Ө.Ганзориг: Хуримтлуулж чадвал эдийн засгийн хямралд өртөхгүй

2015-11-03 07:40:00

Голомт банкны ерөнхийлөгч Ө.Ганзоригтой ярилцлаа.

 

-Өнөөдөр /өчигдөр/ Голомт банк үндэсний хуримтлалын аяныг эхлүүлж байна. Үүнтэй холбоотойгоор хуримтлалын эдийн засагт өгөх үр өгөөжийн тухай яригдаж байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Манай Монгол Улс хуримтлалын индексээр нэлээд хойгуур байгаа. Тэгэхээр үндэсний хуримтлал өөрөө улс орны эдийн засгийн чадавхийг харуулж байдаг. Бид эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүн, инфляци, эсвэл долларын ханш зэргийг их ярьдаг. Гэтэл хуримтлалыг төдийлөн ярьдаггүй. Гэтэл хуримтлал өөрөө эдийн засагт маш чухал нөлөөтэй. Үндэсний хуримтлал бол товчхоноор нийт ард иргэдийн банкинд хадгалуулсан мөнгөний хэмжээ. Иргэн баян бол улс баян гэдэг. Үүнтэй адилаар иргэд бүгдээрээ хадгаламжтай байвал нийт үндэстний нийлбэр хуримтлалын дүн нь маш том байдаг. Ингээд эдийн засагт хямралд өртөхгүй, дархлаа нь болж байдаг. Өнөөдөр манай улсын эдийн засаг гадаад зах зээлээс маш их хамааралтай, эдийн засаг маань дархлаа муутай, хямралд өртөмтгий байгаа нь өөрөө үндэсний хуримтлал бага байгаатай шууд холбоотой. Тэгэхээр бид ард иргэдийг хурмитлах зуршилтай болгоё гэдэг зорилгоор өнөөдөр хөтөлбөрөө эхлүүлж байна. 

 

-Иргэдийн хуримтлал төдийлөн нэмэгдэхгүй л байна. Юутай холбоотой вэ?

-Хэд хэдэн шалтгаан бий. Би соёлын шалтгааныг нь хэлье. Нэгдүгээрт, манай иргэд мөнгөтэй хүн л хуримтлуулдаг гэж ойлгоод байдаг. Надад мөнгө байвал би мөнгөө хадгалуулна гэж ойлгодог. Гэтэл хуримтлуулна гэдэг маань өөрөө мөнгөтэй болохын тулд л хийдэг зүйл. Жишээ нь дундаж цалин Улаанбаатар хотод 850, орон нутагт 700 орчим мянга байна. Нэг өрх сардаа  сая 400- сая 600 орчим мянган төгрөгийн орлоготой байгаа юм. Манай Голомт банкны аналистуудын судалснаар энэ хэмжээний орлоготой өрхөд ойролцоогоор 100 орчим мянган төгрөгийн үргүй зардал гарч байна. Энэ үргүй зардлыг хуримтлал болгоё. Сар бүр 100 мянган төгрөг хийгээд байвал жилийн эцэст сая 200 мянган төгрөг. Ингээд 10 жил болоход бараг 20 гаруй сая төгрөг болохоор байгаа юм. Тэгэхээр ард түмэн өөрөө хуримтлах соёлтой болох ёстой. Энэ бодлуудыг өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Цалингаа аваад л, байрны зээлэнд өгөөд дуусчихдаг шүү дээ гэдэг. Гэтэл яг судлаад үзэхэд үргүй зардал маш их байгаа. Хоёрдугаарт, хэрэгцээндээ тааруулж, хэрэглэчихээд, үлдсэн мөнгийг нь хадгалах тухай асуудал ярьдаг. Гэтэл хэзээ ч мөнгө үлддэггүй л байхгүй юу. Тэр мөнгийг ямар нэгэн аргаар дуусгаж л таардаг. Тэгэхээр хуримтлалыг цалин буумагц л хийдэг байх ёстой. Хуримтлуулна гэдэг бол дэг журам, сахилга бат юм. Орлого олсон бол эхлээд хуримтлуул.

