Тайваны ой тогтоолтын тэмцээнд монголын баг тэргүүллээ

2015-11-02 16:01:00


Өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөсөн Тайваны Ой тогтоолтын ОУ-ын нээлттэй тэмцээнд бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд 12 орны нийт 81 оюуны спортын тамирчид харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдөж оюун ухаанаа уралдууллаа.
 

Тус тэмцээнд манай улсыг төлөөлж Монголын Оюун ухааны академийн тамирчид ОУ-ын Их мастер Ө.Сэнгэсамдан, Их мастер С.Цогдбадрах, Өсвөрийн ОУ-ын аварга Т.Энхжин, ОУ-ын мастер А.Анударь, М.Төгөлдөр, Э.Ялгуун, Ш.Шижир-Од, М.Тамир нар, дасгалжуулагч Б.Баасандоржийн хамт амжилттай оролцон авах боломжит 70 медалийн 38 медаль буюу 20 алт, 4 мөнгө, 14 хүрэл медал хүртэж нийлбэр дүнгээр Монгол улс багаараа хол зөрүүтэй тэргүүллээ.
 

Үүнээс одоогоор өсвөрийн дэлхийн 17 дээд амжилтын 10-ыг нь эзэмшдэг Монголын тамирчид энэ удаагийн тэмцээнд авах боломжит 30 медалийн 19-ийг нь хүртэж дэлхийд номер нэг гэдгээ дахин баталлаа.

 


 

Нийлбэр дүнгээр нас насны ангилалын эхний гурван байрыг танилцуулбал:
 

Насанд хүрэгчдийн ангилалд:
1. ОУ-ын Их Мастер Simon Reinhard (Герман) 
2. Их Мастер Zheng Aiqing (Хятад) 
3. Их Мастер Yanjindulam Altansuh (Швед) 
4. ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан (Монгол)


Өсвөр насны ангилалд:
1. Enkhjin Tumur (Монгол) 
2. ОУ-ын Мастер Anudari Adiyasuren (Монгол) 
3. Yalguun Erdenebat (Монгол)


Бага насны ангилалд:
1. Tamir Mashbat (Монгол) 
2. Jan Jelo Juanir (Филиппин) 
3. Shijir-Od Shijirbaatar (Монгол)


Тус тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн Их мастер С.Цогбадрах тэмцээний хамгийн хүнд төрөл болох сонсголын ой тогтоолт шалгасан “Spoken Number” буюу “Дуут цифр” төрөлд өөрийн эзэмшиж байсан Дэлхийн дээд амжилт 390 цифрыг эвдэж 432 цифрээр шинэчлэн тогтоолоо.

Түүнчлэн өсвөр насны ангилалд ОУ-ын аварга Т.Энхжин “Олон багц хөзөр” төрөлд урьд өмнө нь Их мастер Э.Пүрэвжавын эзэмшиж байсан Дэлхийн дээд амжилтыг мөн шинэчиллээ.
 

Энэ тэмцээн нь 12 сард болох 24 дэх удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө явагдаж байгаа маш чухал тэмцээн юм.

Г.Даша


Нүүр хуудас