинтай ажил гэвэл Чех улсад сурч байхдаа Cherry жимс хураалтын ажил хийдэг байсан.

 

-Анхны цалин?

 

-120 мянган төгрөг. Тухайн үед их л мөнгө санагдаж байсан. Сурдаг байсан болхоор цүнх авж байсан. Анхны цалингаараа авсан Calvin Klein-ий цүнх маань одоо хүртэл байдаг.

 

-Одоо?

 

-Уран бүтээлийн ажлаас гадна гадаад харилцаа, хэлний чиглэлээр мэргэжлийн ажлаа хийж байна.

 

-Анхны машин?

 

Toyota Verossa

 

-Санаанаас  тань гардаггүй уруул?

 

-Уруул гэхээр чинь . . . санагдах уруул байхгүй ээ. /инээв/

 

-Хамгийн сүүлд хаанаас өөртөө юу худалдаж авсан бэ?

 

-Өдөр тутамдаа байнга л худалдан авалт хийдэг. 

 

-Амьдралдаа хамгийн их өлсөж байсан үе?

 

-Америкт байхдаа хоёр хоног нэгэн танилынхаа зуслангийн лагерт очсон  юм. Тэнд хүн амьдраагүй гурван жил болсон байшин байсан. Тэнд очтол идэж болох зүйлээс зөгийн бал, сахар хоёроос өөр юу ч байгаагүй. Ойрхон дэлгүүр ч байхгүй. Ой модон дунд нэг байшинд ус уугаад л зөгийн бал халбагадаж идээд л нэг хоносон доо. Тэгэхэд их өлссөн шүү. /инээв/

 

 

-Бусдаас хамгийн их сонсдог вэ?

 

 -Ээж, эмээгийн маань үг алт л гэсэн үг. Эмээ маань ихэнхдээ “Хүнд тус хүргэж яваарай. Хүнийг битгий гомдоогоорой” гэж захидаг.

 

-Хүүхэд байхад өгч байсан хамгийн үр дүнтэй шийтгэл?

 

-Багадаа даруухан хүүхэд байсан болохоор нэг их шийтгүүлж байгаагүй. Шийтгэл гэхээсээ илүү , амьдралын чигийг  заасан хүмүүс байдаг.

 

-20 настай байх үеийн өөртөө юу гэж захих байсан бэ?

 

 -Яг 20 настай байхдаа яах байснаа мэдэхгүй байна.  Ямар ч байсан зөв явбал аяндаа бүх үйл, бүх зүйл минь сайхан байна гэж их боддог байсан.

 

-Таны бусдаас өвөрмөц зуршил?

 

-Ер нь өөрийгөө бусадтай харьцуулах дургүй. Өөрөө өөртөө л болж байвал Ok. Ядарсан, уурлаж бухимдсан үедээ дуртай хөгжмөө сонсож сайхан болдог. Тэр дундаа Симфони хөгжим.  Мөн чөлөөт цагаараа хоол хийж, ямар нэгэн юм цэвэрлэх эсвэл дэлгүүр хэсэх их дуртай.  Хобби юмуу даа. /инээв/

 

-Хамгийн том бүтэлгүйтэл?

 

 -Бүтэлгүйтэл бол зөндөө ш дээ. Гэхдээ нэг их шантраад байдаггүй. Бүтэж л байдаг бүтэлгүйтэж л байдаг. Амьдралын тэнцвэр гэж ойлгодог шүү.

 

-Хамгийн хачирхалтай нөхөрлөл?

 

-Би өөрөө их сонин, хачирхалтай хүн дээ. Адал явдал ихтэй .Золбоо гэдэг сайн найзынхаа талаар яримаар байна. Одоо Германд амьдардаг юм.

 

Дөрөв билүү тавдугаар ангид байхдаа "Цаст Уулын Нисдэг үнэг" гэдэг Хятадын олон ангит киног үздэг байлаа. Манай үеийн залуучууд бүгд мэдэх байхаа. Сүүлдээ бүр кинондоо орчихсон  зүүдэлж ч үзсэн. /инээв/

 

Шөнөжин киногоо үзнэ. Маргааш нь босохгүй хичээлээ таслана. Тэгээд ээж, аавдаа их зэмлүүлсний эцэст киногоо үзэхээ болисон. Тэр кинонд гол дүрийн 2 жүжигчин болох Ху баатар, Мя Баатар гэж гардаг байлаа. Их зодоонтой адал явдалтай кино.  Манай Золбоо бас тэр киног үзэх их дуртай. Тэр кинонд их орсон шиг байгаа юм.  Нэг өдөр хичээлдээ явж байтал “Анхууш аа, би чамд нэг санал тавьмаар байна” гэлээ. Тэгэхээр нь би зөвшөөртөл  “Хоёулаа өнөөдрөөс эхлээд Ху баатар, Мя баатар болъё. Тэгээд үүнээс хойш түүнээс цааш хоёулаа сайн найзууд. Юу ч болж байсан үргэлж хамтдаа шүү” гэж хэлээд тамгалсан юм.  Их хөгжилтэй. Яагаад ч юм бүү мэд.  Тэр киноны ачаар найзтайгаа илүү сайн ойлголцож сайхан найзууд болсон доо. Одоо бодохоор их гоё дурсамжтай.

 

 

-Өөрийнхөө ямар дутагдалтай эвлэрсэн бэ?

 

-Ойлгомжгүй их нууцлагдмал хүн юм шиг байгаа юм.

 

-Найзуудын өгч байсан хамгийн хачирхалтай зөвлөгөө?

 

-Найзуудыгаа их сонсдог шүү. Жишээ нь: Хөгжимтэй холбоход нэг иймэрхүү хэв маяг, ийм сэдэв дажгүй гээд л зөвлөнө. Тэдний хэлсний дагуу хийхээр яг л үнэн байдаг.

 

-Юунд хамгийн их мөнгө зарцуулдаг вэ. Мөн юунд мөнгө үрэх дургүй вэ?

 

-Уран бүтээл, хөгжимтэй холбоотой бүхий л зүйлд мөн оюуны хөрөнгө оруулалтад мөнгө үрэхээс татгалздаггүй. Харин шаардлагагүй гэж бодсон зүйлдээ мөнгө үрдэггүй.

 

-Хэтэвч хоосон хэд хоног гүрийсэн бэ?

 

-Тийм үе зөндөө л тохиолддог. Нилээд хэд хоног гүрийж үзсээн. Хүн бүрт л тохиолддог зүйл шүү дээ.

 

-Таны амжилтын нууц гэвэл?

 

-Өөрийнхөө хүссэн зүйлдээ шантралгүй эцэс хүртэл нь явах тэр чанар их нөлөөлдөг юм болов уу гэж бодож байна.

 

 

 

Дуучин Ц.Анхбаяр “SelfiChallenge”-д дуучин Ноён Бондгорыг дуудлаа. Тэрбээр түүнд дараах гурван асуултыг дайсан юм.

 

-Өөрийгөө амьтантай зүйрлэвэл ямар амьтан бэ?

-Хамгийн их сэтгэлд үлдсэн фактуудаас хуваалцвал?

-Хамгийн их хөдөлмөр зарсан хайртай уран бүтээлийн түүхээс?

 

П.Мөнхжаргал

 

Нүүр хуудас