 

-Хуримтлалыг нэмэгдүүлэхийн тулд төр засгийн төвшинд хэрхэн ажиллах ёстой вэ. Яагаад ингэж асууж байна гэхээр үндэсний хуримтлал хэдий чинээ их байна, төдий чинээ улс орны эдийн засгийн дархлаа сайжирна гэж та хэлж байна. Тийм учраас хуримтлалыг нэмэгдүүлэхэд төр бас тодорхой бодлогоор анхаарах шаардлагатай гэж ойлголоо?

-Мэдээж төр засаг ард иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой. Хоёрдугаарт, бодит цалинг нэмэгдүүлэх ёстой. Ингэхдээ зүгээр нэг нэрлэсэн дүнгээр нэмэгдүүлэх биш. Хоёр арга зам бий. Нэгдүгээрт, ажлын байрыг шинээр бий болгох. Хоёрдугаарт бүтээмжийг нэмэх ёстой. Манайхан цалин нэмээч гэж шаарддаг. Гэтэл цалин нэмэхийн тулд түүний ард заавал бүтээмж нэмэгдэж байх ёстой. Нэг ажилтан сард 100 хадаас хийдэг байлаа гэж бодъё. Тэгвэл тэр ажилтан сард 110 хадаас хийдэг болж, бүтээмж нэмэгдэх ёстой. Үүний араас цалингийн өсөлтийн асуудал яригдана. Ингэж цалинг нэмсэн тохиолдолд инфляцийг хөөрөгдөхгүй. Эдийн засгийн зөв өсөлт болж өгдөг. Тэгэхээр төр засаг бүтээмжийг нэмэгдүүлэх талаар бараг ярихгүй байна. Ер нь монгол хүний бүтээмж хэд байх ёстой юм бэ гэдгийг тодорхойлоод, төрийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх цаг болсон. Бүтээмж нэмэгдээд ирэхээр бодит цалин нэмэгдэнэ. Бодит цалин нэмэгдээд эхлэхээр хуримтлал бий болж эхэлнэ.

 

Зээлийн чанар муудсан нь үнэн, гэхдээ аюулын төвшинд хүрээгүй байна

 

-Та Голомт банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа учраас банкны салбарын талаар асууя. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрчихлээ, банкуудын зээлийн чанар муудлаа, зээл олгогдохоо болилоо гэж ярьж байна. Тэгэхээр энэ салбар маань одоо яг ямар байдалтай байна вэ, үнэхээр нөхцөл байдал тийм хүнд байна уу?

-Эдийн засгийн хүндрэлд бүх салбар өртөж байгаа. Банкны секторын хувьд 2009 онтой харьцуулахад санхүү, эдийн засгийн үзүүлэлтийн хувьд хавьгүй дээд төвшинд байна. Монголбанк хөрвөх чадварын харьцааны шалгуурыг өндөрсгөсөн. Энэ нь яг бэлэн мөнгөөр байлгах ёстой хөрөнгийн шаардлага юм. Нийт иргэдээс авсан харилцах, хадгаламж, татан төвлөрүүлсэн хөрөнгийн 25-аас доошгүй хувийг бэлэн мөнгөөр байлга гэж байгаа. 2009 оны хямралын үед энэ 14 хувь буюу харьцангуй бага байсан. Одоо энэ маань өөрөө 25 хувь байгаа. Энэ бол дэлхийд нэлээд ховор, өндөр шалгуур гэж ойлгож байгаа. Манай банкууд бүгдээрээ энэ шалгуураа хангаад, 25 хувьтай тэнцэх нөөцийн бэлэн мөнгийг бариад сууж байна. Нэг талаараа тэр хэмжээний мөнгө эдийн засагт эргэлтэнд орохгүй байна. Нөгөө талд энэ маань өөрөө санхүүгийн дархлаа болж өгч байгаа. Тэгэхээр банкуудын санхүүгийн дархлаа сайн байна. Гэхдээ банкууд энэ эдийн засагт, улс оронд үйл ажиллагаа явуулж байгаа компани, хувь хүмүүст зээл өгсөн. Энэ зээлийн чанар муудаж байна. Одоогийн байдлаар хямралын төвшинд, эсвэл аюулын төвшинд очсон зүйл алга. Бид эдийн засгаа сайжруулахын тулд хамтдаа эрвийх, дэрвийхээрээ зүтгэж давж гарах ёстой. 

