О.Дашбалбар агсны нэрэмжит яруу найргийн наадам айсуй

2015-10-30 11:53:03

 

Төрийн соёрхолт, яруу найрагч О.Дашбалбар агсны нэрэмжит “Эх орон, оюун санаа, яруу найраг” наадам энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Уг наадам нь нэрт яруу найрагчийн үзэл санаа, уран бүтээлийг өнөөгийн залууст таниулах, эх орноороо бахархах, хүн хүнээ хайрлах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой юм. Наадмын хүрээнд уран бүтээлийн тайлан тоглолт, эрдэм шинжилгээний хурал, уран уншлагын тэмцээн, яруу найргийн наадмыг Улаанбаатар хот болон төрсөн нутаг Сүхбаатар аймагт зохион байгуулж байсан билээ.

 

Наадмын таван жилийн ойтой холбогдуулан найргийн ертөнцөд авьяас чадвараа сорьсоор ирсэн үе үеийн уран бүтээлчид, сонирхон дурлагч хүн бүрт зориулан утга зохиолын үдэш, яруу найргийн наадмыг арваннэгдүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулах гэж байна.

 

Мөн энэ өдөр яруу найрагчийн шүлгийн гар бичмэл, уран зураг, ховор нандин гэрэл зургаас бүрдсэн үзэсгэлэнг толилуулах нь ээ.

 

“Эх орон, оюун санаа, яруу найраг” наадамд Монголын утга зохиолын шилдгүүд дурсамж яриа өрнүүлж, шүлэг найргийнхаа дээжээс өргөхөөс гадна О.Дашбалбар агсны алдартай шүлгүүдээр бүтсэн дуунуудыг гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Uvertura” хамтлаг зэрэг уран бүтээлчид амилуулах юм байна. Түүнчлэн Ардын жүжигчин П.Цэрэндагва Д.Мэндбаяр нар яруу найрагчийн шүлгүүдийг уншиж сонирхуулна гээд олон сайхан арга хэмжээг нэг дор үзэж болох нь ээ.

 

Г.Даша


Нүүр хуудас