Дэлхийн эдийн засгийн уналт VS Монголын өөдрөг төсөв

2015-11-04 08:44:00

 

Ирэх онд Монгол Улс төсвийн орлогоо тооцоолохдоо 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 900 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Өөрөөр хэлбэл, 6.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ. Энэ хэмжээний орлого төвлөрөх боломжтой гэж Сангийн яамнаас мэдэгдэж буй. Гэвч бодит байдалд 2016 онд эдийн засгийн нөхцөл байдал сайжрахгүй, төсвийн орлого дахин тасалдах магадлал өндөр гэдгийг улстөрчид, эдийн засагчид хэлсээр байна.

 

Өчигдөр Нээлттэй нийгэм форумаас 2016 оны төсөвт хийсэн судалгааны тойм, дүгнэлтээ олон нийтэд танилцууллаа. Тус байгууллагаас мөн л төсвийн орлого хэт өөдрөг, бодит нөхцөл байдлаа зөв тодорхойлоогүй хэмээн дүгнэж байна. Тэд эдийн засаг сайжрахгүй байх хэд хэдэн үндэслэл, дүгнэлтүүдийг дурьдсан. Тухайлбал:

 

 

Гэх зэрэг шалтгаанууд Монголын төсвийн орлогод муугаар нөлөөлж болзошгүй гэж үзжээ.

 

Олон улсын байгууллагууд санхүүгийн хямралын гуравдагч давлагааг худалдан авагч менежрүүдийн индексийн /PMI/ уналтаар тодорхойлж байна. Энэ үзүүлэлт 50-аас дээш хувьтай байвал эдийн засгийн байдал эрүүл хэмээн үздэг. Тэгвэл ОХУ, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Солонгос, Тайвань зэрэг хөгжиж буй орнуудад PMI индекс 2016 он гарсаар 50-аас доош хувь руу буурсан байна. Монголын хувьд голлох түнш болох БНХАУ-ын худалдан авалтын индекс 47.2 хувиар буурсан гэдгийг “Голман Сакс”-ын судалгаа харуулжээ. Үүнтэй холбоотойгоор гадаад улсуудаас худалдан авах, импортлох түүхий эдийн хэмжээ нь буурсан. Мөн эдийн засгийн өсөлт нь ч гинжин урвалаар саарч байгааг судалгаа харуулж байна. 

 

Хятадын эрх баригчид “Шинэ Хятад” бодлогын хүрээнд энэхүү удаашралтай, эдийн засгийн өсөлтийн төвшинг хадгалах зорилт дэвшүүлж буй билээ.

 

Тэгвэл үүнтэй зэрэгцээд 2016 оны төсөвт уул уурхайн салбараас орж ирэх орлогыг хэрхэн төлөвлөж байна вэ. Ирэх оны төсвийн татварын орлогын 13 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлэхээр төлөвлөжээ. 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр Монгол Улс энэ онд 13.7 сая тонн нүүрс экспортлох нь. Харин 2016 онд нийт 19.5 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолсон байна. Харин зэсийн баяжмалын хувьд 1361.6 тонныг экспортлох боломжтой гэж үзжээ.

 

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос гадна Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт орж ирэх, Тавантолгой төсөл гацаанаас гарна гэж Сангийн яам үзэж байна. Түүнчлэн энэ онд шинээр баталсан зарим хууль, тогтоомжтой холбоотойгоор татварын бааз, суурь нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа юм. Эдийн засаг өндөр өсөлттэй байсан жилүүдэд манай улсад орж ирэх импортын хэмжээ нэмэгдсээр ирсэн. Харин одоо эдийн засгийн өсөлт төдийлөн хангалтгүй байна. Гэсэн ч төсвийн төсөлд ирэх онд импортоос орж ирэх орлого 4.6 тэрбум ам.долларт хүрэхээр төсөвлөжээ. Энэ нь 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 700 орчим сая ам.доллараар нэмэгдсэн дүн болж байна.

 

Мэдээж төсвийн орлогыг өөдрөг төсөөлж болно. Гэвч орлого бүрэлдэхгүй бол жил бүрийн төгсгөлд нэг их наядын тодотгол хийдэг нөхцөл байдал давтагдах эрсдэл байна. Монголбанк ирэх оны төсвийн төсөлд өгсөн зөвлөмждөө орлого дахиад 1.2 их наядаар тасалдаж болзошгүй байгааг сануулж буй. Мөн олон улсын байгууллагууд ч бас ирэх онд эдийн засгийн нөхцөл байдал сайжрахгүй байгааг анхааруулж байна.

 

Харин Монгол Улсын Сангийн яам төсвийн орлого нэмэгдэх бололцоотой хэмээн өөдрөг төсөөлсөөр...

 

Л.Энхдэлгэр 


Нүүр хуудас