 

-Энэ өдрүүдэд УИХ дээр 2016 оны төрийн мөнгөний бодлогыг хэлэлцэж байгаа. УИХ-ын гишүүд мөнгөний бодлогыг хэлэлцэх үед зээлийн хүүг бууруулах болоогүй юм уу, хэдий болтол банкууд 20 хувийн зээл олгох юм бэ гэж байгаа. Тэгвэл зээлийн хүүг бууруулах бодит боломж нь байна уу. Ямар нөхцөлд боломж бүрдэх ёстой юм бол? 

-Банкууд зээлийн хүүг өндөр байлгах сонирхолтой юм шиг ярьдаг. Гэтэл банкууд зээлийн хүүг бага байлгах сонирхолтой. Яагаад гэвэл банк зээлийн өндөр хүүнээс ашиг олдоггүй. Нөгөө талд нь хадгаламжийн хүү ч бас өндөр байгаа учраас зээлийн хүү өндөр болчихдог. Банк бол зээл болон хадгаламжийн хүүгийн зөрүүнээс ашиг олдог бизнес. Тэгэхээр хоёулаа өндөр байгаа тохиолдолд банкны ашиг нэг л төвшиндөө байна. Мөн хоёулаа бага байвал банкны ашиг бас буурахгүй, тэр төвшиндөө л байна гэсэн үг. Тэгэхээр зээлийн хүү өндөр байх үед банкны бизнес муудаж байгаа. Зээл авч байгаа иргэн, аж ахуйн нэгж өндөр хүүтэй зээлийг төлж чадахгүй болдог, төлөх магадлал нь багасдаг. Бага хүүтэй зээл харин эргээд сайн төлөгддөг. Тэгэхээр банкны зээлийн хүүг бууруулахын тулд төр засгийн зүгээс дорвитой бодлого, төлөвлөгөө гаргаад, шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой. 2009 оны хямралаас өмнө зээлийн хүү буурч байсан. Хамгийн сайн компани тэр үед 12-13 хувь дээр зээл авч байсан. Гэтэл 2009 оны хямрал болоод, зээлийн хүү буцаад өсчихсөн. Эргээд 2011, 2012 онд эдийн засаг сайжраад, зээлийн хүү буурч байтал, 2013 оноос буцаад хүндэрчихсэн. Ингээд 2013, 2014, 2015 онуудад эдийн засаг хүндрэлтэй нөхцөл байдалтай байлаа. Үүнээс болоод зээлийн хүү өндөр болсон. Тийм учраас эдийн засгийн хямрал, хүндрэл гэдэг зүйлийг төр засгийн зүгээс сайн удирдаж, янз бүрийн популист үйлдэл хийхгүй байх, эдийн засгийг зөв замаар нь хөгжүүлэхэд улстөрчид анхаарах ёстой. Зээлийн хүү өндөр байгаагийн гол буруутан нь улстөрчид гэж хэлэхэд болно

 

Төсвийг танах биш, чанаржуулах ёстой

 

-Улс орон эдийн засгийн хүндрэл, хямралтай байна. Хүндрэлийг даван туулъя, үүний тулд төсвөө багасгая, хөрсөн дээр нь буулгаж, алдагдалгүй баталъя гэж байна. Төсвөө эрүүлжүүлье, бүсээ чангалъя гэж байгаа. Яг ийм хүндрэлтэй үед төсвийг бууруулах нь өөрөө хэр ач холбогдолтой алхам бэ. Тухайлбал, төсвийг танаснаар зээлийн хүүг бууруулахад үр дүнгээ өгөх үү?  

-Төсөв дээр бас нэг буруу ойлголт яваад байгаа. Төсвийг таная гэж. Гэтэл эдийн засаг хүндэрчихсэн байгаа үед төсвийг танадаггүй, эсрэгээр нь тэлдэг. Тэгж байж, ажлын байраа авч үлдэх ёстой. Бид юу ярих ёстой вэ гэхээр төсвийг чанаржуулъя гэж ярих ёстой. Үргүй зардал гаргахаа больё. Хүн очдоггүй уул руу зам татахаа больё. Ямар ч үр өгөөж нь мэдэгдэхгүй, түр зуурын арга хэмжээний зардлуудаа таная. Тэрний оронд урт хугацааны хөрөнгө оруулалт. Боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, ажлын байр шинээр бий болгох, улс орны эдийн засгийг дараагийн шатанд гаргахад хэрэгцээтэй, тэр зардлуудыг тэлэх ёстой. Тэгэхээр манайхан буруу ойлгоод, улстөржүүлээд, популизмдаад, төсвөө танана гээд. Эдийн засаг хямралтай байхад дахиад дээрээс нь хямраачихдаг. Тэлье гэхээрээ бас буруу тэлээд, хүн амьдардаггүй уул руу зам тавиад, ард түмний мөнгийг хэдэн арван тэрбумаар нь үргүй зарж байдаг. Зам барьж байгаа нь сайхан хэрэг. Замаар машин явахгүй бол тэрний хэрэг байхгүй биз дээ.

 

-УИХ-аар 2016 оны төсвийг хэлэлцэж байна. Ерөнхийдөө төсөвт бодлогын шинжтэй шинэчлэл байхгүй, хэлбэр хөөсөн шинжтэй байна гэж шүүмжлээд байгаа. Тэгвэл таны хувьд яг бодлогын шинжтэй шинэчлэл юу байж болох вэ?

-Миний ойлгож байгаагаар эрх барьж байгаа намууд Монгол Улсын ирэх таван жилийн төлөвлөгөөг гаргах ёстой. Жил болгон төсөв ярьдагаа болих хэрэгтэй. Таван жилээр нь төсвөө гаргаад, тэнд зарж байгаа нэг төгрөг бүрийг бүртгээд, нэг төгрөг бүр ирээдүйд 10 төгрөгийн үр ашиг авчрах, хөрөнгө оруулалтын зардлуудыг гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол жил болгон төсөв гаргаад, тийшээ ч зам барьчихъя, энд ч гүүр барьчихъя гээд. Сонгууль болох гэж байна. Тэр суманд байгаа сонгогч нартаа таалагдъя гээд зам, эсвэл театр барьдагаа болих хэрэгтэй. Сонгогдох гэж төсвийн зардлыг гаргадаг байж болохгүй. Бодлогоороо өрсөлдөх ёстой. Нөгөө талд сонгож байгаа сонгогч нар маань ч бас шаардлага тавих хэрэгтэй. Манай сум руу л зам татчихвал сонгоё гэж болохгүй. Энэ хандлага өөрөө тухайн сумын иргэдийн хувьд зөв байж болно. Гэхдээ улс орны эдийн засгийн чадавхийг доройтуулаад байна. Зам татах ёстой сум байгаа, бас зам татах ёсгүй ч сум бий. Улаанбаатар хотод ч бас ийм үргүй зардал гаргасан хөрөнгө оруулалтууд маш олон байна. 

 

Хөрөнгө оруулагчдын итгэлийг 8-хан минутад алдчихсан

 

-Та санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч байхдаа эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалтыг татах, долларын урсгалыг нэмэгдүүлэх талаар нэлээд ярьдаг байсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт буурсаар, ДНБ-ий 1 хувьтай тэнцээд эхэллээ. Энэ нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Хүний итгэлийг олоход 80 жил зарцуулж болно, түүнийг алдахад чамд 8 минут хангалттай гэж дэлхийн шилдэг хөрөнгө оруулагч Уорен Баффет хэлсэн байдаг. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалт, түншлэл, худалдаа, импорт, экспорт, олон улсын тавцанд өрсөлдөх бүх зүйл хүний итгэлцэл дээр явдаг. Итгэвэл тэд монгол хүнээс бүтээгдэхүүн авна, технологио бидэнд зээлдүүлнэ, манай улсад хөрөнгө оруулалт хийнэ, манай хөрөнгө оруулалтыг өөрийнхөө улсад хүлээж авна. Итгэхгүй бол ямар ч бизнес явагдахгүй. Энэ итгэлийг олж авах гэж бид маш олон жил зүтгээд, ёстой харин 8-хан минутын дотор алдчихлаа гэж би харж байгаа. Оюутолгой гэдэг орд 2004 онд зарлагдсан. Ийм төвшний орд дээр яаж ажиллах вэ гэдгээ бид 2005, 2006 онд шийдчих боломж байсан. Гэтэл бүхэл бүтэн 10 жил бид энэ ордоо ярьсаар л байна. Ингээд л итгэлийг алдчихсан. Энэ монгол хүмүүс учраа олдоггүй, эргэж буцдаг юм байна. Бодсон бодол нь байнга өөрчлөгддөг, улстөрчид нь шийдвэр гаргаж чаддаггүй юм байна гэж ойлгож байгаа юм. Үүн дээр нэг фактор нөлөөлсөн нь юу гэхээр сүүлийн хоёр, гурван жилд олон улсад хөгжиж байгаа улсуудаас мөнгөө татах үзэгдэл явсан. Үүн дээр нэмэгдээд Монгол Улсад хүмүүсийн итгэлийг алдах үйл явц явснаас болоод, өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт 40 дахин буурчихсан байна.

 

-Алдчихсан итгэлийг сэргээх найдлага харагдаж байна уу. Оюутолгойг ямар ч байсан хөдөлгөчихлөө?

-Сэргээж болно. Гэхдээ Оюутолгойг хөдлөнгүүт маш их мөнгө асгарч орж ирэх юм шиг зүйл зарим эдийн засагч нар ярьсан байна лээ. Тийм зүйл байхгүй. Тэгэхээр алдсан итгэлийг бид эргүүлж олж авахад дор хаяж 8 жил хэрэгтэй л гэж харж байна.

 

-Одоо гэтэл эсрэгээрээ “Гадаадын хөрөнгө оруулалтыг олон жил шүтлээ, одоо дотоодын нөөц бололцоондоо тулгуурлаад явъя” гэсэн зүйлийг ярьж эхэллээ?

-Эдийн засгийн хувьд боломжтой бол сайхан л мөрөөдөл. Эдийн засгийн хувьд боломжгүй. Яагаад гэвэл бид өнөөдөр долларын хомсдолд орчихсон байна. Бид дотооддоо юу хийж байгаа билээ дээ. Хаанаас доллар олж ирэх вэ. Жишээ нь ноолуурын шинэ үйлдвэр барья, эсвэл дараагийн шатанд гаргая гэвэл гадны хөрөнгө оруулалт л хэрэгтэй. Дотоодын үйлдвэрлэлдээ юм хийгээд, гадагшаа гаргая гэхэд гадны технологи хэрэгтэй. Хөрөнгө оруулалт гэхээр зөвхөн мөнгө биш, технологи бас байна шүү дээ. Технологи орж ирэхгүй бол уучлаарай, ямар ч бүтээгдэхүүн гарахгүй. Тийм учраас Монгол Улс хөгжихөд гадаадын хөрөнгө оруулалт бол зайлшгүй суурь нөхцөл болох ёстой гэдгийг нэгэн дуугаар ойлгох хэрэгтэй. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалтыг шүтээд, улс орны эдийн засгийн дархлаа, эрх чөлөөг алдталаа оруулж ирнэ гэсэн үг биш. Зөв газар нь зөв, цагт нь оруулж ирэх ёстой.

 

-Та ам.долларын хомсдолтой байна гэдгийг хэллээ. Үнэхээр ч сүүлийн жилүүдэд долларын ханш чангарсаар 2000 төгрөгт хүрсэн. Энэ ханш буурах ёстой, эсвэл тогтвортой байх ёстой гээд маргалдаж байгаа. Таны хувьд, Монгол шиг улсын хувьд ханш ер нь ямар төвшинд байвал зохилтой гэж боддог вэ?

-Монгол Улсад дотоодын валютын ханш бага зэрэг чангарч байх ёстой гэж би үздэг. Тэгж чангарахын тулд юу хийх ёстой вэ гэхээр манай улс экспортлогч улс байх ёстой. Тэгж байж л ханш чангарах нөхцөл бүрдэнэ. Юу экспортлох вэ гэдэг нь мэдээж дараагийн асуудал. Ер нь ханш цаашдаа сулрах магадлал байна. Яагаад гэхээр гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Гэхдээ үүний нөгөө талд гадаад худалдааны баланс маань харьцангуй тэнцвэржиж ирсэн учраас хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна гэж хэлж болно.

 

-Ярилцсанд баярлалаа.  

 

Л.Энхдэлгэр 


Нүүр хуудас